Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг арваннэгдүгээр сарын 16-наас өмнө дуусгана

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 2026 оны аравдугаар сарын 8-наас16-ны өдрүүдэд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарч, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,9 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.
Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны төдийгүй Зүүн хойд Азийн хэмжээнд биологийн олон янз байдлын өндөр ач холбогдолтой бүс нутаг. Тус хамгаалалттай газарт 487 зүйл ургамал, 263 зүйл шувуу бүртгэгдсэн бөгөөд халиун буга, хандгай, хүрэн баавгай зэрэг ховор амьтдын чухал амьдрах орчин болдог. Иймээс энэхүү түймэр нь зөвхөн ургамлын бүрхэвч бус эко систем болон зэрлэг амьтдын амьдрах орчинд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлийг бий болгож байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар болон холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Одоогоор хохирол тогтоох ажлын хүрээнд 50 гаруй албан хаагч, эрдэмтэн, судлаач оролцсон хээрийн судалгааг зохион байгуулж дуусаад байна. Хиймэл дагуулын зураглал газар дээрх хэмжилт, дээжлэлт, лабораторийн шинжилгээнд тулгуурлан үнэлгээ хийж байна. Урьдчилсан үнэлгээний дүнг 2026 оны арваннэгдүгээр сарын 16-ны дотор гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.
Түүнчлэн түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөц, амьдрах орчинд өөрчлөлт үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа тул өвөлжилтийн хүндрэлийг даван туулах зорилгоор био техникийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд Нөмрөгийн дархан цаазат газарт 30 мянган боодол өвс, бэлтгэх, өвс тэжээлийн цэг байгуулах, шаардлагатай бүсүүдэд хүргэхээр тооцоо судалгааг гарган өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нөөц сангаас 629 сая төгрөгийн зардлыг гаргах шийдвэрийг гаргуулсан гэдгийг Ц.Сандаг-Очир сайд мэдээллээ.
Мөн түймрийн дараах нөхөн сэргээлтийн асуудлыг зөвхөн нэг удаагийн арга хэмжээ гэж үзэхгүй. Япон улс Жайка олон улсын байгууллага, байгаль хамгаалах холбоо зэрэг байгууллагуудтай хамтран эко системийн нөхөн сэргээлт биологийн олон янз байдлын хамгаалалт урт хугацааны мониторингийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Цаашид хохирлын үнэлгээг эцэслэн гаргаж цаашид авах арга хэмжээний богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил орчмын бүсийн түймрээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.