"Болор цом"-ын эзэн А.Лхагва гэж хэн бэ, түүний бусад шүлгүүд

42 дахь удаагийн "Болор цом" яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 26-нд болж өндөрлөлөө. Өнөө жил Дундговь аймгийн гаралт яруу найрагч А.Лхагва болор цомыг өргөв. Тэрбээр шилдэг тавт тунаж үлдээд, "Морин хуурын хэл" шүлгээрээ тус наадамд түрүүлсэн юм.
Аюурбуньяагийн Лхагва нь Монголын Зохиолчдын эвлэл ба Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч юм. 1989 онд Дундговь аймагт нь орон нутгийн "Болор цом" наадам зохион байгуулагдахад "Толгодын шивнээ" шүлгээр тэргүүлж байжээ.
Тэрбээр хоёр шүлгийн түүвэртэй. 1994 онд "Соёолон морьдын тоос", түүнээс арван жилийн дараа "Сарны дарс" нэрт түүвэр тус тус эвлүүлсэн байна. Мөн 2002 онд МСНЭ-ээс "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдэг хүртсэн сэтгүүлч ч нэгэн юм.
А.Лхагва хоёр шүлгийн түүврээс гадна "Нутгийн хоймор", "Хурд хургасан уяа" зэрэг 20 орчим ном, баримтат кино бүтээлтэй.
Яруу найрагч А.Лхагвын бусад шүлгүүдээс сонирхуулъя.
Чамайг үзье
Сарны дор чамайгаа
Сархад мэт залгилж цангаагаа тайлъя
Хатаж үхэхээс наахнуур явсан сэтгэлийн
Хаана нь эхэлж гэгээ тусахыг харъя
Хар галтай нүдэнд чинь ямар од гэрэлтэхийг
Хаш цагаан шүдэнд чинь сарны гэрэл бүдгэрэхийг
Хаврын цэцэг намрын салхинд дурлахыг
Хаахна тэгээд үрээ унагаж хийсгэхийг
Зургар хөмсөгт хөөрхөн ааштад дурлуулж
Зургаараа зургий минь зурсан тэнгэрийн дор чамайг үзье
Хархан сормуус нь зүрх рүү яаж хатгахыг
Хатгуулсан зүрх өөрийг нь яаж өвтгөхийг үзье
Аньсан нүд аньсган цаанаа юу нуухыг
Ангайх ам, жимийх уруулыг үсэглэе
Гэзэг үс чинь өвс ногоотой ширэлдэхийг ацаглая
Гиншин чарлахдаа чиний тасадсан навчны судсыг барья
Ассан гал дээр ахиж гал асаан бадамлая
Алдалж хэвтсэн газрын чийгтэй ормыг тамгалъя
Хөхний чинь товчинд өндөгний хээ бүдрэхийг мэдэрье
Хөнжил биш, тэнгэр нөмөрснөө тийчиж сэрүүцье
Сул салхан хөлний чинь завсраар
Суман хээр өвс ганхан гунхан хөлчихийг харъя
Шилбэн дээгүүр чинь гүйсэн эр шоргоолжны баярыг
Шимийн юманд согтуурсан өндөр дэрстэй аргадъя
Зуны салхинаас өвлийн жаврыг үнэрлэе
Зуу наслах биш, энэхэн хормыг мөнхөлье
Тэнгэрт шинэ хүн олдох тэр л алтан агшинд
Газар дээр ганцхан чамтайгаа үхье
Аргагүй амрагийн нулимс
Гэнэт хажууд ирж
Гэгээн гуниг хөвсөлзүүлж
Гэргийн өрдсөн гал дундаас ч
Халуун хайраар цоргихдоо
Уйлна гэдгээ мэдээгүй
Хөх үүрээр зүүд эргэж
Хөнжлийн сэжүүрт алтан үрэл зангидаж
Хүнийх гэдгийг минь мэдсээр байж
Хүүхэд шиг эрхэлж дасахдаа
Уйлна гэдгээ мэдээгүй
Бүжин сарны гэрлийг сүлж
Бүсээн тайлсан тэр үдэш
Буйд хангайн тэрээхэн чөлөөнд
Бугын зуулт шиг өвс өндөлзөн байж урамдахад
Уйлна гэдгээ мэдээгүй
Буугаад мордохын хооронд
Бууриа сольсоор бодогдуулсан
Нуухын аргагүй нүгэлтэй ч
Нуух л нүгэлгүй амраг минь
Нуурлаад байгаа нулимсаа
Нуугаад ч яах юм билээ
Уйлаад ч яах юм билээ
Ээнэгшиж дассан ч гэлээ
Дагуулаад мордож болдоггүй
Элдүүр хатуу хорвоогийн
Хатуу хүтүү зөөлрөх биш
Нуурлаад байгаа нулимсаа
Нуугаад ч яах юм билээ
Уйлаад ч яах юм билээ
Өндгийг минь хайрсан нулимс нь
Өрцөн цаагуур үерлэн
Аргагүй амрагийн нулимс
Алганы минь хонхорт нуурлан
Судал бүхэнд нь нэвчиж
Судас бүхнээр минь цалгилж
Тэнгэрийн алтан төөрөгтэй
Тэрсэж, тэрслэн давалгаалж
Амьдралын минь төөргийг арилжин
Алганы минь хээг өөрчлөх нь ээ
Чамайгаа явна гэхээр
Нутаг ус эзгүйрч айлууд нүүгээд явчих шиг
Нуур цөөрөм эзгүйрч шувууд буцаад явчих шиг
Харамлаж хураасан аргал бороонд нэвт нороод
Хаанаас гал олохоо мэдэхгүй, гэртээ ганцаар жиндэх шиг
Чамайгаа явна гэхээр
Наадмын өмнөх өдөр адуугаа олохгүй байх шиг
Найр наадмын түрлэг дээр хуурын утас тасрах шиг
Хөхүүрт шуугих айраг дэмбээ манаргахаа болих шиг
Хүрэн толгойн сүүдэр хүүшлэхээ болиод удах шиг
Чамайгаа явна гэхээр
Хадаг сахиустай морь уяа аваад арилах шиг
Хайрхан тахилагат уулын овоо чулуу нурах шиг
Өвөрт орж эрхэлдэг тэнгэрийн гүнж саран
Өнгө зүсээ алдан надтай хамт гуних шиг
Чамайгаа явна гэхээр...
Бүсгүйчүүдэд зориулсан шүлгээс
Дарс мэт шөнөөр
Дарстай хамт залгилсан
Даль жигүүрийнх нь гэгээнд улам их согтсон
Далайн бүлээхэн давалгаанд улам бүр олзлуулсан
Алтан аялгуу сэтгэлд үүсгэж орхиод
Алтанхан аниртай үүрээр үүрээдээ чи ниссэн
Алсхан цэнхэр тайгад сүрэг цаа “үүрсэж”
Алтанхан эмээлтэй цаа намайг чиглэж дүүлсэн
Гал дотор гал асаад
Галын магнайд од асаад
Гуравдугаар сарын 10 ны лха түшигтэй өдөр
Гол мөрөн цөнгөө түрж наргүй байхад цас хайлаад
Марал мичид өдрөөр түгээд
Манай гэрийн гадаа гоо нэгэн зүр ирээд
Манхан шаргал элсэнд их далай уусаад
Маргааш ...нөгөөдөр бүхэн ийм л байх шиг санагдаад
Идэр залуугийн бадгууд алтан үсгээр бичигдмүй
Их л холын бүсгүй цээжний гүнд тодормуй
Их салхитай өдрүүд өдөр бүр тохиомуй
Инж буурал дэлхийд их хайр дэлгэрмүй
Далай далайн түрлэг
Дагий дагий гэмүй
Дархад Тосонгийн үдэш
Далдхан сэтгэлд гэрэлтмүй
Малх халхын талд цээж сэтгэл тэниймүй
Магнаг шаргал говьд хөх бороо хөлөлмүй
Манай танай цонхон дор тагтаа дандаа гөвтнөмүй
Магадын гэгээт багш дор адил хамтдаа залбирмуй
Аадар бороо асгасан тунгалаг өдөр шөнүүд
Ар араасаа хөвөрч саран наран ээлжилмүй
Аялгуут шүлэг ундарч гэрэл сүүдэр сүлэлдсэн
Алтанхан өдөр хоногууд ар араасаа цувармуй
Ар халхын нутагт далай далай цэлэлзмүй
Асар цэнхэр ууланд Цагаан-Уул дэлгэрмүй
Анирхан энэ нутагт хос загас наадмуй
Аяа л энэ өдөр хамтдаа найрлан жаргамуй
42 дахь удаагийн "Болор цом" хүртсэн түүний шүлэг, "Морин хуурын хэл"
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярна
Тэнгэрийг
Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туульсын их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг
Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Тальн хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансарыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Очер
Хөх толбо биш, Оор мэнгэ шүү.
Араггүй л мор
А