Сурвалжилга, Нийтлэл

Сараагийн блюз, Ван Гогийн “Бороо”

Бороо оръё гэж, асгая гэж дуншина. Өчигдөр, өнөөдрийн өнгө бүрхэг. Чийг үүлний цаадтайгаас битүүхэн ханхалж, хүний сэтгэлд үнэрт ус цацална. “Та нар уяраач” гэх шиг тэнгэр дээрээс ширтэж, сэрүүн салхи бүүвэй дуулна. Бүрхэг өдрийн зурвас үүлтэй, бороотой, тэнгэрээс доошилж ахуйд түүнийг газрын уянгатай уях нь энэ.

Сараа дуулдаг даа, “Анир нугыг амилаасан бороо. Асралт хорвоог цаашлуулан шивэрнэ. Алсалсан цагийг айлсуулсан бороо. Танхил насыг наашлуулан шивэрнэ”. Ийм өдөр л сонсооч гэж Сараа хүсэж дуулсан байх. Бороо аажуу аажуухан, нэг нэгхэн ширхгээр дусалж ахуйд цаг хугацаа удааширчихсан үзэгдэх тийм нэг зураглал “Бороо”-г сонсоход төрдөг. Үүлнээс төрөөд газар луу унах замдаа агаарт зогсосхийх болор цагаан бороон дуслууд хүний сэтгэлд юу өгчилгөх нь тэр вэ.

“Бороо”-нд дахиад ийм үг бий. “Цэцэгт нугыг сэрээсэн бороо. Тосох хорвоог цаашлуулан шивэрнэ. Цэнхэр цагийг сэргээсэн бороо. Танхил насыг наашлуулан шивэрнэ”. Өнөөх аажуу, аажуухан доошлох бороо цаг хугацааг удаашруулаад зогсохгүй өнгөрч одсон танхил дулаан дурсамжуудыг нозооруулан нааш чирч ирэх шиг. Бороо нь орсоор, сэтгэлд бас орсоор, цаг хугацаа удааширч, дурсамж сэргэж, амилж. Сарааг сонсож.

Винсент Ван Гог, "Бороо”. 1881 он, Филадельфийн урлагийн музей.

Чихээ өөрөө тастдаг Винсент Ван Гог бас борооноос ангид үлдэж яахан чадах билээ. Эндээс Сараа дуулахаас өмнө Ван Гог 131 жилийн өмнө бороог зурж байжээ. “Бороо” нэртэй тэр зурагт нь Сараагийн “Бороо” яг тэр янзаараа буусан байх нь тэр. Анир нуга нь ч. Алсалсан цагийг айлсуулах нь ч. Цэцэгт нуга нь ч. Танхил насыг наашлуулах нь ч.

Асгарах борооноор үсэрч гараад хаа нэгтээ рүү дайвч, гуйван алхлах эрийн дотор орж, нүдээр нь харвал ийм нэг дүр зураг харагдах болов уу гэмээр санж. Бүрхэг ногоон, бүдэг өнгөний хослол, харваж цахилан агаарт царцсан бороон мөнгөн дуслууд. Наана нь Сараа дуулна.

Бороо Ван Гог, Сараа хоёрыг нэг цагт зэрэгцүүлэн царцааж, бүрхэг өдрийн зурвасыг уншигчдад илгээж байна. Монголд сонгууль дөхөж, цаг үе улайсна. Харин бүрхэг өдөр, бүрхэг өдрийн бороо хүний сэтгэлийг уясуулна аа. Сараагийн “Бороо”-г сонсож, Ван Гогийн “Бороо”-г харж өнөөдрийн амтыг мэдрээрэй.


Б.Сарантуяа, "Бороо”

https://youtu.be/4Gb3jAFAwRU

Бодлын хаяанд зэллэх солонго хөтлөн
Болор цагаан бороо шивнээд
Ээнэг элгээ дагсан хос тогоруу
Энэ л бороонд биесээ дуудахад
Ахин тохиохгүй учралын
Анхил дүрийг бодогдуулна

Дахилт:
Анир нугыг амилаасан бороо
Асралт хорвоог цаашлуулан шивэрнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шивэрнэ

Хүслийн тэнгэрт хөллөх солонго хөтлөн
Холын бүлээн бороо шавшаад
Ижил ижлээ түшсэн хос тогоруу
Ивлэх хуранд биесээ дуудахад

Эргэн ирэхгүй учралын
Эгэл зургийг санагдуулна

Дахилт:
Атарх нугыг амилаасан бороо
Тосох хорвоог цаашлуулан шивэрнэ
Алсалсан цагийг айлсуулсан бороо
Танхил насыг наашлуулан шивэрнэ

Үүрдийн орчлонд ургах солонго хөтлөн
Үдийн цагаан бороо товшоод
Зүүдэн зүсээ таньсан хос тогоруу
Зөөлөн бороонд биесээ дуудахад

Уяран уусаагүй алсын
Уйлган төрхийг бодогдуулна

Дахилт:
Цэцэгт нугыг сэрээсэн бороо
Тосох хорвоог цаашлуулан шивэрнэ
Цэнхэр цагийг сэргээсэн бороо
Танхил насыг наашлуулан шивэрнэ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button