ЭХНЭЭС НЬ: Их гүрнийг донсолгосон нэг хүний амь, Жорж Флойд

Өнгөрөгч долоо хоногийн эхэнд АНУ-ын иргэн Жорж Флойд цагдаагийн баривчилгаан дор нас барсан нь өнөөдрийг хүртэл дэлхийн хэмжээнд хэлэлцэгдэж байна. Түүнийг эсэргүүцэл үзүүлээгүй байхад цагдаагийн албан хаагч гавлаж, шилэн хүзүүн дээр нь өвдөглөж, амьсгалын дутагдалд оруулан амь насыг нь хөнөөсөн юм.
“Эрх чөлөөний” гэгддэг Америк оронд арьс өнгөөр ялгаварлах үзэл өнөө хэр амьдарсаар буйг, энгийн иргэний амь нас хууль хүчнийхний өмнө дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буйг харуулсан энэ үйл явдал их гүрнийг донсолгож байна.
Бид цаглабар үүсгэж, үйл явдлыг эхнээс нь тоймлон үзүүлж байна.

ТАВДУГААР САРЫН 25
Тавдугаар сарын 25-ны даваа гарагт АНУ-ын иргэн Жорж Флойд амь насаа алдав. 46 настай түүнийг машиндаа 20 долларын хуурамч талон үйлдэн худалдаж байхад нь цагдаагийн ажилтнууд ирж баривчилсан. Харин баривчилгаан дор тэр амьсгалын дутагдалд орж нас барсан юм.
Болсон явдлыг гар утсандаа бичиж авч үлдсэн нэг иргэн, “Тэд Чикагогийн 38-р зам дээр ямар ч гэм зэмгүй хүнийг зүгээр л алчихлаа” гэсэн тайлбартайгаар сошиал сүлжээнд байршуулсан билээ. Бичлэгт, Жорж Флойдыг цагдаагийн ажилтан гавлаж, доош харуулан хэвтүүлээд шилэн хүзүүн дээр нь өвдөглөж буй нь харагдана. Флойд, “Амьсгалж чадахгүй байна, намайг тавьчихвал машинд сууна шүү дээ” гэсэн утгатай зүйлийг удаа дараа хэлж, эвгүй дуу авиа гаргасаар байв. Харин цагдаагийн ажилтан түүнийг болон эргэн тойрон цугласан олон хүний үгийг эс тоон Флойдын шилэн хүзүүн дээрээс өвдгөө авсангүй. Ингээд тав орчим минутын дараа Жорж Флойд амьсгал хураажээ.
Жорж Флойдын цогцос эмнэлэгт хүргэгдэж, эхний байдлаар гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан байна.
ТАВДУГААР САРЫН 26
Бичлэг цахим орчинд өндрөө авч, нийгмийн уур амьсгал жагсаал, тэмцэл хийхэд бэлэн боллоо. Жорж Флойд нас барж, бичлэг сошиалд тавигдсаны маргааш буюу тавдугаар сарын 26-ны өдөр харьяа Миннесота мужийн болон улсын тагнуулын байгууллагууд хамтран энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн юм. Ингээд юун түрүүнд баривчилгааг үйлдсэн цагдаагийн дөрвөн албан хаагчийг ажлаас нь чөлөөллөө.
Энэ өдөр Миннеаполис хотын засаг дарга Жэкоб Фрэй, “АНУ-д хар арьстай байх нь бусдад алуулах шалтгаан болох ёсгүй” гэсэн утгатай бичвэрийг өөрийн Фэйсбүүк хуудаст нийтэллээ. Товчоор хэлбэл АНУ-ын Ерөнхийлөгчөөс бусад холбогдох албан тушаалтнууд хэрэг явдал дээр “попорч”, Флойдын эрх ашгийг хамгаалах талд зогсож эхэлсэн гэсэн үг.
Мөн энэ өдрийн үдээс хойш талийгаачийн үеэл Тера Броун CNN агентлагт өгсөн ярилцлагадаа, мөнөөх дөрвөн албан хаагчийг зүгээр халаад өнгөрөх биш, хүн амины хэрэгт татан шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ингээд тавдугаар сарын 26-ны орой, Жорж Флойдын нас барсан гудамжинд, “Би амьсгалж чадахгүй байна” нэртэй жагсаал өрнөж эхэлсэн юм.

ТАВДУГААР САРЫН 27
Жагсаал нэлээд хурцадмал болж эхэлмэгц хотын засаг дарга Жэкоб Фрэй дахин мэдээлэл хийж, “Хүний амь хороочихсон хүмүүс яагаад одоо хэр шоронд хоригдоогүй байгаа юм бэ?” гэлээ.
Ингээд энэ өдөр Жорж Флойдын баривчилгааг үйлдсэн цагдаагийн дөрвөн албан хаагчийн нэр, зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болголоо. Тэдний хоёр нь өмнө нь тодорхой шалтгаанаар ял эдэлсэн түүхтэй хүмүүс байж таарав.
Мөн The New York Times агентлаг, баривчилгаа хийгдэх үеийн камерын бичлэгийг сэргээж олон нийтэд цацсан юм. Цагдаа нар өгсөн мэдүүлэгтээ, Флойд удаа дараа эсэргүүцэл үзүүлж байсан тул аргагүйн эрхэнд гавалж, шилэн хүзүүн дээр нь өвдөглөсөн гэх утгатай зүйлийг ярьсан байв. Харин бичлэгт Жорж Флойд анхнаасаа огт эсэргүүцэл үзүүлээгүй, хэлсэн бүхнийг нь биелүүлж байсан нь харагдаж байгаа юм.
27-ны орой жагсаал улам хурцдаж, тэмцэгчид хэд хэдэн байршилд зориудаар гал тавилаа. Мөн жагсагчдын хөлд нэг иргэн үрэгдэж, нас барсан байна.

ТАВДУГААР САРЫН 28
Тагнуулын байгууллагаас Флойдын үхлийн хэргийн зэрэглэлийг өндөржүүлж, шилэн хүзүүн дээр нь өвдөглөсөн цагдаагийн албан хаагч Дерек Шоувиныг хүн амины хэрэгт буруутгах үндэслэл байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж эхлэв.
Энэ өдөр тэмцэгчид АНУ-ын бусад хотуудаар тархаж эхэллээ. Хамгийн эхлээд Нью-Йорк, Денвер, цаашлаад Феникс, Колумбус, Охиод нэлээд хурцадмал жагсаал, тэмцлүүд өрнөх болов.
Миннесота дахь цагдаагийн 3-р хэлтсийг тэмцэгчид галдан шатаав.

ТАВДУГААР САРЫН 29
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 29-ний баасан гаргаас эхлэн үйл явдал дээрх байр сууриа жиргээгээр илэрхийлж эхэллээ. Тэрбээр, “Энэ дээрэмчид Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэхгүй байна. Түрэмгийлэл эхэлбэл буудалцаан эхэлнэ” хэмээв. Тэр “Дээрэмчин” гэх үгийг хэлэхдээ доромж, хараалын утгатай “Thug” үгийг ашигласан нь тэмцэгчдийн бухимдлыг дахин өдөөв.
Өдөр нь Миннеаполисын цагдаагийн газрын гадна болж буй тэмцлийн үйл явцыг сурвалжилж байсан CNN агентлагийн сэтгүүлч, зураглаачийг баривчиллаа. Удалгүй буцаан суллаж, тус агентлагийн захирлаас уучлалт хүссэн байна.
Үдээс хойш нь Дерек Шоувиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг үйлдсэнд тооцож, баривчиллаа.
Орой 20.00 цагт Миннесота, Миннеаполисын хэсэг газрыг хамарсан талбайд түр хугацааны хөл хорио тогтоов. Албан эх сурвалжууд энэ үеэр Дональд Трампыг цагаан ордонд, тусгай хамгаалалтад орсныг баталж байлаа.

ТАВДУГААР САРЫН 30
Жагсаал, тэмцэл үргэлжилсээр. Миннеаполис цагдаа, хүчний бүх ажилчдаа дайчлан, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэв. Энэ нь тус мужийн түүхэнд анх удаа тохиосон үйл явдал боллоо.
Энэ өдөр АНУ-ын нэр нөлөө бүхий урлаг, соёлын одод Жорж Флойдын хэрэг дээр байр сууриа илэрхийлцгээлээ. Тухайлбал Рианна, Билли Айлиш, Бейонсе нар асар ихээр сэтгэл өвдөж буйгаа илэрхийлж, сошиал орчноор дамжуулж шударга ёсыг нэхсэн юм.
Тэмцлийн үеэр хэд хэдэн удаа буудалцаан болж, гэмгүй иргэний биед халдсан үндэслэлээр хэд хэдэн цагдаа ажлаасаа халагдлаа.
ТАВДУГААР САРЫН 31
Тавдугаар сарын 29-нд тогтоосон хөл хорио хоёр дахь өдрөө үргэлжлэв.
Одууд Жорж Флойдын төлөө дуу хоолойгоо өргөсөөр.
Миннесотагийн засаг дарга Тим Валц хэвлэлийн бага хурал хийж, үүгээр болсон явдлыг “аллага” гэж нэрийдэв.
Орой нь Цагаан ордны дотоод бүх гэрэл шатаж, харанхуй нөмрөв.
Тэмцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, 300 орчим жагсагчдыг албадан баривчлав.

ЗУРГААДУГААР САРЫН 1
Мичиганы их сургуулийн профессор Майкд Баден тэргүүтэй шинжээчдийн баг Жорж Флойдыг бүтэж буюу амьсгалын дутагдлаас болж нас барсныг албан ёсоор тогтоолоо.
Нью-Йорк хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо...

Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дон�##�ьд трамп америкийн бүх иргэдэд сайн сайхныг авчрагч мөн болов уу.