СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БЯЦХАН АМИУДЫН ДУРСГАЛД: Ниргэсэн хойно нь ч хашгирдаггүй Монгол хүний эмзэглэл

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Олон мянган багачууд, “Өнөөдөр хүүхдийн баяр” гэсэн гэгээн бодолтой өглөөг эхлүүлж, бяцхан зүрх нь догдлох болно. Харин эцэг, эхчүүдийн сэтгэхүй чихэр шоколад, хуванцар тоглоомоос хэтэрдэггүй хэвээр. Амьдрал дээр хүүхдүүдийн амь насанд аюул заналхийлж байна. Гэгээн өдрийг бараан бичвэрээр эхлүүлж буй шалтгаан энэ.

Сүүлийн долоо хоногт, хоёр хоёр өдрийн зайтай зургаан амь тэнгэрт одчихлоо. Тавдугаар сарын 27-нд, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан компанийн ухсан нүхэнд, тэнд үүссэн тогтоол нууранд дөрвөн хүүхэд үйж, амь насаа алдав. Харин тавдугаар сарын 29-нд, 30 гаруй насны эмэгтэй гурван сартай охиноо тэврээд таван давхар байшингийн цонхноос үсэрлээ. Харин өчигдөр /2020.05.31/ хашаан дотор автомашинаа ухрааж байсан жолооч 11 сартай хүүг дайрав.

Монголд төр засаг нь ч, нэгж эцэг эх нь ч хүүхдэд, хүүхдийн ирээдүйд халтай нийгэм оршин тогтнож буйг энэ үйл явдал харуулна.

Философич Др. С.Молор-Эрдэнэ нэг бичвэртээ, “Барууны оронд ийм үйл явдал болсон бол өдийд Засгийн газар нь Ерөнхий сайдтайгаа огцорчихсон байгаа” гэжээ. Өнөөдөр зургаан бяцхан амийн хариуцлагыг хэнээс нэхэж байна вэ. Хэн хариуцлага хүлээх юм бэ. Эсвэл сошиал мэдээнд нэг удаа сэтгэл үймэрч, хоёр удаа толгой сэгсрээд л өнгөрөх үү.

Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх тэр тогтоол нууранд хэн нэгэн хашаа босгож, пайз өлгөж, харуул хамгаалалт ажиллуулж байсан бол тэр дөрвөн амь эрсдэхгүй байлаа. Бас Улаанбаатар хотод эгэл хүүхдүүдэд тоглох, хөгжилдөх аюулгүй газар олддог байсан бол тэд тогтоол нууранд барилгын хөөсөнцөр хөвүүлэн сэлж тоглохгүй байх байв.

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэй бүрийн, хүүхэд бүрийн амьдралд хүрч ажилладаг төртэй, төрийн бус байгууллагуудтай байсан бол гурван настай охин ээжийнхээ хамт амь үрэгдэхгүй байлаа. Үрээ тэврээд цонхоор үсэртэл нь тэр эмэгтэйг амьдрал балбасан биш үү. Энэ хугацаанд түүнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэдгийг мэддэг ганцаар тогтохгүй хүн байсан байж таарна. “Ийм зүйл болж л байдаг юм” гэх өмхийрсөн хандлагын дор нэг ч эмэгтэй зовж амьдрах ёсгүй билээ.

Өнөөдөр гэр бүл нь хашаандаа тоглож буй хүүхдэдээ анхаарал сэрэмж тавьдаг байсан бол 11 сартай хүүхэд машинд дайруулж, тэнгэрт одохгүй байлаа. Бяцхан хүүхэд хашаандаа тоглож байхад автомашинаа ухрааж байсан жолооч дахиад ганцхан секундыг хариуцлагатай, анзааргатай байхад зарцуулсан бол.

Энэ бяцхан зургаан амь ирээдүйд Монгол Улсын Ерөнхийлөгч, Нобелийн шагналт эрдэмтэн, дэлхийд алдартай баллетчин болох байсан ч байж мэднэ. Харамсалтай нь өөрсдийн буруугаас биш, эцэг эх, төр засгийнхаа буруугаас тэд ийм эрт тэнгэрт одчихлоо.

Хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар хэлэлцэгдэж буй нь л тэд болохоос, олны сонороос далд хэдэн хүүхэд энэ хугацаанд золгүй байдлаар амь эрсдэж буйг таашгүй. Тэдгээр бүх бяцхан амиудын дурсгалыг өнөөдөр, энэхүү нийтлэлээр хүндэтгэж байна.

Бид хүүхдэд халтай нийгмийн талаар өөр, зуураа өчнөөн ярьдаг, ярьж улс төржүүлдэг хүмүүс. Ярьсаар ярьсаар нэгэн оны хүүхдийн баярыг сэтгэлдээ хар толботой эхлүүлж сууцгаана. Нэг хэсэгхэн хугацаанд сошиалын араас хий хоосон шаагилдаад л өнгөрдөг энэ байдал бидэнд, бидний үр хүүхдүүдэд хор хийж байна. Тэмцдэг, өөрчилдөг, бодит үр дүнд хүрдэг, түүний тулд улс төржиж биш чин сэтгэлээр хөдөлдөг байх хэрэгтэй байна.

Бүх хүүхдүүд аз жаргалтай, эрүүл энх байг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Татвар төлөгчийн татвараар цалинждаг төрийн албаныхны буруу, тэд ажлаа хийхгүй байна, хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ зориулахгүй зөвхөн дээд тушаалтандаа таалагдах гэж, сандал ширээтэйгээ зууралдах гэж л хамаг оюун санаагаа зориулдаг

зочинИРГЭН
зочинИРГЭН

Манайх шиг хүүхдийнхээ шалдан зургыг тавиад байдаг улс хир олон байдаг бол!!!!

Зочин
Зочин

Амиуд гэж утгагүй сонсогдож байна. Эвгүй бол шууд хэрэглэхгүйгээр өөр юмаар илэрхийлж болно. Монгол хэлний алуурчин минь !

Back to top button