Орхон голд хоёр иргэн осолдож амиа алджээ

Орхон голд өчигдөр /2019.06.17/ хоёр иргэн живж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын Орхон голд 20-21 насны эрэгтэй Э, О нар нь голын усанд орж байхдаа осолдсон талаарх дуудлага тус аймгийн онцгой, цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу аврах багийнхан голын уснаас цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Дашрамд, энэ сарын 17-ны байдлаар зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт арван удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний ес нь том хүн, гурав нь хүүхэд байгаа юм.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.