НийгмийнЯрилцлага

Ч.Чимэдбат: Тандагч багаж хэрэглэхээ больсон ч согтуу жолоочийг илрүүлэх боломжгүй гэсэн үг биш

Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан иргэд болон сошиал орчинд Цагдаа нар согтуурлын зэрэг шалгах багаж хэрэглэхээ больсон тул жолоочийн согтуурал болон согтолтын хэмжээг мэдэх боломжгүйхэмээх ташаа мэдээллүүд түгэх болсон. Тэрхүү ташаа мэдээллээс болсон уу гэлтэй, сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас автын осолд орох, цаашлаад эрдэнэт хүний амь хохирсон хэргүүд шил шилээ даган гарсаар байна. Бид үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНООС БОЛЖ ДӨРВӨН САРЫН ХУГАЦААНД 14 ХҮН НАС БАРЖ, 45 ХҮН ГЭМТСЭН

-Цагдаа нар согтуурлын зэргийг хэмжигч багаж ашиглахаа больсон тул согтуу жолоочийг илрүүлэх боломжгүй гэх андуу ойлголт сүүлийн үед иргэдийн дунд яригдах болж. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Цагдаагийн байгууллагад согтуурлын зэрэг хэмждэг хоёр төрлийн багаж бий. “Драгер” болон “Тандагч” гэдэг багаж юм л даа. Иргэд энэ хоёр багажийг адилхан гэж андуу боддог. Гэвч нэг нь жолоочийг согтуу эсэхийг түргэн хугацаанд оношилдог мэдрэг багаж, нөгөө нь согтуурлын төвшинг нь заадаг юм. Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан согтуурлыг түргэн хугацаанд оношлох “Тандагч” гэдэг багажийг ашиглахаа больсон. Тандагч багаж нь согтуу жолоочийг 3-4 секундэд илрүүлдэг.

Гэвч согтуурлын төвшин шалгах “Драгер” багажийг хэрэглэсээр байгаа. Магадгүй иргэд үүнийг хооронд нь ялгахгүйгээс болж, ийнхүү ташаа ойлгоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэссэн болов уу. Хэдий тийм ч бид цагдаагийн тусгай техникийн дагуу согтуу жолоочийг илрүүлж, зөрчлийг даруй арилгаж байна.

Жолоочийг согтуу эсэхийг түргэн хугацаанд шалгах “Тандагч” багаж

-Он гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэдэн хэрэг бүртгэгдсэн бэ?

-Нийслэлийн хэмжээнд он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7798 орчим хэрэг бүртгэгдсэн. Дээрх бүртгэгдсэн хэргийг цагдаагийн алба хаагчдид гудамж, талбайн хяналт шалгалтын үеэр илрүүлсэн юм. Эдгээрээр 1560 орчим жолооч шүүхээр орж, баривчлагдсан байна. Тэгэхээр хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20-30 зөрчлийг алба хаагчид илрүүлж байгаа гэсэн үг юм. Уг бүртгэл нь өмнөх жилийнхтэй харьцуулбал ихэссэн гэж харагдаж байна. Яагаад гэвэл илрүүлэлт нь сайжирсан учраас энэ үзүүлэлт ихэссэн гэж харагдана. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж эхний дөрвөн сарын байдлаар 14 хүн нас барж, 45 хүн бэртсэн байна.

-Тандагч багажийг хэрэглэхээ больсон гэлээ. Тэгэхээр цагдаагийн алба хаагчид ямар багажаар согтуу жолоочийг илрүүлж байна вэ?

-Тандагч багажийг хэрэглэхээ больсон тухай мэдээлэл гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэссэн. Үүнтэй холбогдуулан, жолооч нарт хандаад хэлэхэд тандагч багажийг хэрэглэхээ больсон гээд согтуу жолоочийг илрүүлж чадахгүй гэсэн үг биш. Драгер багажаар шалгаж байгаа гэдгийг хэлье. Одоогоор цагдаагаас Герман улсад үйлдвэрлэгдсэн “Драгер алко тест 7510” согтуурлын зэрэг тогтоох багажийг хэрэглэж байгаа. Тус багажийг үлээлгэхдээ жолооч бүрд лацтай шинэ хошууг нэг удаа хэрэглэж, ажиллаж байна.

ТАНДАГЧ БАГАЖИЙГ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬСОН ГЭЭД СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

-Алба хаагчдын шалгалтаар согтуу жолооч нар ихэвчлэн ямар нөхцөл байдалтай байдаг вэ?

-Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан иргэд гэр болон автомашин дотроо архидан согтуурах үзэгдэл их гарч байна. Замын хашлагын хажууд автомашинаа зогсоогоод дотор нь архидан согтуурч буй олон зөрчлийг илрүүлсэн. Мөн өдрийн цагаар бага насны хүүхдийг жолоочийн хажуугийн суудалд суулгаад согтуугаар жолоо барьж буй жолооч нар олон байна. Тэднээс яагаад согтуугаар жолоо барьсныг асуухад ихэнх нь дуудлагын жолооч дуудсан боловч, ирээгүй хэмээх хариултыг өгч байна. Өнгөрсөн жилийн хувьд 34 мянган согтуу жолоочийг хяналт шалгалтаар илрүүлсэн. Үүнээс 6000 орчим нь согтуу эмэгтэй жолооч байсан. Харамсалтай нь тэдний 2500 орчим нь давтан үйлдэл дээрээ баригдаж, зөрчлийг арилгуулсан байгаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бага насны хүүхэд хохирсон уу, сүүлд хэвлэлээр мэдээлэгдсэн бага насны хүүхэд автомашинаас унасан болон мөргүүлсэн хэргүүд согтуу жолоочоос болсон уу?

-Тус хэргүүд нь согтуу жолоочоос бус цэвэр жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, мөн тээврийн хэрэгсэл жолоодох үеийн аюулгүй ажиллагааг дагаж мөрдөөгүйгээс болсон. Түүнчлэн бага насны хүүхдийг зориулалтын бус, буруу тээвэрлэсэнтэй холбоотой.

-Иргэд болон жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр өнгөрсөн амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгдсэн.

Иймд нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя. Мөн замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button