ЭМЯ: Халдвар авсан иргэдийн дөрвийнх нь биеийн байдал дунд, нэг нь хүндэвтэр, Франц иргэнийх тогтвортой байна

ЭМЯ-аас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.
Энэ үеэр тус яамны Тандалт судалгаа, шуурхай албаны дарга Д.Нарангэрэл "Европын улс орнууд гадаадын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. БНХАУ анх удаа халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. ДЭМБ-аас халдварын эрсдэл дэлхий дахины хэмжээнд маш өндөр хэвээр байна. Сүүлийн 24 цагт Европын бүс нутагт шинэ халдварын тоо 10 мянга давлаа. Улс орнууд иргэдээ аль болох гадаадын орноор зорчихгүй байх, хүнтэй 2 метрээс доошгүй зайнаас харьцах, нэг дэлгүүрт иргэдийг хоёр хоёроор оруулах зэргээр арга хэмжээ авч байна” гэлээ.
Түүнчлэн иргэд амны хаалтыг орц, гудамжинд ихээр хаяж байна. Ингэж хаях нь байгал орчныг бохирдуулах, мөн вирусийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учраас хэрэглэсэн амны хаалтыг гялгар уутанд хийн, амыг боож хаях хэрэгтэйг анхаарууллаа.
ГХАХ-ын дарга Б.Янжмаа “ ДЭМБ-аас коронавирусийн эрсдэл маш өндөр хэвээр байна. Дэлхийн хэмжээнд нийт халдварын тохиолдол 191127 бүртгэгдсэн. Австралийн Холбооны Улсын Засгийн газраас олон улсын хөдөлгөөнийг хориглож, эрсдэлийн түвшинг дөрөв болгон нэмэгдүүлжээ. Канадын “Аir Саnada” нислэгүүдээ цуцалж буйгаа мэдэгдсэн байна. Герман Улс хилээ хаасан. Европ тивд Португаль улс онц байдал зарласан байна. Харин халдварын голомт болоод буй Итали Улсад нэг хоногийн дотор 42700 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 400-гаар нэмэгджээ. Испани, Франц улсуудад мянга мянгаар нэмэгдэж байна” гэсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ийн эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.
Тусгаарлан ажиглалтад 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос таван тохиолдол батлагдсан, дөрвөн тохиолдол сэжигтэй хэмээн ажиглагдаж байна. Өчигдөр Истанбул-Улаанбаатар чиглэлээр 252 хүн ирснээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт 22 хүнийг тусгаарлаад байна. Бусад иргэдийг Зүчи, Асралтмед, Бага баян эмнэлгүүдэд тусгаарласан. Мөн Тархи зүрхний эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлэгдэж байгаа, өчигдрийн нислэгээр ирээгүй. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байна.
Түүнчлэн түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа.Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ.Өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд коронавирусийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Халдвар илэрсэн зургаан иргэний дөрвийнх нь биеийн байдал дунд, нэгийнх нь хүндэвтэр байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа” гэсэн мэдээллийг өглөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.