ДЭЛХИЙСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ЭДИЙН ЗАСАГЧИД: БНХАУ-ын экспорт өсөх хандлагатай ч импорт нь буурсаар байна

Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдэгдсэн. Мөн оны эхний улиралд нийт үйлдвэрлэл нь 8.4 хувь, хөрөнгө оруулалт 16.1 хувь, жижиглэн худалдаа 19 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

ӨНГӨРӨГЧ ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРТАЙ ХАРЬЦУУЛАХАД ЭКСПОРТ 3.5 ХУВИАР ӨССӨН

Бээжингийн эрх баригчид дөрөвдүгээр сарын дунд үеэс улсын хэмжээнд хөл хориог үе шаттай сулруулж, бизнес, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сэргээж эхэлсэн. Ийнхүү Хятадын экспорт 2020 оны дөрөвдүгээр сард өнгөрөгч онтой харьцуулахад 3.5 хувиар өссөн байна. Энэ нь 2019 оны арванхоёрдугаар сараас хойш урд хөршийн экспортод гарч буй анхны эерэг үзүүлэлт юм. 

Харин Ройтерс агентлагийн судалгаанд БНХАУ-ын экспорт 2020 оны эхний улиралд 15.7 хувь буурсан. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 6.6 хувиар буурсан гэж бичжээ.  

Шанхайд төвтэй хөрөнгийн менежментийн “Hwaobao Trust” компанийн эдийн засагч Нэе Вэн энэ талаар “Цар тахал нь дэлхийн хэмжээнд зөвхөн эрэлтийг бууруулаад зогсохгүй, үйлдвэрлэлд томоохон цочрол үзүүлсэн. Бээжингийн эрх баригчид хөл хориог үе шаттай сулруулж байгаа ч үйлдвэрлэлийн зарим хязгаарлалт үргэлжилсэн хэвээр. Экспорт тавдугаар сард ч гэсэн өсөлттэй гарах байх. Гэвч гадаад эрэлт буурч байгаа явдалд анхаарах шаардлагатай” гэжээ.

Дэлхийн хамгийн том экспортлогч орон болох БНХАУ өнгөрсөн онд нийт 2.5 их наяд ам.долларын экспорт хийжээ. Олон улсын худалдааны төвийн тайланд дурдсанаар тус улс нь 2018 онд дэлхийн нийт экспортын 13 хувийг дангаараа бүрдүүлж байв. Хятадын нийт экспортын 49 хувь нь Азийн орнуудын, 20.1 хувь нь Хойд Америкийн, 19.9 хувь нь Европын зах зээлд хамаардаг.

ИРЭХ САРУУДАД ХЯТАДЫН ЭКСПОРТ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Азийн орнуудад халдварын нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа тул Хятадын экспорт ирэх саруудад өссөн үзүүлэлттэй байх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Гэсэн ч  тус улс нийт экспортын 65.9 хувь нь томоохон эдийн засагтай ердөө 15 улсад хамаардаг байна. Хятадын нийт экспортын хамгийн том буюу 16.8 хувийг эзэлдэг АНУ бизнесийн үйл ажиллагааг сэргээх талаар эрчимтэй ярьж байгаа ч хилээ нээх асуудлыг огт дурдахгүй байгаа юм.

Харин БНХАУ-ын импортын хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 14.2 хувиар буурчээ. Энэ нь 2016 оны нэгдүгээр сараас хойших хамгийн муу үзүүлэлт юм. Эдийн засагчдын хувьд Хятадын импорт ийнхүү буурсан явдлыг дотоодын эрэлт суларч, түүхий эдийн үнэ буурсан, импортлогч орнууд хилээ хаасан зэрэгтэй холбон тайлбарлажээ. Ингэснээр 2020 онд Хятадын худалдааны ашиг 45.34 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эдийн засгийн судалгааны “Oxford Economics” төвийн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэргэжилтэн Луис Куижс “Засгийн газрууд эхний улирлын алдагдлаа нөхөхийн тулд импортыг эрс нэмэгдүүлсэн явдал нь Хятадын экспорт өсөх гол шалтгаан болсон. Гэхдээ судалгаанд 2020 оны хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засаг өсөх таамаг дэвшүүлж байгаа ч Хятадын томоохон худалдааны түншүүдэд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа нь ойрын хугацаанд тус улсын экспортын захиалгыг эрс бууруулах эрсдэлтэй” гэж үзжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button