ЦЕГ, Оюу Толгой компани, Мобиком Корпораци хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ

Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс орон нутгийн замд үйлдэгдэж байгаа осол, хэргээс урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” аяныг санаачлан, “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК-тай хамтран аяны хэрэгжилтийг хангаж, санхүүжүүлэх тухай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төслийг “Оюу толгой” компани болон Мобиком Корпораци ХХК хамтран 280 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд 2019 онд Монгол орон даяар замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулах нөлөөллийн аян зохион байгуулах юм.
“Оюу толгой” компани “Тэг осол зөрчил” уриан доор нэгдэн, аюулгүй ажиллагааг үнэт зүйл, тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг.
Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд явах замд хурд хэмжигч камер суурилуулна. Энэ орчмын замд хүмүүс хурд хэтрүүлэх нь түгээмэл байдаг бөгөөд нас баралтын хувь өндөр байсаар байна. Жишиг байдлаар иж бүрэн камер суурилуулснаар хурд хэтрүүлж, осол аваар гарах тохиолдол буурах юм. Монгол Улс 2020 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй амь нас алдах явдлыг 50% хүртэл бууруулах үүрэг амлалт авсан. Амлалтаа хэрэгжүүлэхэд энэхүү төсөл хувь нэмрээ оруулах юм.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.