Ярилцлага

Н.Идэрмөнх: “BTS” хамтлагтай хамтарсан гитарчин сүүлийн уран бүтээл дээр минь ажилласан

Өнгөрсөн бямба /2020.05.30/ гарагт БНСУ-ын “E” телевизээр “Topgoal Rhapsody” нэвтрүүлгийн ээлжит дугаар цацагдлаа. Энэ бол Өмнөд Солонгост амьдардаг гадаад иргэдийн оролцдог дууны тэмцээн юм.

Харин уг дугаарт монгол залуу Н.Идэрмөнх оролцож,  ялагч болсон тухай мэдээлэл сошиал орчинд түгснээр нийгэмд эерэг гэгээлэг хандлагыг бий болгосон билээ. Тэрбээр Им Жэ Бом дуучны “Чиний төлөө” дууг солонгос, монгол хоёр хэлээр дуулжээ. Энэ нь солонгосчууд дунд хуучны, дуулахад хэцүү дуундаа тооцогддог гэнэ.

Н.Идэрмөнхийг дуулсны дараа шүүгчид суудлаасаа босон алга ташжээ. Тэд өнөөдрийг хүртэл оролцсон оролцогчдоос хамгийн сайн нь байлаа хэмээсэн байна.

Тэр солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Чиний төлөө” дуу нь түүний хувьд онцгой дурсамж агуулдаг тухай дурджээ. “Монгол руугаа буцах уу, эсвэл урлагийн амьдралаа үргэлжлүүлэх үү хэмээн эргэлзэж байх үедээ нэгэн дууны тэмцээнд энэ дууг дуулж оролцоод нэгдүгээр байранд орж байсан” хэмээсэн байна.

Түүнчлэн, “Эхнэртээ үгээр илэрхийлэх аргагүй ихээр талархаж явдгаа хэлмээр, бас уучлалт гуймаар санагддаг. Өрхийн тэргүүний хувьд амьжиргааны зардал ихээр олж чаддаггүйдээ багахан эмзэглэдэг. Орчуулгын ажил болон тоглолтоор мөнгө олдог ч сэтгэлдээ үргэлж түүнээсээ уучлалт хүсдэг” гэж ярьсан юм.

Image may contain: 1 person, sitting

Бид шинэ уран бүтээлийн ажилтай, шахуу цагийн хуваарьтай байхад нь Н.Идэрмөнхтэй холбогдож, товчхон ярилцсанаа уншигчдад хүргэе.


-Юуны өмнө уншигчдад өөрийгөө бага ч болов танилцуулаач?

-Намайг Ням-Очирын Идэрмөнх гэдэг. БНСУ-д ажиллаж, амьдраад 10 жил болж байна. Одоо Тэжон их сургуульд бизнесийн удирдлага болон дуулаачийн мэргэжлээр хослон суралцдаг. Энд эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

-“Topgoal Rhapsody” тэмцээнд оролцож ялагч болсон нь энд ид яригдаж байна. Нэвтрүүлгийн зураг авалтад хэзээ орсон бэ?

-Энэ нэвтрүүлгийн багтай гуравдугаар сарын сүүлээс эхлэн холбогдсон. Ингээд шалгаруулалтад нь орж, бэлтгэл ажлаа хангаж явсаар тавдугаар сарын эхээр зураг авалтдаа орсон доо.

Image may contain: 3 people, closeup

-Монголчуудынхаа сайхан хандлагыг сошиал орчноос харж суугаа байх. Ямар мэдрэмж төрж байна вэ?

-Ер нь бол монголчуудыгаа ингэж сайхнаар хүлээж авна гэж бодоогүй. Нэлээд олон хүн үзэж, сэтгэгдэл бичиж байна. Солонгост байгаа Монголчууд маань бас их үзсэн бололтой. Маш олон хүн гоё сэтгэгдэл бичиж байна, эерэг байна. Солонгос дууг монгол хэлээр хослуулан дуулсан анхны удаа учраас хүмүүст сонирхолтой, шинэ содон хүрэх шиг боллоо. Миний хувьд энэ тэмцээнд түрүүлнэ гэж огт бодоогүй. Анх нэвтрүүлэгт орж сайхан дуулъя, сайхан уран бүтээлтэй болъё гэж зорьсон. Энэ бодол маань ч түрүүлэхэд нөлөөлсөн болов уу гэж бодож сууна. Маш сайхан эерэг сэтгэгдлүүд бичиж, намайг дэмжсэн, урамшуулсан бүх хүмүүст энэ завшааныг ашиглан “Баярлалаа” гэж хэлье.

-Нэвтрүүлэгт оролцох үед төрж байсан сэтгэгдлээ хуваалцаач. Нэр нөлөө бүхий томоохон шүүгчид, Өмнөд Солонгосын олон сая үзэгчдийн өмнө гарсан шүү дээ?

-Тайзан дээр гарахад ерөөсөө сандраагүй. Би эхнээсээ сэтгэл зүйн бэлтгэлээ чадах хэмжээндээ хийчихсэн байсан юм л даа. Угаас ийм хэмжээний тайзан дээр гарах нь тодорхой учир гараад, чаддаг бүх юмаа үзүүлж, сайхан дуулах л хэрэгтэй. Иймд өөрийгөө ямар нэг байдлаар сандралд оруулаагүй. Маш бэлтгэлтэй, сайхан тайван байж бүх зүйлээ гаргаж чадсан. Мэдээж том том шүүгчид, олны танил хүмүүс өөдөөс хараад сууж байсан. Гэхдээ урлагийн хүн тайзан дээр өөрийгөө ганцаар байгаагаар мэдэрч, тэгж дуундаа орж үзэгчдэд хүргэх ёстой гэж боддог. Энэ бол зритлгүй ТВ-шоу учир яг тэгж дуундаа орж, мэдэрч дуулахыг хичээсэн, чадсан ч болов уу гэж бодож байна.

Image may contain: 1 person, standing, stripes and indoor

-БНСУ-д анх хэрхэн хөл тавьсан бэ. Урлагийн салбарт нь хүч үзье  гэж анхлан зориглов уу, эсвэл...?

-Анх БНСУ-д хөдөлмөрийн гэрээний ажилтнаар дөнгөж 20 настайдаа ирж байлаа. 2010 онд юм байна. Би багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан. Ийм учир Солонгост ирээд хэлийг нь сайн сурч, урлагийн сургуульд суралцана, мөрөөдлөө биелтэл зүтгэнэ гэж хатуу зорилго тавьсан. Энэ зорилготоо хүрэхэд алхам, алхмаар ойртож яваа болов уу гэж боддог. Шинэ уран бүтээл маань нэвтрүүлэг гарсан өдөр Солонгосын сайтуудаар цацагдсан байгаа.

-“Topgoal Rhapsody” нэвтрүүлэгт оролцох боломж яаж олдсон бэ. Өмнө нь БНСУ-ын ямар нэвтрүүлэг, тэмцээн уралдаанд оролцож байсан бол?

-Анх энэ нэвтрүүлгийн баг БНСУ-ын “Road FC”-д тулалддаг М.Нандин-Эрдэнэтэй холбогдсон юм байна лээ. Оролцуулах, дуулдаг хүн байна уу гээд. Ингээд найзаараа дамжуулж энэ нэвтрүүлэгт орох болсон доо. Өмнө нь гадаадын иргэдийн дунд зохиогддог тэмцээнд хоёр удаа финальд үлдэж, тусгай байрын шагналыг авч байсан. Мөн Солонгост долоо хоног бүр гардаг “National Singing Bragging” тэмцээнд оролцон, 700 гаруй хүнээс гуравдугаар байранд орж байсан.

Image may contain: 1 person, smiling

-Ер багаасаа дуулах дуртай, урлагт хайртай хүүхэд байсан болов уу. Урлагтай холбогдсон бага насны дурсамжаа хуваалцаач?

-Тийм ээ, багаасаа л дуулах дуртай байсан. Харин яг анх ямар дуучныг хараад, ямар дурсамжаас эхл авч дуучин болох мөрөөдөлтэй болсноо санадаггүй. Яагаад ч юм дуучин болохыг хүсдэг, дуучин болно гэдгээ мэддэг байсан. Тэгээд л хүн ганц л амьдрах юм чинь заавал мөрөөдлөө биелүүлэх ёстой гэж өөртөө андгай тангараг тавьсан гэж болно. 10 жилдээ бол яах вэ, урлагийн үзлэгт л дуулдаг байснаас сүйдтэй том тайзан дээр гарч үзээгүй. Жаахан ичимхий бүрэг хүү байсан гэж хэлж болох байх.

-Хүний нутагт халшрах, шантрах зүйл хэр таарч байна вэ. Шоу, бизнесийн ертөнц нь нэгэнт тогтчихсон орон шүү дээ?

-Солонгост уран бүтээлч хүн томоохон энтертайнментэд заавал харьяалагдах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол уран бүтээлийн карьер хөөхөд маш хэцүү. Харин энэ нэвтрүүлэгт оролцсоноос хойш хамтран ажиллах ганц нэг санал ирж байна, ярилцах шатандаа явж байгаа. Мэдээж хүний нутагт тэр бүр дуулах, зурагтаар гарах боломж бага шүү дээ. Азаар миний хувийн уран бүтээл дээр сайн уран бүтээлчид хамтран ажиллаж байна. Сая гарсан шинэ дуун дээр маань BTS хамтлагийн “Fake Love” дуун дээр ажилласан гитарчин Lee Taeuk ажилласан. Харин продюсерээр хөгжмийн зохиолч Son Yeonseong ажилласан.

No photo description available.

-Ирээдүйд зорьсон зорилго, холын хүсэл тэмүүлэл тань юу вэ?

-Би өдөр тутам, байнга шинэ уран бүтээлийн санаа, шинэ дуу шүлэг бодож явдаг. Амьсгалж амьдардаг гэхэд болох байх. Мэдээж цаашид хийж бүтээх олон санаа байна. Амьдралд ойр, олон хүнд хүрэх уран бүтээл гаргахыг зорьж байна. Анхны бие даасан цомгийн бэлтгэл ажил хангагдаад явж байна. Мөрөөдлийнхөө араас хөдөлмөрлөж, ард түмэндээ сайхан бүтээл хүргэе л гэж бодож, зорьж явна.

-Ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл байна уу?

-Залуустаа хандаж өөрсдийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ араас тууштай хөдөлмөрлөдөг байгаарай гэж хэлмээр байна. Тэгсэн цагт амжилт өөрөө босож ирдэг байх гэж би боддог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button