НИЙГЭМЯРИЛЦЛАГА

Б.Замбагацэцэг: “Хаан хүнс катеринг” ХХК Монголын нийтийн хоолны салбарт анх удаа ISO нэвтрүүлсэн

Орхон аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар тав дахь удаагаа шалгарсан “Хаан хүнс катеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Замбагацэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе. Саяхан танай “Хаан Хүнс Катеринг“ ХХК Орхон аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарчээ. Орхон бол том, том үйлдвэрлэгч, үйлчилгээний компаниудтай аймаг шүү дээ.

-Баярлалаа. Орхон аймгийн татварын газраас бид бүхний ажил хөдөлмөрийг үнэлж  шилдэг татвар төлөгч байгууллагын  нэгээр шалгарууллаа. Энэ бол тухайн байгууллагын тогтвор суурьшил хөгжлийг тоон үзүүлэлтээр дүгнэж байгаа нэг хэлбэр гэж бодож байна.

-Танай компани бас өмнөх жилүүдэд ч шилдэг татвар төлөгчөөр шалгарч байсан гэж сонссон.

-Тийм ээ. Энэ тав дахь удаагийнх нь. Бид 2018 онд Шилдгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан. Тэгж гурван удаа дараалан шалгарсан тохиолдолд Татварын хүндэт дэвтэр болох “Хөх дэвтэр”-ийн эзнээр өргөмжилж, шагнадаг юм билээ. Манай хамт олон тэрхүү “Хөх дэвтэр”-ийн эзэн болсон.

200 ГАРУЙ АЖИЛТНЫХАА НЭГИЙГ НЬ Ч ХАЛЖ, ЦОМХОТГОЛГҮЙГЭЭР ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕИЙГ ДАВЖ БАЙНА

-“Хаан хүнс катеринг” компанийн үйл ажиллагааны тухай товчхон танилцуулна уу?

Манай компани 2007 онд анх Орхон аймагт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр байгуулагдаж байсан.  Өдгөө 13 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр нийт 5 салбартайгаар  200 гаруй ажилчныг ажлын байраар хангаж ажиллаж байна.

-Та бид хоёр нэлээд онцгой цаг үед ярилцаж байна л даа. “Ковид-19” цар тахлаас болоод ихэнх аж ахуйн нэгж орон тоогоо цомхтгож байна. Танайд энэ цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ?

-Шинэ он гараад удаагүй энэ тахал дэгдэж эхэлсэн. Мэдээж аж ахуй нэгж байгууллагууд тухайн ондоо хийх ажлаа төлөвлөсөн байдаг. Бид ч мөн адил энэ онд юу хийж, бүтээхээ төлөвлөөд байлаа. Цар тахлын энэ үед ажиллах эрсдлийг тооцож А, B, C  төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гэхдээ бид өнөөг хүртэл эхний А төлөвлөгөө хэрэгжих боломжгүй гэж үзээд B төлөвлөгөөгөөрөө явж байна. Манайд ажиллаж буй 200 орчим ажилтан тус бүрийн ард гурван хүн байна гэж тооцвол нийт 600-гаад хүний амьдрал яригдана. Хэрвээ нэг ажилтны ард 5 хүн байгаа гэж тооцвол 1000-аад хүний аж амьдрал яригдана. Бид орон тоогоо цөөлөхгүй, цалин хөлсийг нь бууруулахгүй. Хамтдаа хөтлөлцөөд давна гэсэн зорилттой явж байгаа. Энэ бол байгууллагын нийгмийн хариуцлага. Том зургаар нь харвал улс орныхоо эдийн засгийн хүнд хэцүү энэ цаг үед бидний оруулж буй хувь нэмэр юм л даа.

-Ихэнх газрууд ялангуяа хувийн хэвшлүүд цомхотгох, цалингийнх нь 60 хувийг өгөх гэх мэт арга хэмжээ аваад эхэлсэн байна билээ. Тэхээр та бүхэн яаж ингэж цалин бууруулахгүй, орон тоогоо цомхотгохгүй ажиллаж байна вэ. Хэрхэн зохицуулж байгаа бол?

-Салбар  дотроо зохицуулалт хийж байна л даа.  24 цагаар  ажиллаж байсан салбар 8 цагаар ажиллаж эхлэхээр тэндээс илүү гарсан ажилчдаа  бусад салбар руугаа  шилжүүлэх гэх мэт л менежмент хийж байна.

“ХААН ХҮНС КАТЕРИНГ” ХХК МОНГОЛДОО АНХ УДАА НИЙТИЙН ХООЛНЫ САЛБАРТ  ISO НЭВТРҮҮЛСЭН

-Танайх хүнсний компани учир олон улсын стандарттай буюу нийтийн хоолны салбарт Монголдоо анх удаа  ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо, ISO22000 ХАБУТ нэвтрүүлсэн компани. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хоол үйлдвэрлэл, хүнсний салбарт эрүүл ахуй, чанар аюулгүй байдал маш чухал. Бид ажилдаа  Монгол Улсын хууль тогтоомж, Хүнсний тухай хууль, Ариун цэврийн тухай хууль гэх мэт хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажилладаг. Үйлдвэрлэлийн процессод дан ганц бэлэн болсон бүтээгдэхүүнийг хянахаас гадна түүний шат дамжлага бүрт анхаарах ёстой. Энэ нь өөрөө чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон. Тийм ч учраас бид үүссэн цагаасаа эхлэн ISO стандартыг нэвтрүүлэх зорилгоор  системтэйгээр судлан, ажиллаж эхэлсэн. Ингээд анх 2016 онд MNS ISO 9001:2010-г нэвтрүүлж 2018 онд шинэчилсэн ISO 9001:2016 нэвтрүүлж гэрчилгээжсэн.

 2018 онд MNS ISO 22000:2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж мөн гэрчилгээжсэн. Ямар ч стандарт тухайн компанид нэг өдөр шууд бий болдоггүйг хүмүүс сайн мэднэ. Үүнийг хэрэгжүүлэхэд ажилчдын оролцоо, удирдлагын хандлага маш чухал. Дор хаяж 4-5 жилийн нөр их хөдөлмөр шингэж бий болдог. Бид  жил бүрийн төлөвлөгөөндөө стандартыг хэвшүүлэх тодорхой зардлуудыг тусгаж өгдөг байгаа.

-Ажилчдын оролцоо, эрүүл ахуйн дадал чухал гэж та сая тодотголоо.  Ажилчдын Тогтвор суурьшилын талаар?

-Аль ч  компанийн хувьд ажилчдын тогтвор суурьшил маш чухал. Манай компанийн ажилчдын 90% нь 3-11 жил ажиллаж байна. Бид ажилчдадаа тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд хүний нөөцийн бодлогоо тодорхойлж, зорилго зорилтуудаа маш нарийн төлөвлөдөг. Жишээ нь, Хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн ур чадварын сургалт, хөтөлбөрүүдэд хамруулж байна. Цалин урамшуулал, нийгмийн асуудалд нь онцгой анхаардаг.  Ажлын байрны  тав тух гээд олон зүйлд анхааран ажилладаг.

-Шинэ стандарт нэвтрүүлэхэд ажилд тань бий болж байгаа ололт дутагдалтай тал нь юу байсан бэ?

-Ололттой тал нь компанийн үйл ажиллагаа тогтвортой байх, нэгдсэн нэг системээр удирдагдах, нэгж бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал сайжрах.  Жишээ нь, Бид үйлдвэрлэлд махыг сонгохдоо тухайн мал ямар тэжээл, ямар газар бэлчиж байгааг нь судладаг.  Ул мөрийн баримт бичиг хөтлөн, хянаж байгаад авдаг. Нөгөө талд ажилчдын ажлын бүтээмж нэмэгдсэн байна. Дутагдалтай тал нь түрүүн би хэлсэн, хүнсний салбарт ажилчдын эрүүл ахуйн дадлууд маш чухал байх ёстой. Тэгэхээр байгууллагын ажилчдын оролт гаралт, тогтвор суурьшлаас шалтгаалж хэвшсэн үйлдвэрлэл эрүүл ахуйн зохистой дадлууд алдагдах гэх мэт дутагдалтай талууд байдаг.

-Махаа сонгохдоо малын бэлчээрээс нь эхэлж судалдаг гэж ойлголоо. Танайх махаа хаанаас бэлтгэдэг вэ?

-Бид өөрийн “Хаан Хүнс Дорнод” махны үйлдвэрээс махаа ханган нийлүүлж авдаг. Дорнодод таана мангир их ургадаг тул зүүн зүгийн мах амттай, хоолны амт чанарт нөлөөлдөг.

-Хоолны амт чанар гэснээс танай компани Давсны хэрэглээ бууруулах үндэсний хөтөлбөрт аймагтаа тэргүүн байр эзлэжээ.  Энэ талаар та мэдээлэл өгөөч.

-“Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрт бид нэгдэж “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэе” номинацид тэргүүн байр эзлэсэнд их баяртай байгаа. Яагаад гэвэл бид хэрэглэгчдэд эрүүл мэнд бэлэглэж тэдний дадал хоол зүйн боловсролд бага ч гэсэн нэмэр оруулсан болов уу. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн хоногт 11,1 грамм давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2,2 дахин их, 10 хүн тутмын 9 буюу 89,2% 5 граммаас их давс хэрэглэж байна гэсэн аюултай тоо гарсан байдаг.

Манай компани “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдыг халуун хоолоор ханган ажилладаг. Бид баялаг бүтээгчдийг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах хариуцлагатай ажлыг 13 дахь жилдээ явуулж байна. Хоолны газруудыг ангилбал ресторан зоогийн газар, цайны газар, нийтийн хоолны газар, түргэн хоолны хоолны газар, кафе баар бүүр цаашилбал гэрийн эзэгтэйн хоол гэж ангилж болно.Тэгэхээр эдгээр газруудын хоолны үйлчилгээ хоолны амт өөр өөр байх ёстой.

Тийм ч учраас  бид “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын нийтийн хоолны газарт тодорхой хэм хэмжээг барьж ажилладаг, амтлагч багатай, давс орлуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд оруулах, далд давстай бүтээгдэхүүний хязгаартай хоол үйлдвэрлэлд оруулах гэх мэт.  Жишээ нь, цуу, жан, төрөл бүрийн соуснууд. Ажилчид маань хоолны амт зөөлөн амтлагч багатай байна гэсэн сайн саналыг бидэнд хэлдэг ч  нөгөө талдаа  хоолны амт  сул байна цуу, жан, соусыг хоолонд хийхийг хүсдэг. Энэ асуудалд бид үйлдвэртэй хамтарсан лекц сургалт, ухуулаг сурталчилгааны хуудсыг хоолны ширээ, самбарт байрлуулан мэдээ мэдээллээр хангадаг. Одоо хоолны  ширээнд амтлагч, давс, перец байхаа болиод 3 жил болж байна. Үйлдвэрийн ажилчид маань энэ дадалд хэвшиж байна. Уурхайн ажилчдын хоол амин дэм, эрдэс бодис, уураг, өөх тос, нүүрс ус бүгд  орсон тэжээллэг ккал нь тохирсон хамгийн гол нь эрүүл мэндэд  гаж нөлөө үзүүлэхгүй байх ёстой юм.

БИДНИЙ МӨРӨӨДӨЛ, ЦААШДЫН ЗОРИЛГО ОНГОЦНЫ КАТЕРИНГ

-“Хаан хүнс катерингийн цаашдын зорилгоо ярих уу?

-Мэдээж бизнес үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж, амт чанартай эрүүл хоолоор илүү олон хүнд үйлчлэхийг зорьж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хамгийн сайн тэгээд эрүүл гэдэг зарчмаар тасралтгүй урагшилж байна. Бидний хэтийн зорилго бол “Онгоцны катеринг”-д үйлчилгээ үзүүлэх  явдал юм. Удахгүй  ажил хэрэг болно гэж харж байна.

-Та хүнсний салбарт дагнан ажиллаж байгаа залуу хүн. Хоол хүнсний бизнесийн давуу тал болон мэргэжлээрээ бахархдаг зүйлсээ хуваалцах уу?

– Хүнсний салбар маш их буянтай ажил гэж боддог. Энэ бол миний л бодол… Би энэ салбарт орсноороо бахархдаг. Хоол хүнс  гэдэг бурхны хишиг. “Хаан хүнс” гэсэн маш том эрхэм нэртэй учир хаадын зоогийг л бэлтгэх тухайд бодно шүү дээ. Үйлчлүүлсэн хүн бүр “Баярлалаа” гээд гарна гэдэг  бахархууштай. Баярлалаа гэсэн үгийг сонсох том буян.

Та бүхэнтэй ярилцаж байгаа энэ цагийг ашиглаад баярлаж явдгаа гэдгээ олон хүнд хэлэхийг хүсэж байна. Компанийнхаа түүхийг бичилцэж, үйл ажиллагаа маань тасралтгүй хэвийн, илүү ололт амжилтаар дүүрэн явуулж байгаа “Хаан хүнс катеринг” компанийнхаа  ажилчдад чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн биднийг сонгон хамтран ажилладаг Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд, тэдгээрийн ажилчид хамт олон буюу бидний эрхэм үйлчлүүлэгчид, хэрэглэгчиддээ баярласан талархсанаа илэрхийлье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

ERDENET UILDVERIIN AJILCHID haan hunseer uilchluulehiig husehgui bg shdee.ingej hudlaa yarihaa olimoor umda

Back to top button