Үндэсний үсэглэлийн аваргаар М.Түвшинзаяа тодорлоо

Номадиа пикчерс, Боловсрол телевизийн хамтын бүтээл “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийн эхний улирлын аваргаар Соёмбо бага сургуулийн 5-р ангийн сурагч М.Түвшинзаяа тодорч аваргын цом, 10 сая төгрөгийн эзэн боллоо.
Нэвтрүүлгийн эхний дугаараас л үзэгчдийн хайрыг татсан бяцхан үсэглэгчид 38,000 үгтэй “Монгол хэлний зөв бичгийн дүрмийн журамласан толь”-ийг баримталж эргэлзээтэй хүнд үгсийг түүртэлгүй үсэглэж, ур чадвараа батлан харуулсан юм. “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэг эхлэхээс өмнө монгол хэлний зөв бичгийн дүрэм болон бичиг үсгийн асуудлууд тун маргаантай байснаас гадна энэхүү асуудлыг хөндөж дуугарах хэвлэл мэдээллийн хэрэгсэл ховор байв. Харин шоу цацагдсаны дараа энэ сэдвээр ярилцаж, шийдэлд хүрэх хэрэгтэй болсныг олон хүн эргэн санаж хэлэлцүүлэг нэвтрүүлгүүд ч ихээр хийгдсэн билээ. Энэ бол төслийг санаачлан хэрэгжүүлсэн баг хамт олон, нэвтрүүлэгт оролцсон сурагчдын хөдөлмөрийн үр дүн байсан юм.

“Оролцогчид маань үгсийг үсэглэхдээ шууд цээжлэхгүйгээр, түүний цаана буй утга, язгуур үндсийн гаргалгааг тогтоож байсан нь сайшаамаар байлаа” хэмээн төслийн багийнхан ярьлаа. Хоёр сар гаруйн хугацаанд үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан тэдгээр үсэглэгч хүүхдүүд бол Монголын залуу хойч үе эх хэлнийхээ өв сан, баялгийг хадгалан амжилттай сурч байгааг батлан харуулсан авьяаслаг сурагчид юм. 1000 гаруй сурагч бүртгүүлэн эхэлж байсан төслийн эхний улирлын есөн дугаар ийнхүү өндөрлөлөө. Харин дараагийн улирлын нэвтрүүлгийн бүртгэл ирэх наймдугаар сард эхлэх ажээ.
М. ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.