Рэвью: Тулаантай жүжиг, монгол Д’Артанъян!

“Шадар гурван цэрэг” физикл драмын гуравдугаар сарын 8-ны үзвэрт суулаа.
Театр олон байх тусмаа ялгардаг. Ялгарах хэрээр үзэгчид юуг хүлээхээ тодорхойлж чаддаг. Ингээд үзэгчид жанр, жанр луугаа явцгаадаг. Философийн, хүнд жүжгүүд рүү сонирхолтой тавилт, адал явдал хайгчид андуурч очихгүй л гэсэн үг. Эсвэл физикл драмаас заавал утга уянга, эсвэл элдэв том үзэл санаа эрж хайхгүй.
Ийм ялгарал манайд бий болж эхэлж байгаа. Хувийн театруудын эгнээнд өөрсдийн ялгарлаа тод зарласан нь “Про”. Тийм ч учраас, “Шадар гурван цэрэг”-ийг зорьсон үзэгч ямар нэг хүнд бодол, эргэцүүлэл ч юм уу олон нийт рүү хандан тавьсан асуулт, найруулагчийн эмзэглэл сэлттэй тулна гэж санаа зоволтгүй. Тэдний драм өөр юм.
Өмнө нь “Инээмтгий хүн”-ийг визуал драм болгосныг үзэх бахдам байлаа. Зохиолын үйл явдал, өрнөл хийгээд тайлал, гол мессежийг огт алдагдуулалгүйгээр бас юуг ч орхилгүйгээр тэд ажиллаж чадсан байв. Гол нь уйдах завгүй үзэгчид танхим дүүрэн догдолж байлаа. Цочирдож, гайхаж байсан.
Үлгэрийн, ид шидийн, сэтгэлгээний хэв хязгаарыг зад татсан хэллэгийг тэд тайзан дээр бий болгох ёстой. Энэ нь “Про” театрын үүсгэн байгуулагчид цөм ОХУ-ын Театр урлагийн академид хүүхэлдэйн театрын чиглэлээр суралцаж, төгссөнтэй холбоотой. Тэд хүүхэлдэйгээр “тоглодог” хүмүүс.
“Про” театрын тухай бас нэг онцлог дурдах ёстой. Тэр бол нэг тогтсон найруулагч бүх жүжгүүд дээр ордоггүй. Энэ удаад нэг нь найруулах бол дараагийн удаад тэр дүр бүтээнэ. Өмнө нь дүр бүтээсэн нь энэ удаа найруулна, эсвэл зураачаар ажиллана. Бүгд нэг нэгийгээ сорьж байгаа. Тийм учраас хэдий нэг театр ч өөр өөр найруулагчийн онцлог бас ажиглагдаад явдаг. “Инээмтгий хүн” дээр өөр, энэ удаад бас өөр найруулагч ажилласан шүү.
Энэ удаа Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” гэдэг сонгодог романыг тэд барьж авсан. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”-ийг драм болгохдоо бүдрээгүй учраас үүнд санаа зовоогүй. Тэдний энэ удаа ашиглах “хүүхэлдэй” нь илд сэлэм, тулалдаан, тэр үеийн Францыг санагдуулам өмсгөл хувцаслалт тэргүүтнүүд байх нь ой тойнд урьдчилан бууж байлаа.
Үнэхээр ч, тэд ялгарлаа алдаагүй байна. Тэд үүнийг яаж хийх ёстой, яг түүгээрээ хийх гэж оролджээ.
Шатрын хөлөг мэт тайз, түүн дээр олон талаараа эргэж, хувирдаг туслах тайзны хэрэглэгдэхүүн гээд өмнөх сэтгэлгээнүүд явж байна. Мөн хүүхэлдэйн театрт л ашиглагдах хөдөлгөөн болон өмсгөл, бусад хэрэглэгдэхүүнүүдээр чадмаг “тоглох” замаар утга санаа, үйл явдлыг илэрхийлэх арга замууд ч байна.
Жүжгийг энэ утгаар нь чимж буй гол зүйл бол илд болон тулалдаан. Илдгүй, тулалдаангүй “Шадар гурван цэрэг” гэж баймгүй. Тийм ч болохоор энэ зохиолыг “Про” театр л барьж авч чадах хамгийн өндөр магадлалтай. Нэлээд хэдэн тулааны үзэгдлийг тэд зориуд дэглэж, сайн давтжээ. Тулаантай жүжиг амьдралдаа үзсэн хүн цөөн байх шүү дээ.
Чингээд, утга санаа, уянга халил гэлгүй үйл явдлын сонирхолтой өрнөлүүд рүү үзэгчдийг татан оруулах нь тэдний зорилго байж таарна. Яах аргагүй “Шадар гурван цэрэг”-ийг уншсан ч, уншаагүй ч үзээд гарахад нэгд нэггүй ярьж чадах хэмжээнд ойлгуулахаар бас бэлтгэжээ. Энэ их төвөгтэй л дөө. Нэг талд залуу Д’Артанъяны хайр дурлал, адал явдал, тулаан тэмцэл гээд хөнгөндүү. Нөгөө талаас Франц, Английн дайн, улс төрийн таагүй харилцааны тухай түүхэн дэвсгэр энд өрнөж байдаг. Энэ дэвсгэр дээр шатар тоглож буй төрийн түшээдийн бодлого, арга ажиллагаа, ухаан зарсан үйлдлүүд өрнөдөг. Тулаан, адал явдал, хайр сэтгэлийн дэргэдүүр энэ л түүхэн дэвсгэр дээрх нюансыг өгүүлэх бас адармаатай.
Энэ тал дээрх өгүүлэмж л тодорхой бус, үзэгчдэд шадар гурван цэрэг болон Д’Артанъяныг тойрсон өгүүлэмж ойлгомжтой бууж, харин Ришелье хамба, Рошфор гүн, Францын хаан болон хатан хаан, Английн гүн Бекингэм нарын дунд болж буй үйл явдлууд жаахан төвөгтэй санагдсан байх талтай. Ер нь сүүлд хэн нь хамба бэ, хэн нь хаан бэ, хаан хаана байна вэ, Бекингэм гэдэг чинь хэн билээ гэж эргэцэн ярилцах үзэгчид эргэн тойронд байсан юм.
Зохиолыг уншсан хүмүүст ойлгомжтой байх нь мэдээж. Гэхдээ нэгэнтээ уншигчдад хүрсэн зохиолыг үзэгчдэд зориулж хийнэ гэдэг өмнөх уншсан туршлагад нь найдахын нэр биш. Энэ идей “Про” театрынхны хувилбараар дахин амилах ёстой. Тэр утгаар нь харвал эх зохиолын гол тулгуур багануудыг алдагдуулсан шинжүүд ганц нэг ажиглагдаж байна.
Хамгийн наад зах нь Ришелье хамбыг хорон санаатай, магадгүй хаан төрийнхөө эсрэг тэрсэлдэг, далд явуургатан гэж ойлгуулчих өндөр эрсдэлтэй байна. Угтаа Францын үе үеийн хаад эд мөнгөнд толгойгоо мэдүүлж, төр улсаа захирч авч явах чадамжгүйд хүрсэн байдаг. Харин жинхэнэ төрийн хар хайрцагны бодлого хамбын толгойд явдаг. Ришелье хамба бол түүхэнд нэр нь үлдсэн гарамгай стратегич, геополитик мэддэг, үндэсний эрх ашигт тулгуурласан бодлогыг чадамгай явуулдаг мэргэн зүтгэлтэн байсан. Яаж ч бодсон, хатан хаан нь дайсан Англи орны Бекингэм гүнтэй хайр сэтгэлийн холбоотой болно гэдэг нэн даруй таслан зогсоох шаардлагатай үйл явдал мөн. Ришелье эх орныхоо төлөө үйлддэг. Ийм ч болохоор А.Дюма “Шадар гурван цэрэг” төдийгүй түүний дараа дараагийн цуврал романууд болох “Хорин жилийн хойно”, “Бражелон бээл”-1, 2 зохиолууддаа Ришельег бараг гол дүрээ болгож, чухалчилсан байдаг.
Харин жүжиг үзсэн хүмүүс Ришельегийн энэ талыг заавал олж харах ёстой.
Хоёрт, Миледи Винтер дээр мөн дутуу дулимаг ажилласан харагдсан. “Шадар гурван цэрэг” дээрх бараг хамгийн их зөрчилтэй, хэчнээн муу талын баатар боловч буй байдлаараа уншигчийн хайр хүндэтгэлийг хүлээдэг, үхэхэд нь өмөрдөг, дээр нь адын гэмээр ховстон татагч гоо үзэсгэлэнтэй дүр л дээ. Жүжиг эхлэхэд л Миледи ер “баригдаагүй”. Бараг туслахын туслах дүр юм шиг ойлгомжгүй буусан. Энэ дүрийг сүүлд монологиор тодотгоогүй л байсан бол энэ бичвэрийг бичих шалтгаан дуусах байлаа. Хоёрдугаар хэсэг эхэлсний дараах Миледигийг монологи түүний дотоод зөрчлийг үзэгчдэд ойлгуулж, сая нэг санаа амарсан. Гэхдээ Миледи дотоод зөрчлөө торонд хориулж, бачимдан хашгирч илэрхийлэх хүн биш л дээ. Тэр үхлийн өмнө ч нүүр бардам байх эмэгтэй. Ерөнхийдөө найруулагчийн Миледи дээрх ажиллагаа дутсан байна. Харин жүжигчин өөрөө эмэгтэй хүний хувьд дүр дээр ажиллахдаа өөрт төрсөн эмзэглэлийн хүрээнд нэлээд хөдөлмөрлөсөн, өөрөөрөө илэрхийлэх гэж хичээсэн нь харагдлаа. Тийм ч болохоор зарим сайн жүжигчин дүрийг өөрийнхөөрөө тэрслээд бүтээчихдэг жишгээр, энэ Миледи бол жүжигчний чин сэтгэл, амжилт байв.
Гуравт, Атос, Портос, Арамис гурвын зан чанарын ялгарал бас ч сайн харагдсангүй. Энэ гурав бол идеал болсон дүр. Тэр утгаар, А.Дюма бээр бараг хаанаас нь ч хараад “Өө, энэ Атос байна. Энэ мэдээж Портос” гэж хуруу заан танимаар тодорхой ялгаралтайгаар дүрийг хөгжүүлж, мөнхөлсөн. Атос нь холч ухаантай, нууцлаг, чимээгүй, айхтар чамбай нэгэн. Түүн шигээ живэр сахалтай, туранхай цэгц биетэй хүн. Харин Портос бол хүч-булиа, уух дуртай, хамаа намаагүй үгтэй, дотроо эр хүн. Арамис бол хүүхэмсэг, өөрийн гүн сүсэгтэй, цэрэг армиас өөр салбарын юм их бодож, сонирхож явдаг, дотоод мэдрэмж өндөртэй шадар цэрэг. Дээр нь энэ гурав бол зүгээр нэг шадар цэрэг бас биш, хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, нэр алдарт хэдийнэ хүрсэн эрс ээ. Жүжигт бол Атосын биеийн хэлэмж тэр чигээрээ өөр санагдсан. Жүжигчин л өөрийн эр хүний болон залуу насны, нэг ёсондоо хувь хүний дотоод шаталтаар, бас харизм ч гэх үү имижээрээ ч гэх үү, Атосыг аваад гарчихсан. Тийм Атос байж болохыг үгүйсгэхгүй л дээ, орчин цагийн нүдээр. Портос яах вэ, дөхөж байна, гэхдээ арай даруу (Портос гэдэг франц нэрийг орос хэллэгээр Бартос гэж дуудаж бас болмооргүй. Эхний үеийн О-г А-гаар дуудах нь зөвхөн Орос хэлэнд). Арамисийн хүүхэмсэг зан чанарыг сайн илэрхийлсэн ч нэг тийм идэвхгүй, залхуу нь хүрсэн маягтай жүжиглэжээ, яагаад юм бол. Дээр нь, эхнээсээ хэрэг төвөг тариад л ДеТрэвилд загнуулж буй болохоор тэр гурав нэг хааш яаш, зүггүй хөвгүүд шиг харагдах тал байсан шүү.
Тэгээд ерөнхийд нь харвал, “Про” театр физикл хэллэгүүд дээрээ өшөө сайн ажиллах байсан шиг санагдсан. Дутуу, зүглүүлээд хаясан, тэгээд мартсан хэсгүүд цөөнгүй таарлаа. Яв цав ярсхийн хөдөлцгөөж, туслах хэрэглэлүүд цаанаасаа юм шигээр өө сэвгүй ажиллаж байж энэ хэллэгүүд сэтгэл дүүргэнэ. Юу гэмээр ч юм дээ, хөдөлгөөн зөрөөд л. Эсвэл шадар гурван цэрэг (Портос булиа хүн учраас бол тэгж болох юм) хөдөлгөөн их удаан, лазан, өндөр лүү харайж гарах, үсэрч буух мэтийн хөдөлгөөндөө хайнга хандаад байгаа нь. Мөн өөр нэг зүйл бол, текстээ хэн хэн нь сайн мэдэрч хэлэх шаардлага анзаарагдсан. Театрт тогтдог нэг гэмтэй хандлага бол зах замбараагүй хашгираан, “Ха ха!” гэсэн инээд зэрэг юм. Үүгээр текстийг зодвол санаа нь бүдгэрч, жүжигчний хандлагыг хойш татан, үзэгчдэд чихэнд чийртэй санагдах эрсдэлтэй.
Харин энэ жүжгийн хамгийн гол бадмаараг шигтгээ бол яах аргагүй жүжигчин Д.Самданпүрэв юм байна.
Тэр ямар бүтээлч, ажилдаа сэтгэлээсээ ханддаг жүжигчин юм бэ. Нүүрний хувирал бол олон жүжигчинд дутагдаж байсан элемент мөн. Гэтэл Д.Самданпүрэв Д’Артанъяныг бүтээхдээ бараг нэг ч үзэгдэлд өөрийгөө сул тавиагүй. Тэр омогшихдоо ч, уурлахдаа ч, хайрлаж дурлахдаа ч, эмгэнэн гашуудахдаа ч байх ёстой тэр янзаар нь жүжиглэж байлаа. Тэр яах аргагүй Д’Артанъян мөн байна. Өөр юу хүсэх билээ. Авсан дүр бүрээ сэтгэл шингээж амилуулдаг энэ залуу жүжигчний өмнө урт зам байна. Теле сериалын, эсвэл арилжааны киноны шүд дүүрэн инээсэн царайлаг залуугийн хэмжээнд царцаад үлдчих вий гэсэн харамлал байсан бол “Бэхэн зүрх”-ээс хойш тэр их сайн хөдөлмөрлөж байна. Хоолой нь ч, текстээ хэлж буй байдал нь ч барьер алдахгүй юм. Д.Самданпүрэв цаашид өөрийгөө аль болох тайзан дээр байлгаасай.
Бүхэлд нь харвал тэд залуу хүмүүс. Залуус зүг чигээ олохгүй, амар хялбар арга замыг эрэлхийлж, арилжааны хэв шинжиийг хөөчих талтай. Харин “Про” театр эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, золиост үл харамсан тайзан дээр л амьдрахыг сонгосон залуусаар дүүрэн. Тийм ч болохоор тэд ийм идэвхтэй, ийм үнэнчээр, бүтээлчээр ажилласаар байна. Сүүлийн жүжиг нь дөнгөж оны өмнө, шинэ жилээр тавигдсан гэхээр жаахан богино хугацаанд ажиллачихсан ч байх. Шүүс сайн шахаагүй, “За, энэ хэсэг ингэхэд яг болно” гэж шулуудаад явчихсан юм шиг хандлагууд бол харагдсан. Яг үнэндээ “Ингэж сэтгэх гэж”, “Үүнийг ингэж хийх гэж дээ” хэмээн уулга алдан гайхширмаар хэсэг бага байсан. Энэ бол “Инээмтгий хүн”-тэй харьцуулж харснаар бичигдсэн өгүүлбэр юм. Зарим үзэгдэл илүү сайжрах боломжтой байсан. Төгсгөл дээр ч бас хэт яарсан мэт. Хатан хаан, Бекингэм гүний дурлалын гашуун, егөөтэй, шархалмаар талыг бас сайн гаргах ёстой байсан.
Нөгөө талаар, зарим үзэгчдэд “Энэ бол физикл драм. Уянгын эсвэл эмгэнэлт жүжиг биш” гэж тайлбарламаар санагдсаар танхимаас гарсан. Хамгийн эхэнд дурдсан театрын ялгарал гэдэг юмыг бий болгож буйгаараа тэд гавьяатай. Одоо “Про” театр гэвэл “Инээмтгий хүн” шиг л гайхширна гэсэн хүлээлт нэгэнт үүсчихсэн. Тэр өндөр дүүжлүүр сэтгэлгээний эрх чөлөө, нэн бүтээлч байдлаа л алдвал энэ төрөл өөрөө оюутны бие даалтын жүжиг шиг болчих эрсдэлтэй биз дээ.
Дахиад зориглосонд, ийм бүтээлч байгаад нь баярлалаа. Үргэлж танай үзэгч байх болно.
Театрт хайртай монгол залуусын нандин нэгдэл, хэзээ ч уйдаахгүй хэллэг, үзэл санааг дахиад харъя гэвэл “Шадар гурван цэрэг”-ийн тасалбарыг яг одоо аваарай. Та тулаан дунд хайр, нөхөрлөл, улс төр, түүх гээд олон том сэдвийг нэг дор, толгой ажиллуулан “зоволгүйгээр” өөртөө авах болно. Мэдээж монгол Д’Артаньяныг алдвал л туйлын харамсалтай!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв харжээ. З�##�ууст амжилт хүсье.
Яг ингэж санагдсан. Сайхан бичсэн байна.
Ta nart harin ch zuulun handaj bichsen bn shuu. Hairlaj bichsen n medegdej bn. Dutuu zalhuursan yum zondoo bsn
Инээмтгий хүний найруулагч нь илүү авьяастай юм биш үү. Энэ дээр уйдсаан. Гэхдээ сайн тааруулж бичсэн байна. Рэвью бичсэн з�##�ууд бас баярл�##�аа
Сайхан шүүмж дүгнэлт үнэлэлт байлаа, үнэхээр мэргэжлийн юм байна. Энэ чиглэл с�##�бар бүрт хөгжих ёстой шүү.