ЯРИЛЦЛАГА

БНСУ-д буй Э.Нямцэрэн: Таван хүүхэд дээрээ очиж чадахгүй 4 сар боллоо, бидэнд туслаач

Хөл хорионы улмаас БНСУ-д гацсан, тодорхой нөхцөл байдлын улмаас санал нэгдсэн хэсэг иргэд Улсын онцгой комиссын Шуурхай штабт хүсэлт гаргажээ.

Хүсэлтэд.

Коронавирус дэлхий даяар тархсантай холбогдуулан БНСУ-д богино хугацаагаар эмчилгээ болон албан ажил, сургалт, аялал гэх зэрэг шалтгаанаар 0-12 насны хүүхдүүдээ гэртээ үлдээж ирээд Монгол улсын хилийн хоригийн улмаас эх орон, гэр бүл, үр хүүхдүүд рүүгээ буцах боломжгүй байгаа эцэг эх, гэр бүлийн хүмүүс нэгдэн уг хүсэлтийг хүргүүлж байна.

Цар тахал дэлхий даяар эрчимтэй тархаж буй эрсдэлтэй энэ цаг үед бага насны хүүхдүүдээ асран хамгаалж дэргэд нь байж чадахгүй байгаадаа бид маш ихээр сэтгэл зовж байна. Монгол буцах нислэгт УОК-оос заасан таван шаардлагыг хангаж байгаа иргэд хамрагдаж байгаа боловч үүнээс гадна зайлшгүй хүндэтгэх шалтгаантай (0-12 насны хүүхдүүдээ монголд үлдээсэн) байгаа 200 гаруй иргэд эх орноосоо тусламж хүсэж, тус заалтын утгад өөрчлөлт оруулахыг шаардаж байна” гэжээ. 

Тус хүсэлтийг өгсөн иргэн Т.Долгорсүрэн “Би гуравдугаар сарын 15-нд Сөүлээс анхны чартер нислэгээр эх орондоо  ирсэн. Эрүүл мэндийн шалтгаан, 0-14 насны гурван хүүхэдтэй хүүхэдтэй гэсэн шалтгаанаар би анхны чартер нислэгт багтсан юм. 21 хоног тусгаарлагдаад 14 хоног гэртээ мөн тусгаарлагдсан. Энэ хугацаандаа БНСУ-д байгаа ээжүүдтэй холбогдсон. Тэнд 0-12 настай хүүхэдтэйгээ хамт яваа эцэг, эхчүүд цөөхөн байгаа. Харин хүүхдүүдээ Монголд үлдээгээд явсан эцэг эхчүүд олон бий.

Тэдний хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахгүй, эмээ, өвөө, хамаатныдаа амьдарч байна. Тухайн хүүхдүүд ээж, аавыгаа санаж орондоо шээж, хоолноос гарах гэх мэт сөрөг шинж тэмдгүүд илэрч байна. Үүнээс гадна хүүхдийг нь харах хүнгүй хэцүү байна гэсэн гомдлууд их ирж байгаа. Иймд би хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэн Ерөнхийлөгч, Засгийн газар, УОК-т удаа дараа хүсэлт гаргасан. Ийнхүү тавдугаар сарын 6-8-нд тус бүрд нь хоёр удаа, нийт зургаан удаа хүсэлт гаргахад одоог хүртэл ямар ч хариу ирсэнгүй. Тус өргөдөлд 0-12 настай хүүхэдтэй яваа эцэг, эхийг чартер нислэгээр авахаас гадна 0-14 настай хүүхэд нь монголд үлдсэн эцэг, эхчүүдийг нэн яаралтай авч ирэхийг хүссэн.

БНСУ-д эх орондоо ирэх хүсэлт гаргасан 3600 орчим иргэн байгаа. Тэднээс монголд хүүхдүүдээ үлдээгээд БНСУ-д гацчихсан байгаа 210 ээж өргөдөл гаргасан. Би БНСУ-д байгаа ээжүүдээ төлөөлөн энэ олон хүүхдийн эрхийн төлөө тэмцэж байна. Хэрвээ шийдвэртэй алхам хийгдэхгүй бол Монгол улсын  иргэн ээж хүний үүднээс зургаадугаар сарын нэгэн буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ганцаарчилсан тайван суулт жагсаал хийнэ” гэсэн юм.

-БОЛОМЖ ОЛДВОЛ НИСЛЭГТ ХАМРАГДАЖ, ХУРДХАН Л ХҮҮХДҮҮД ДЭЭРЭЭ ОЧМООР БАЙНА-

Бид эдгээр 210 ээжүүдийн нэг, таван хүүхдээ монголд үлдээгээд БНСУ-д гацчихсан байгаа иргэнтэй холбогдсон юм. Иргэн Э.Нямцэрэнтэй нөхцөл байдал ямар байгаа талаар цахимаар хэсэг хором ийн ярилцлаа.

-Та хэзээ, ямар шалтгаанаар БНСУ-ыг зорив?

-Би нэгдүгээр сарын 15-нд ээжийгээ асрахаар БНСУ-ыг зорьсон. Ээж минь гараа хугалчихсан, гам барих шаардлагатай байсан. Ээж маань эндэхийн иргэн юм л даа. Тэгээд ээжтэйгээ энд шинэлчихээд явахаар шийдэж нөхрийгөө дуудсан. Нөхөр маань хоёрдугаар сарын 20-нд ирж, шинэлчихээд гуравдугаар сарын 4-нд нутаг буцах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл хил хаагаад явж чадахгүйд хүрсэн. Гэтэл таван хүүхэд маань бид хоёрыг хүлээгээд байгаа, боломжтой бол гэртээ хурдхан л харимаар байна. Уг нь манай хүүхдүүдийг манай хадам эмээ харж байсан юм. Гэтэл эмээ маань саяхан бурхан болчихсон. Хүүхдүүддээ маш их санаа зовж байна. Сар гаруйн хугацааны дараа эргээд ирнэ гэж явчихаад одоо энд дөрвөн сар болж байна.

-Хүүхдүүд тань хэд хэдэн настай вэ, тэднийг одоо хэн харж байгаа вэ?

-Охид маань 3, 6, 8 настай, мөн 14, 18 настай хоёр хүүтэй. Хэдийгээр том хүү маань дүү нараа харж байгаа ч эрэгтэй хүүхэд болохоор бас санаа зовж байна. Эмээ маань хүүхдүүдийг маань хардаг байхад хадам дүү маань эргэж тойрдог байсан юм. Одоо хадам дүү хүүхдүүдийг минь харж байгаа. Дүү маань өөрийнхөө дөрвөн хүүхэдтэй хамт манай хүүхдүүдийг харж байгаа. Түүнд ч бас есөн хүүхэд харах амаргүй байгаа.

-БНСУ-д нөхцөл байдал хэр байна вэ?

-Энд айхтар сүйд болсон юм алга. Ажил, амьдрал өрнөдгөөрөө өрнөж, бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сөүлийн Итевон дүүргийн цэнгээний газраас гарсан халдварыг хумиж чадаж байгаа. Бидэнд энд хэцүү зүйл алга, хүүхдүүдээ л өрөвдөх юм. Өдөр бүр залгаж хэзээ ирэх юм бэ, аав, ээжийгээ санаж байна гэдэг.

-Элчин сайдын яамнаас хариу ирсэн үү?

-Маш олон удаа Элчин сайдын яам руу утасдаж, хүсэлт гаргасан. Гэхдээ нислэгт хамрагдах боломжгүй гэсэн. Би нислэгт хамрагдах таван шаардлагыг алийг нь ч биелүүлэхгүй байгаа. Энд надаас илүү хүндэтгэх шалтгаантай, хүн нутаг буцаж чадахгүй олон хүн гацчихсан байна. Би үүнийг ойлгож байгаа. Гэхдээ боломж байвал хурдхан л гэртээ харьж, хүүхдүүдтэйгээ уулзахыг хүсэж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button