Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: “Ханталст” ХХК-г ҮЦХ-д анхлан “шургуулсан” Э.Бат-Үүл, Б.Саранчимэг нар ил гарч, тайлбар хийнэ үү

Тавдугаар сарын 27-ны орой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт өсвөр насны дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдлаа. Хүүхдүүд “Ханталст” ХХК-ийн ухсан нүхэнд тогтсон тогтоол нууранд барилгын хөөсөнцөр хөвүүлэн тоглож байсан нь амиа алдах эмгэнэлт шалтгаан болсон юм.

Цочирдом үйл явдлын дараа НМХГ-аас мэдээлэл хийхдээ тус “Ханталст” ХХК нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан гэх зүйлийг ярьсан. Ингээд үйл ажиллагааг нь шалган, зогсоосон байсан ч ямар нэгэн аваар, осол гарахаас урьдчилан сэргийлж, аюулгүй болгуулаагүй хотын дарга С.Амарсайхан хэвлэлээр бөмбөгдүүлж эхэлсэн билээ.

Мэргэжлийн хяналтын газрынхан, С.Амарсайхан дарга шаардлагынхаа хэрэгжилтийг ойр ойрхон шалгаад, ядахдаа усан толио үүссэн хэсгийг аюулгүй болгуулж болох байсан шүү дээ. Ажилдаа хайнга, сэтгэлгүй хандсаных нь горыг амслаа.

“Ичсэн хүн хүн ална” гэгчээр С.Амарсайхан маргааш нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Яг одоо “хэн буруутай вэ” гэсэн асуулт нийгэмд идэвхтэй хэлэлцэгдэж байна.

Харин “Ханталст” гэх компани анх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 гаг наран шарлагын газар байгуулахаар авч байхад хэн, хэн эрх бүхий албан тушаалтнууд байв гэдэг зүй ёсоор бүхний эхлэл болж таарах билээ.

-ЭХЛЭЛ ЦААСАН ДЭЭР ИНГЭЖ ТАВИГДЖЭЭ-

Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улаанбаатар хотын засаг даргаар Э.Бат-Үүл нар ажиллаж байсныг хэвлэлүүд идэвхтэй бичсэн. Харин Э.Бат-Үүл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг тодорхойгүй шалтгаанаар хоёр ч удаа солиод, эцэст нь өөрөө ажлаа өгч байсан нь сонин байгаа юм.

“Ханталст” ХХК-д газар ашиглах зөвшөөрлийг хамгийн анх Э.Бат-Үүл 2014 оны зургадугаар сарын 26-нд өгсөн нь баримтаар нотлогдож байна. Харин дараа нь долдугаар сарын 18-ны өдөр тус компанитай газар ашиглуулах гэрээг Б.Саранчимэг хийсэн. Гэрээнд “Наран шарлагын газар байгуулах” гэж заажээ.

Ингээд тус гэрээ Газрын албаны мэдээллийн санд бүртгэгдсэн тул есдүгээр сарын 2-нд, зураг, төсөл хийлгэх үйл ажиллагааг зөвшөөрсөн албан бичгийг Б.Саранчимэг “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхэд хүргүүлсэн байдаг. Ингээд бүх зүйл эхэлжээ.

-Э.БАТ-ҮҮЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГЫГ ХОЁР УДАА ӨӨРЧЛӨӨД, ӨӨРӨӨ БУУВ-

Гэтэл жилийн дараа Б.Саранчимэг ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг ээлжийн амралттай байхад нь Э.Бат-Үүл чөлөөлөх шийдвэрт гарын үсэг зурсан байв. Тухайн үед Б.Саранчимэгийг чөлөөлсөн шалтгаан нь тодорхой бус. “Хариуцлага алдсан” гэх үг дангаар явж, харин Э.Бат-Үүлийг Нийслэлийн захирагчаас чөлөөлөх тухай саналд Б.Саранчимэг гарын үсэг зурсан нь үүний шалтгаан гэх яриа ил, далд яригдаж байлаа. Өөрөөр хэлбэл Б.Саранчимэг, Э.Бат-Үүл хоёрын дунд “нэг юм” болж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн удирдлагагүй хоцорсон. Энэ бол 2015 оны арваннэгдүгээр сард болсон үйл явдал юм.

Үүнээс дөрвөн сарын дараа Б.Саранчимэгийн суудалд “Пантер Мидланд Аудит” ХХК-ийн ерөнхий захирал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг томилогдсон. Тэр бол “Голланд сарнай” УСК-нд гол дүр бүтээж байснаараа хүмүүст  илүү танил эмэгтэй. Тэгээд дахиад л Э.Бат-Үүл түүнийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан, “Нарантуулын” босс Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг томилсон билээ. Тэр уржигдрыг хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын даргын ажлыг хашлаа.

“Ханталст” ХХК-д зөвшөөрөл өгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагыг хоёр удаа сольсон Э.Бат-Үүл 2016 оны долдугаар сарын 6-нд ажлаа өгсөн билээ. Нийслэлийн захирагчийн албыг дараа нь С.Батболд 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл хашаад, өөрийн хүсэлтээр буусан. Ингээд 2019 оны хоёрдугаар сард С.Амарсайхан энэ суудалд суусан юм.

-“ХАНТАЛСТ” ба Э.БАТ-ҮҮЛ...-

2019 оны тавдугаар сард С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж явахдаа “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх нартай уулзаж, инээлдэж ханиалдан явж буй зураг нь өнөөдөр ил байна. Тухайн үед наран шарлагын газар барих ажлыг нь хотын дарга сайшааж, аялал жуулчлал хөгжүүлэх хувийн хэвшлүүдийг үргэлж дэмжинэ хэмээсэн нь Нийслэлийн албан мэдээнд бичигдээд өнгөрч байлаа.

Э.Бат-Үүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шургасан “Ханталст” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн ажлын талбайд дөрвөн хүүхэд амь насаа алдсаны дараа өнөөдөр хэн юу ярив.

 С.Амарсайханы талаас “Хэд хэдэн удаа албадан болиулах шаардлага тавьсан ч биелүүлээгүй” гэдэг утгатай зүйлийг ярьж байгаа. Харин “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Бид барилгын ажил явуулж эхлэх зөвшөөрлөө л хүлээж байсан. Бусад нь хууль ёсоор” гэсэн юм.

Түүнчлэн “Э.Бат-Үүлийг манай компанид газар өгсөн гэж улс төржүүлж байна” гэсэн нь анхаарал татна.

-ЛОГИК ҮҮДНЭЭС ШААРДЛАГА ТАВИХ НЬ-

Аль 2014 онд зөвшөөрлөө авчхаад зургаан жилийн турш энэ компани юу хийж бүтээв, наран шарлагын газраа байгуулахад нь юу саад болов гэдэг асуулт, хариултаа хүлээн үлдэж байна. Ямартай ч, анх “шургуулсан” Э.Бат-Үүл огцорч, МАН-ын хүн орыг нь залгаснаар ажил нь төрийн эрх мэдлийн хүрээнд урагшлахаа байсан уу гэх асуултыг логик үүднээс тавьж болно.

Тэгэхээр Э.Бат-Үүл, Б.Саранчимэг нараас нийгэмд ил гарч, “Ханталст” ХХК-д анхлан зөвшөөрөл өгсөн талаараа мэдээлэл хийхийг шаардах нь зүйн хэрэг болж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 31, 2020 09:04

Бат-Үүл Бат-Энх хоёр чинь эх нэгтэй эцэг өөртэй ах дүүс байхгүй юу. Тэгээд авиг�##�аар хамтьарсан бизнес хийж байгаа юм. Тэдний золиосонд 4 хүүхэд хохирлоо доо.

Stream
Stream
5 сар 31, 2020 20:34
Reply to  Зочин

Uu zaza. Bur amar. Arai ch dee

Холбоотой мэдээ

Back to top button