НИЙГЭМНийгэм мэдээ

"Нөмрөг"-т учирсан хохирлыг тогтоох, нөхөн сэргэхэд Япон улс хамтрана

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохоор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас орон нутгийн байгаль орчны болон хууль сахиулах байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажиллуулж буй.

Шинжээчдийн багт байгаль орчны үнэлгээний мэргэжлийн холбоо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Экологийн цагдаагийн албаны төлөөлөл, түүнчлэн газарзүй, амьтан, ургамал, ой, биологи, агаарын чанар, эрсдэлийн менежмент, ойн түймрийн чиглэлээр мэргэшсэн судлаач, шинжээчид багтсан. Тус баг түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын цар хүрээ, нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, цаашдын нөхөн сэргээлтийн арга хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байгаа аж.

Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы нурууны баруун хэсэгт орших, Монгол орны зүүн бүсийн ой, ойт хээр, тал хээр, гол мөрний экосистемийг цогцоор нь хамгаалдаг, биологийн олон янз байдлын онцгой ач холбогдолтой газар юм. Анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2019 онд өргөтгөн нийт 587.7 мянган га талбайг хамруулсан бөгөөд 487 зүйлийн ургамал, 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас бүртгэгдсэн.

Түүнчлэн дорнын молцог хандгай, хүрэн баавгай, халиун буга, голын халиу зэрэг ховор амьтдын амьдрах орчин болдог тул түймрийн дараах нөхөн сэргээлтийг экосистемийн онцлог, биологийн олон янз байдлыг харгалзан төлөвлөх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх нар Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Дэвид Цүнакакэ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын биологийн олон янз байдал, экосистемийн хамгааллын ахлах зөвлөх, доктор Мотохиро Хасегава болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж, түймрийн хохирлыг үнэлэх, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.

Уулзалтаар түймрээс дайжин, өртөөгүй нутаг дэвсгэрт шилжин байрласан ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах, шаардлагатай биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх, түймэрт өртсөн экосистемийн нөхөн сэргэх боломжийг судлах, хохирлын үнэлгээнд тулгуурлан богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахад Японы талын мэргэжлийн болон техникийн дэмжлэгийг авах талаар ярилцав.Энэ үеэр доктор Мотохиро Хасегава АНУ-ын Йеллоустоун үндэсний паркт 1988 онд гарсан томоохон түймрийн дараах экосистемийн нөхөн сэргэлтийн судалгаанд оролцож байсан туршлагынхаа талаар мэдээлж, уг туршлагаас Нөмрөгийн нөхцөлд ашиглах боломжийн талаар Монголын мэргэжлийн байгууллага, судлаачидтай туршлага солилцохоор тохиролцжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button