Д.Сарангэрэл: Сүрьеэтэй сурагчдыг эмчлэх шаардлагатай эсэхийг хэлэлцэж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15 р сургуульд 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилж халдвар авсан тохиолдол бүртгэгджээ. Харин өнөөдөр /2019.06.18/өглөө Баянзүрх дүүргийн 97 р сургуульд сүрьеэгийн халдвар авсан 90 гаруй сурагчийг шинжилгээгээр илрүүлсэн аж. Түүнчлэн Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулын станцаар сүрьеэгийн сорил, шинжилгээ хийхэд зургаан сурагч сүрьеэгээр өвчилж , 200 гаруй сурагч халдвар авсан нь тогтоогдсон байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
“Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд хийж байгаа. Сүрьеэгийн эм хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэл байгаа бөгөөд зайлшгүй эмчлэх шаардлагатай эсэхийг ХӨСҮТ-д тавиад байна. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвартай гэх онош тавьсан. Эмчилгээний талаар эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгөх зорилгоор 15 дугаар сургууль дээр ХӨСҮТ-ийн эмч нар болон Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнууд ажиллаж байна" хэмээн мэдээллээ.
Харин Хан-Уул дүүрэгт гарсан тохиолдлын тухайд эцэг эхчүүд "Сүрьеэгийн халдвартай багшаас нь дамжин халдварласан" хэмээн үзэж байгаа ажээ. Тодруулбал, тус сургуулийн нэг багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвчилж байсан гэнэ.
Энэ тухай сургуулийн төлөөллөөс тодруулахад, "Манай сургуулийн багш сүрьеэ өвчнөөр өвчилсөн нь үнэн. Гэхдээ энэ бүр 2017 онд сүрьеэгээр өвчлөөд эмчилгээгээ хийлгээд эдгэрсэн.Бид ХӨСҮТ-өөс энэ багш бүрэн эдгэрсэн тул одоо ажилдаа орж болно гэх хариулт авсны үндсэн дээр тухайн багшийг ажилд авсан” хэмээсэн юм.
С.ХОНГОРЗУЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.