СПОРТ

Оны онцлох тамирчин: Найраагүй, допинггүй Улсын "арслан" Ц.Бямба-Отгон

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын гарьд Ц.Бямба-Отгон. Түүнийг зориуд ес даван түрүүлсэн хэмээн онцолсон учир нь улсын баяр наадмын есийн даваанд түүнтэй түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдсэн Улсын гарьд М.Бадарчаас допинг илэрсэн юм. Иймд Ц.Бямба-Отгоны давааг нөхөн олгож, түүнд Улсын арслан цолыг хүртээх болсон билээ.

Тэр төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ ес давж "түрүүлээгүй". Гэхдээ түүнд боломж байсан уу гэвэл байсан. Зүгээр л тэр өдрийн тэнгэр мэдсэн хэрэг болсон. Шагай орхих тоолонд дандаа морь буудаггүйтэй л адил. Харин цаг хугацаа түүний талд морь буулгасан.

Энэ утгаар Eguur агентлаг 2023 оны спортын салбарын онцлох дүрээр Улсын гарьд Ц.Бямба-Отгонг нэрлэж байна.

-Сумын наадмын дэвжээнээс улсын наадмын дэвжээнд хүрсэн Ц.Бямба-Отгон-

Ц.Бямба-Отгон анх 19 настайдаа гэр бүлийнхний хамт төрөлх нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадмыг үзэхээр очоод анх бөхийн дэвжээнээ зодогложээ. Тэрбээр нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд сумын начин, чөлөөт бөхийн дасгалжуулагчтай учраа таарч мөн л давсан байгаа юм. Ингээд эхний өдрийн барилдаан шувтарч наадмын хоёр дахь өдөр үргэлжлэх бөхийн барилдааны гурвын даваанд зодоглох эсэхийг аав нь асууж, түүнд аймгийнхаа захаас зодог шуудаг авч өгсөн гэдэг. Санаандгүй гэмээр энэ үйл явдал хоромхон зуурт болоод өнгөрсөн мэт боловч хүүгээ сайн бөх болоосой, ирээдүй байна хэмээн харж, битүүхэндээ итгэсэн эцэг хүний дотоод тээш мэдрэгдэнэ. Ингэж л энэ залуу хүсэл зориг, зорилгынхоо үзүүрээс атгажээ.

Тэр бусдын адил багаас хүчлэн шамдаж, хэн нэгэн алдар цолтой бөхөд шавь оролгүй нэлээд удаж. Түүнийг бөх болох гэсэн зөн, алсуураа үзээд алдана даа гэх далд хүсэл нь л торгоогоод байсан гэмээр. Учир нь тэрбээр 2017 он хүртэл буюу их сургуулиа төгсөтлөө жилд ердөө хоёр сар л бэлтгэлд гардаг байж. Ингээд 21 настайдаа сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртжээ. Үүнээс хойш нэг жилийн дараа их сургуулиа төгсөөд 22 настайдаа үндэсний бөхөд бүхнээ зориулахаар сэтгэл шулуудсан байна.

Эл үйл явдлаас хоёрхон жилийн дараа Ц.Бямба-Отгон 2019 онд Өвөрхангай аймгийн наадмаар аймгийн арслан Б.Баянмөнхөөр тав, аймгийн харцага О.Үйтүмэнгээр зургаа давж аймгийн харцага цол хүртжээ. Улмаар Б.Лхагвадоржид унаж үзүүрлэн, аймгийн заан цолонд хүрсэн. Ингээд зогсохгүй 2022 онд улсын цолтны эгнээнд багтсан билээ.

Тодруулбал, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын гурав болон тавын даваанд түүнийг нутгийн бөхчүүд нь дэмжсэн. Жишээлбэл гурвын даваанд улсын заан Т.Санчир, тавын даваанд улсын харцага Х.Гантулга нар амлан, гар амар давуулсан юм. Харин зургаагийн даваанд аймгийн заан Э.Батмагнайтай тунаж, тосгуулж хавирах мэхээр давсанаар улсын харцага цолонд хүрсэн.

Харин энэ жилийн улсын баяр наадмаар үнэнхүү хүчийг үзүүлж, наадамчин олноо баясган найм давж хэн гэдэг аавын хүү вэ гэдгээ батлан харуулсан. Наадмын өмнө ч түүнийг түрүү үзүүрт үлдэх магадлалтай бөхчүүдийн нэг хэмээн таамаг дэвшүүлсэн мэргэжлийнхэн болоод үндэсний бөх сонирхогчид байгаа зөв оносон юм. Тэр итгэлийг нь ч алдалгүй үүрээд гарсан.

-Но-гүй, Допинггүй, ирээдүйн аварга Ц.Бямба-Отгон-

Зөв явбал бурхан бүтээсэн бүхнээ шагнадаг гэдэг. Тэр хувь амьдралаараа ч энэ замналаараа ч аль альнаар нь хазайлгүй чигч шулуун алхалсаар өдий өндөрт иржээ. Мэдээж энэ хүртэл амар байгаагүй нь мэдээж. Гэсэн ч тэр чадсан. Ижий аавынхаа нэрийг нутаг усныхаа нэртэй хамтад нь өргөн дуудуулаад урагшилж байна. Түүний нэр найраанд ороогүй, допингд бүдрээгүй. Энэ хувь хүний асуудал мэт боловч улс тэр даяараа үздэг, сонирхон шимтдэг, үндэсний суурь дархлаа болж чаддаг их спортын түвшинд бол өөр асуудал болж хувирна. Учир нь энэ байдлыг өөртөө төлөвшүүлснээрээ бусад үндэстнээс ялгадаг үнэт зүйлээ хамгаалах, ёс жаягийг үл эвдэх, халдашгүй байдлыг бататгах зэрэг байдалд чухлаар нөлөөлж буй хэлбэр гэж харж болно.

-Өвөрхангай нутгаас 14 жилийн дараа улсын наадмын түрүү бөх тодров-

Өвөрхангай аймаг тэр дундаа Төгрөг нутгаас "аварга" төрөв. Энэ үйл явдлыг түүхэн гэж хэлж болно. Учир нь 14 жилийн дараа тус аймгаас улсын наадмын түрүү бөх тодорсон юм. Эл үйл явдлаас болон баяр наадмын өдрүүдэд бидний үнэт зүйл, ондоошил, нэгдмэл чанар чухам юу вэ гэдгийг харж болохоор байв. Товчхондоо бид үндэсний язгуур юм бүхнээ хайрлан хүндэтгэж, оройлон залж, биедээ нааж, сэтгэлдээ идээшүүлж чаддаг ийм л ард түмэн. Энэ бүхэндээ хамаатах зүйл бүртээ бид хүнийрхүү сэтгэлээр хандаж чи би, чиний миний, манай танай гэж өөр хоорондоо толхилцдоггүй гэдгийг тодотгох нь зүй. Учирлабал, улсын наадамд аль нутгаас түрүү бөх тодорсон эсэхээс үл хамаарч өөрийн нутгийн мэт хүндэтгэн хүлээн зөвшөөрч чаддаг онцлог бидэнд байсаар л байна. М.Бадарчийн түрүүг хурааж Ц.Бямба-Отгонд шилжүүлсэн ч тэд бидний хувьд хоёул улсын наадмын түрүү бөх хэвээр.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 27, 2023 11:33

Түрүүлсэн бөхөө допинг гээд буулгадаг жишиг тогтсон

Зочин
Зочин
12 сар 27, 2023 15:29

Badarchid hevtej baahan mongo avsniig ni bicheech ho

Холбоотой мэдээ

Back to top button