Захидал: Ээжий тань ингэ, ботгоо эвэлгэж саагаад сайн сууж байгаа

Яруу найрагч О.Цэнд-Аюуш яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсанд зориулан бичсэн захидлаа нүүр номдоо нийтэлснийг хүргэж байна.
ДИВААЖИНД СУУГАА АХДАА БИЧСЭН ЗАХИА
Сайн байна уу? Хайрт ах минь. Хорвоогийн шар нар, бор хоног ээлжилсээр нэг л мэдэхнээ танигүй нэг жил амьдарчээ бид. Энэ хооронд яахав дээ, элэг эмтэрч, сэтгэл сэмэрч эрхэм ах таныг үе, үе үерийн ус шиг санажээ, одоо ч санасаар, өнөөдөр бүр их санаж байна. Таны хөвгүүд, балчир охин цөм сайн. Том Уулаа Дорноговьд сайн ажиллаж байна, дунд Уул анагаахын сургуульдаа сайн сурч байгаа, бага Уул дунд сургуулиа ирэх жил төгсөнө, охин тань цэцэрлэгтэй жирийж байгаа. Бага Уулыг бид ямар мэргэжилээр, аль сургуульд суралцах талаар ярилцаж байна. Ээжий тань сайн байгаа. Бүү санаа зовоорой. Өнгөрсөн өвөл өнөтэй сайхан болж, одоо танай нутагт өвс ногоо дэлгэрч зунжаа сайхан байна. Ээжий тань ингэ, ботгоо эвэлгэж саагаад сайн сууж байгаа.
Номын хэдэн дүү нар чинь тус тусынхаа ажлыг хийгээд өөр өөрсдийнхөө байшинг бариад аж төрж байна. Тэгэхдээ ахын хэлсэн үг бүрийг алдалгүй санаж, хамгийн гол нь Монголын уран зохиолын их ачааг үүрээрэй гэдэг захиасыг тань зүрхэндээ сонсож явна. Та бидний мөр зэрэгцэн ажиллаж байсан Монголын Радио энэ жил 85 жилийн нас сүүдэр зооглож байна. Бид ирэх намар таны гурван ботийг хэвлүүлэхээр бэлтгэж байгаа. Тэгэхдээ таны яруу найргийн нэг боть, таны сэтгүүл зүйн нэг боть, дурсамжийн нэг ботийг хэвлүүлэхээр ажиллаж байна. Дээр нь би Том Уулыг танд магтмаар байна. Үнэхээр мундаг хүү шүү. Арлааны Эрдэнэ-Очир гэж сайхан сан байгуулсан. Бид өнгөрсөн өвөл Хамрын хийдээс Улаанбадрах хүртэл номын жин тээсэн дээ. Та хамт явсан байх. Гэх мэтээр үйл ажиллагааг нь сайн авч явж байна.
Та хэлдэг байсан даа. Сайн хүүхдүүдтэй бол цаашаа уран бүтээлээрэй амьдрана гэж... Та сайн хөвгүүдтэй сайн эцэг шүү. Ах нар уран бүтээлэй туурвиж байгаа байх. Ойрд бид цуглаж, бужигнасангүй. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд янз бүрийн л үйл явдал боллоо. Сониноос Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 насны ой сайхан болж, таны төлөвлөж байсан ажлуудыг ах нар сайхан бүтээсэн. Гэм нь танихгүй зохиолчид л олон байсан. Тэд хаанаас гараад ирсэн юм бэ? бүү мэд. Ахаа та бас үнэний мөнгөн толь байжээ. Би үүнийг тань мэддэг л байсан л даа. Гэхдээ таныг явсны дараагаас зарим хүмүүсийн мөн чанарыг ойлгоод л байгаа. Заа энэ ч яахав, та угаасаа иймэрхүү ярианд дуртай биш байсан. Гэхдээ та бид хоёр хааяадаа цөөхөн үгээр ярьчихдаг байсныг санаж байна уу? Миний бүтээл давгүй ээ. Хичээж байна ахаа. Гэвч та хичээх бас биш гэдэг байсан даа. Ер нь та их ховор хүн байжээ. Нүүрэн дээр тань би ийм үг ёстой хэлж байгаагүй арван хэдэн жил хамт явсан байна. Харин таныг салья гэж салаагүй салаа замын эрхээр салсны дараа би үүнийг их мэдэрч байна.
Ахаа энэ хорвоо дээр чинь эр хүн шиг эр хүн ховор юм байна шүү. Гэлээ ч таны минь сайхан сэтгэл, тэр нэг эр хүнд, хүнд баймгүй сайхан сэтгэл бид нарт үлдсэн байгаасай, үлдсэн байхаа гэж найдаж байна. Бас нэг сониныг бичихэд удахгүй Б.Лхагвасүрэн ахын ботиуд хэвлэгдэх гэж байна. Бид их хүлээж байна. Би эхийг нь харсан. Даанч сайхан шүлгүүд байна лээ. Л.Хасар ах өдөр шөнөгүй аавынхаа номон дээр сууж байгаа. Би цаатахад чинь хэлээд л байгаа. Бие бодоорой, ядарчихав гээд л. Цог сэтгүүлийн гурвын хоёр нь нэгэндээ анхаарал тавихгүй бол болохгүй. Бас П.Бадарч ахын Төрийн шагналын хүндэтгэлийн үдэш болсон. Өвгөн ах минь их л баяртай байна лээ хөөрхий минь. Бие нь сайн байгаа. Ахаа та радиогоо сонсдог уу? би бодохдоо Монголын радиог диваажинд сонсогддог гэж санах юм. Яагаад гэвэл агаараар дамжиж эх орныхоо өнцөг булан бүрт хүрдэг болохоор дээшээ ч бас сонсогддог байж магадгүй. Тийм болохоор Радиогоо сайн сонсоорой...
Ахаа би таныг их санаж байна. Гэвч бид хичээнээ. Бид таны сайн дүү нар, сайн шавь нар гэдгээ батлах болно. Ахаа та удахгүй эргэж ирээрэй. Бас тэнгэрт байгаа ах нарт мэнд хүргээрэй. Наашаа битгий санаа зовоорой.
ДИВААЖИНД СУУГАА АХ АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИРТ ДЭЛХИЙД СУУГАА ДҮҮ ОЮУНЦЭЦЭГИЙН ЦЭНД-АЮУШААС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.