Улс төрийн мэдээ

Хаванагаас мэдээлж байна: Хөгжиж буй орнуудын G77 хуралдаанд манай улс инновацын агуулгаар оролцоно

Дэлхийн хөгжиж буй орнуудын “77 ба Хятад” бүлгийн хуралдаан Бүгд Найрамдах Куба улсын Хавана хотноо болж байна.

Eguur.mn сайтын сурвалжлах баг Хавана хотоос тус хуралдааныг сурвалжилж буй. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Эл хуралдаанд манай Ерөнхийлөгч Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвээрх дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаар байр сууриа илэрхийлэн, Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм.

Ташрамд, Бүгд Найрамдах Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гарын үсэг бүхий урилга илгээсэн. Энэ дагуу манай Ерөнхийлөгч есдүгээр сарын 14-ний өдөр (Кубийн цагаар) Хавана хотноо албан ёсны айлчлалаа эхлүүлж, Мигель Диаз-Канельтэй албан ёсны уулзалт хийсэн юм.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар хороогоор хэлэлцдэг тогтоолуудын 70 гаруй хувийг 77-гийн бүлэг санаачилдаг. Бүс нутаг, хөгжлийн түвшин, онцлог байдал зэргээс хамааран гишүүн орнууд бүлэг дотроо санал зөрөлддөг хэдий ч хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг асуудлаар НҮБ-ын хэмжээнд нэгдмэл байр сууриа хадгалж ажилладаг. Олон улсын эдийн засгийн холбогдолтой асуудлуудаар шийдвэр гаргахад хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, хөгжингүй орнуудаас хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг шаардах нь 77-гийн бүлгийн анхаарлын төвд байдаг. Даяаршил, харилцан хамаарал гүнзгийрэн, хөгжингүй орнуудын баримталж буй бодлого, үйл ажиллагаа нэгдмэл шинжтэй болж буй өнөө үед хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах 77-гийн бүлгийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. 

Монгол Улс нийтлэг асуудлаар эрх ашгаа хөгжиж буй орнуудтай хамтран хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах үүднээс 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг урагшлуулах, манай улсын санаачилсан тогтоолын төслүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн удаа дараагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулахад 77-гийн бүлгийн гишүүн орнууд дэмжлэг үзүүлж иржээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button