ЯРИЛЦЛАГА

“Элэг нэгт монголчуудаа харь нутагт гадаа хонуулахгүй юм сан гэсэн сэтгэлээр туслахыг хүссэн”

Цар тахлын улмаас эх орон руугаа буцаж чадахгүй, санхүүгийн хямралд орж буй иргэд өдөр ирэх тутам нэмэгдсээр байна. Тэгвэл Amtsagaan Muugii  гэдэг цахим хаягтай нэгэн залуу Япон Улсад санхүүгийн хямралаас үүдэн хонох газаргүй болсон монголчуудаа хонох газартай болгохоор “Харь нутагт монголчуудаа гадаа хонуулахгүй аянг эхлүүлжээ. Элэг нэгтнүүддээ тусламжийн гараа сунгасан түүнтэй цахимаар холбогдон, цөөн хором ярилцлаа.

-ТУСЛАХЫГ ХҮССЭН ХҮН ОЛОН БАЙГАА Ч ТУСЛУУЛАХ ХҮН НЬ ЦӨӨН БАЙНА-

-Та юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг жинхэнэ нэрнээс минь илүү Amtsagaan Muugii гэдгээр нь Япон дахь монголчууд маань илүү мэддэг учраас энэ нэрээрээ танилцуулахыг хүсэж байна. Одоо Токио хотын захад амьдардаг, жирийн нэгэн барилгачин залуу. Би Япон Улсад ажиллаж, амьдраад 10 гаруй жилийг ардаа үджээ.

Харь нутагт монголчуудаа гадаа хонуулахгүй” аянаа хэзээнээс эхлүүлэв?

-Тавдугаар сарын 9-нд Элчин сайдын яам дээр эх орондоо буцах хүсэлтэй монголчууд маань жагсаал хийсэн юм. Тэднийг хараад олон монгол хүн энд хэцүү байгаа юм байна гэж бодоод туслахыг чин сэтгэлээсээ хүссэн. Ингээд маргааш нь энэ аянаа эхлүүлэхээр шийдсэн. Би ууланд авирах сонирхолтой, Япон дахь ууланд авирагчдын группийн админ юм л даа. Энэ талаараа группдээ бичтэл монголчууддаа туслая гэсэн сайхан сэтгэлтэй маш олон хүн холбогдсон шүү.

-Хүмүүс танд хэр их хандаж байна вэ. Хэдэн хүнийг хонох газартай болгож, туслаад байгаа вэ?

– Гэртээ байрлуулъя, туслая гэх маш олон хүн холбогдож байгаа. Надтай зургаан залуу холбогдсон. Тэднээс нэгийг нь нэг монгол айлд байлгахаар болсон. Харин гурван залууг хонуулах газартай болгох гээд ярьчихсан байгаа. НадТай холбогдоогүй ч гэсэн найз нөхөд, танилындаа хонож буй хүмүүс олон байгаа байх. Дахиад хүмүүс надтай холбогдвол халуун сэтгэлээр тусалж, дэмжихэд хэзээд бэлэн.

-Та аяны хүрээнд данс нээж хандив цуглуулсан юм билээ. Хандиваа хэрхэн зарцуулж байгаа вэ?

-Би хонох газаргүй маш олон хүн байгаа юм байна, тэднийг хонох байртай болгох үүднээс хандивын данс нээсэн. Маш олон хүн хандив илгээж байгаа. Өнгөрсөн долоо хоногт дансаа шалгахад 40 мянган иен цугларсан байсан. Одоо илүү нэмэгдсэн байх. Гэхдээ одоогоор энэ мөнгөндөө гар хүрээгүй байгаа. Энэ мөнгийг хямд байр түрээслэхэд зориулах төлөвлөгөөтэй байсан ч санасныг бодвол олон хүн хандсангүй. Гэхдээ санасандаа хүрч олон хүнд тусалж чадаагүй ч гэсэн туслах хүсэлтэй хүмүүс олон байгаа шүү гэдгийг харуулж чадсан гэж бодож байна.

-Элчин сайдын яаманд хэдэн хүн буцах хүсэлт гаргасан юм бол. Японд нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Элчин сайдын яаманд 1000 орчим хүн хүсэлт гаргасан юм билээ. Энд нөхцөл байдал тийм ч муу биш. Хөл хориог бага багаар цуцалж байгаа. Халдварын тохиолдол өдөр ирэх тусам багасаж байна.

-ЯПОНЧУУДАД ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЖ, АМНЫ ХААЛТ ТАРААНА-

-Та мөн амны хаалт тараах аян эхлүүлсэн юм билээ. Энэ нь дээр дурьдсан аянтай холбоотой юу?

-Амны хаалт тараах аян нь нэг сарын өмнөөс эхэлчихсэн байсан. Японд талархсанаа илэрхийлэх заншил байдаг юм. Иймд би Монгол Улсынхаа, монголчуудынхаа өмнөөс япончуудад талархсанаа илэрхийлэхийг хүссэн. Монгол Улс Япон Улсаас олон удаа тусламж авч байсан. Тухайлбал, Ядоны тэтгэлгээр Монголын ирээдүйн  боловсон хүчин сурч, боловсорч байна. Японд суугаа 10 мянган монголчууд маань тодорхой хэижээний тус дэмийг хүртээд энд байгаа учир  багахан  ч гэсэн чин сэтгэлийн талархал илэрхийлэх зорилготой юм. Олон сайхан хүний сэтгэл хөдөлмөрөөр энэхүү аян маань амжилттай үргэлжилж байна. Одоогоор 1000 гаруй амны хаалт цуглараад байна. Тавдугаар сарын 24-нд  Япон дахь монголчуудын талархлын өдөр тохинол. Энэ өдөр Хоккайдо, Саппаро экид монголчуудын урласан амны хаалтыг иргэдэд тараахаар болсон.

-Энэхүү аянд хэдэн хүн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Би Дариа гэх оёдолчин бүсгүйтэй хамтран амны хаалт хийхээр шийдсэн. Бидний хийж байгаа зүйлийг хараад өөр хотод байгаа маш олон бүсгүй гэрээр амны хаалт оён илгээж байна. Ихэвчлэн жирэмсэн болон нялх хүүхэдтэй эзэгтэй нар гэртээ хүүхдээ харах зуураа зав гарган оёж байгаад маш их баяртай байна.

-Цаашид ч гэсэн та аянаа үргэлжлүүлэх үү?

– Эдгээр нь миний хийж буй анхны сайн үйлсийн аян биш. Өмнө нь хэд хэдэн удаа хүмүүнлэгийн ажил хийж байсан. Харь нутагт байгаа монголчууд бид бие биендээ туслах хэрэгтэй. Өмнө нь энд хоёр удаа далайн шуурга болоход мөн хүмүүнлэгийн ажил хийж байсан. Би Японд Монгол Улсынхаа нэрийг таниулахыг хүсдэг. Энэ хүслээ биелүүлэхийн тулд өөрийн чадах зүйлээ хийж байгаа. Талархлын аянаа цаашид ч үргэлжлүүлнэ. Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гаргийг Японд байгаа монголчуудын талархлын өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил хоёр газар үйл ажиллагаа явуулах болсон. Харин дараа дараагийн жилүүдэд Японы өнцөг булан бүрт хүрсэн ажил хийх болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button