Сибирийн түймрээс баавгай дайжиж орж ирэх боломжтой юу

Сүүлийн саруудад нэр бүхий хэд хэдэн аймгуудын нутгаар тэнэмэл баавгай үзэгдэх явдал ихсээд буй. Хамгийн анх Төв аймгийн нутаг, Цонжинболдог хавьд насанд хүрээгүй бага баавгай үзэгдсэн, үүний дараа Тужийн нарс орчмоор байн байн тэнэмэл баавгай явах болсон учир иргэдийг анхаарал болгоомжтой байхыг нутгийн холбогдох байгууллагуудаас анхааруулаад байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэртээ унтаж байсан аав, хүү хоёрыг мөн л тэнэмэл баавгай барьж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч, нутгийн Онцгой байдлын комисс хуралдан тус аймагт онцгой байдал тогтоогоод байгаа.
Харин нэг талд цахим орчинд эдгээр тэнэмэл баавгайнуудыг Сибирийн түймрээс дайжин орж ирсэн гэдэг байр суурийг баримтлах нь олонтаа байна. Мөн баавгайн төрөл зүйлийг "хар баавгай” хэмээлцэж буй.
Тэгвэл, мэргэжлийн хүнээс тодруулахад Сибирьт болон Монголын нутагт хар баавгай нутагладаггүй, харин хүрэн баавгай нутагладаг гэдгийг хэлж байна. Иймээс Сибирийн түймрээс хар баавгай орж ирсэн гэдэг нь юуны өмнө ташаа ойлголт болж байна. Бас үүний дараа Сибирийн түймэр нь Улаан-Үүд хотоос даруй 300 км гаруй цаана гарсан учир тэндээс Монголын хил рүү баавгай 1000 орчим км-ыг туулан орж ирнэ гэдэг боломжгүйтэй адил зүйл аж.
Нөгөөтэйгүүр Монголчууд сүүлийн арван жилд хушин ойн самрыг ихээр түүн худалдаалах болж, ихэнх хувийг нь урд хөрш рүү гаргадаг явдал ихэссэн. Эрдэмтэд баавгайнууд амьдардаг ойт хээрийн бүсээсээ гарч, идэш хайн өөр нутаг руу орж ирж буй явдлыг үүнтэй холбон тайлбарлаж байна. Ойд баавгайн идэш болдог хушны самар ховордох болсонтой энэ бүхэн холбоотой юу.
Ямартай ч логик үндэслэлийн хувьд Сибирийн түймрээс "хар” баавгай дайжин орж ирсэн гэдэг мэдээлэл худал байх боломж нь дийлэнх байна.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.