АВСТРАЛИЙН ТҮЙМЭР: Аврал эрсэн коала баавгайнаас машинтайгаа шатсан гал сөнөөгчид хүртэл

Амазоны түймрээс их хэмжээний талбайг хамарч, нийтдээ таван сарын турш тасралтгүй газар авсаар байгаа Австралийн түймрийн үргэлжилсэн процессийг эхнээс нь тоймлон хүргэж байна.
2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САР
2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр анх түймэр дэгдэв. Шинэ Өмнөд Вэльс мужийн хойд хэсэгт гарсан ойн түймрийг нэн даруйд нь дарж чадаагүйн улмаас аравдугаар сарыг хүртэл дамнан ноцож, хоёр хүний амь насыг авч одов.
Есдүгээр сарын 7 гэхэд түймэр суурин газар луу нэвтэрч, хэдэн зуун айлын байшин, орон сууцыг шатаав.
Есдүгээр сарын 8-нд, 86 жилийн турш байрандаа оршин тогтносон, түүхийн дурсгалт байгууламжид тооцогдох болсон Алтан Эрэг гэх харуулын шовгор шатаж үгүй болов.
Есдүгээр сарын 9-нд 7 сая паундын үнэтэй урлагийн бүтээлийн үзэсгэлэн шатах аюулд өртөөд байгаа тухай ярилцлага "Sun” сэтгүүлд нийтлэгдэж, мөн өдөр түймрээс зугтаж хүний гараас зүүгдсэн коала баавгайн бичлэг цахим орчинд байршив.



2019 ОНЫ АРАВДУГААР САР
Түймэр намжих бус улам газар аван тархав. Зарим гал Тасманийн талд хүрлээ. Шинэ Өмнөд Вэльсийн модны үйлдвэрүүд дампуурах эрсдэлд орсныг зарлав.
Аравдугаар сарын 30-нд нутгийн хэвлэлүүд 500 гаран коала баавгай амьдаараа шатаж үхсэн тухай мэдээлэв.



2019 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САР
Арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар Куинсланд хотод 49 мянган акр газар үнс болж, зургаан айлын газар шатав.
Сидней хотын удирдлагууд аюулд ороод буй тухай оршин суугчдад зарлаж, сэрэмжлүүлэг түгээж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 13-нд 600 милийн урттай "галан хана” бий болж Шинэ Өмнөд Вэльсээс Сиднейн зүг урагшлав.
Израйль Болау гэх рэгби од, түймрийг ижил хүйстний гэрлэлт болон үр хөндөлтөөс шалтгаалсан гэсэн байр суурийг илэрхийлж шар хэвлэлүүдийг хөдөлгөлөө.
Арваннэгдүгээр сарын 19-нд Сидней хотыг түймрийн утаа бүчлээ. Олон зуун хүн угаартаж хордсон, ухаан алдсан дуудлага өгөх болов.
Арваннэгдүгээр сарын 20-нд гал унтраах усан бөмбөлгийг хоёр байршилд онгоцноос унагах үйл ажиллагаа явагдлаа. Үр дүнд хүрсэнгүй.
Арваннэгдүгээр сарын сүүл гэхэд 1 сая 228 мянга 50 акр газар шатаж, үндэсний парк түймэрт өртөв. Хаашаа ч хөдөлж чадахгүй түймэрт бүслэгдсэн гэр бүлүүдийн улаарах тэнгэр лүү ширтэж буй зураг цахим орчинд байршив.



2019 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САР
Арванхоёрдугаар сарын 11-нд Онцгой Байдлын Газараас 724 айлын гэр, 1582 барилга, байгууламж шатсан гэх тоон мэдээллийг гаргалаа.
Арванхоёрдугаар сарын 19-нд гал сөнөөгчид галын машинтайгаа дэлбэрч, олон хүнийг айдаст автуулав. Мөн өдөр явган гал сөнөөгчид унасан модонд дарагдаж, амь насаа алдлаа.
Судлаачдын хэлснээр, коала баавгайнуудын амьдрах таатай орчны 30 хувь нь шатаж үгүй болов.


2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САР
Шинэ оны эхний өдөр Австраличууд нэг нэгэндээ орон байр, хоол усны тусламж үзүүлэх хөдөлгөөнийг хэдэн арваар нь санаачлан өрнүүлж эхэллээ.
Нэгдүгээр сарын 2-ны өдөр Шинэ Өмнөд Вэльсийн Онцгой Байдлын Газараас хоёр долоо хоногийн турш онцгой байдлын түгшүүр зарлав. Учир нь амь насанд хохирол учруулж болохуйц өндөр температур, агаарын бохирдол аюулын харанга дэлдээд байв.
Нэгдүгээр сарын 3-нд анхны том хэмжээний нүүлгэн шилжүүлэлт хийгдэж, ойролцоох арлуудын 1000 гарй хүмүүсийг аюулгүй газар аваачлаа. Нэгдүгээр сарын 4-ний байдлаар, Австраличууд нөхцөл байдлыг хяналтаас алдсан гэдгийг нутгийн хэвлэлүүд мэдээлж эхлэв.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.