Ярилцлага

Н.Хулан: Би өөрийгөө “галзуу” мөрөөдөгч гэж боддог

"Year to remember” номын зохиолч, “Gumuda concept store”-ийн үүсгэн байгуулагч, youtuber, амьдралын хэв маяг судлаач Н.Хулантай ярилцлаа.

-ШИНЭ НОМОО ЕСДҮГЭЭР САРД ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОНО-

-Сүүлийн үеийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхлүүлье. Та яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Гуравдугаар сард “Gumuda concept store”-ийн үйл ажиллагаа түр зогссоноос хойш шинэ номынхоо ажил орсон. Үүнийхээ хажуугаар youtube-ийн контентуудаа таслахгүй хийхийг хичээж байгаа.

-Шинэ ном нь ямар сэдэвтэй вэ. Өмнөхийн адил хувь хүний хөгжилд чиглэсэн үү?

-Тийм ээ, хувь хүний хөгжлийн тухай сэдэвтэй. Өмнө нь 52 долоо хоногийн турш шинэ зүйл туршсан тухай бичсэн. Харин энэ удаад өөрийн дуу хоолой, зорилгоо хэрхэн олсон, миний өөрийгөө “олох” аяллын түүхийн талаар бичиж байгаа.

-Шинэ номоо хэзээ уншигчдын хүртээл болгох вэ?

-Уг нь тавдугаар сард гаргана гэж төлөвлөсөн ч санаснаар болсонгүй. Би өөрийгөө өндрөөр үнэлсэн байна билээ. Бичихээс гадна редакторлана. Мөн би номоо сонирхолтой байлгах үүднээс арт оруулахыг хичээдэг учраас номдоо зориулсан зургууд оруулна гээд маш олон ажил байгаа. Иймд есдүгээр сард гаргана гэж төлөвлөсөн.

-Та оюутан байхдаа "UBS music-т хөтлөгч, редактораар ажиллаж анх олны өмнө гарч байсан. Энэхүү завшаан хэрхэн олдсон бэ?

-Надад маш азтай завшаан тохиосон. Тухайн үед “UBS” телевиз царайлаг хөтлөгчидтэй гэдгээрээ алдартай байсан. Тэрнээс ч өмнө мөн маш гоё эмэгтэйчүүд ажилладаг байсан юм билээ. Тэгээд ч шинэ залуу хөтлөгч ажилд авдаггүй байсан юм. Би нэгдүгээр курсийнхээ зун “UBS” телевизэд дадлага хийхээр очсон. Нэг сар хийх байсан дадлагаа сунгаж, гурван сар хийсэн юм. Тэр үед “UBS Music” гэдэг энтертэйнмэнт суваг нээх гэж байгаа, шинэ залуу хөтлөгчид хайж байгаа учраас Н.Хуланг ажиллуулж үзье гэж шийдсэн юм. Ингэж надад азтай учрал тохиосон. Түүнээс би тэнд дадлага хийгээгүй байсан бол хэзээ ч орохооргүй өндөр босготой “айл”.

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ. Бага наснаасаа мөрөөдөж байв уу?

-Би бага байхдаа зохиолч болно гэж их боддог байсан. Ном бичдэг хүн болоод хавтаснаас нь өөрийнхөө зургийг хараад суух юм сан гэж мөрөөддөг байлаа. Гэтэл зохиолчийн анги гэж байдаггүй юм билээ. СУИС-д жүжгийн зохиолчийн анги гэж байсан ч ном, жүжиг хоёр хоорондоо өөр шүү дээ. Ном, бичгийн ажилтай хамгийн дөхөж очих мэргэжил нь сэтгүүлч байсан учир энэ мэргэжлийг сонгосон.

-Та бас АШУҮИС-д сурч байсан юм билээ?

-Аан тэр бол алдаа байсан (инээв). Миний шийдвэр биш, гэр бүлийн шахалт байсан. Тухайн үед би ч сонгосон зүйлдээ баттай байж чадахгүй байсан болохоор гэрийнхнийхээ шийдвэрийг дагасан. Аав, ээжүүд хүүхдээ хуульч, эмч, эдийн засагч зэрэг нарийн мэргэжилтэй болгохыг хүсдэг шүү дээ. Тэгээд АШУҮИС-д орж байсан. Гэхдээ удалгүй миний хийх зүйл мэдээд гарсан.

-БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХҮН БАЙГУУЛЛАГАА ҮРГЭЛЖ АРЧИЛЖ, ТОРДОХ ХЭРЭГТЭЙ-

-Одоо хүмүүс таныг сэтгүүлч гэхээс илүү Year to remember” номын зохиолч, “Gumuda concept store”-ийн үүсгэн байгуулагч, youtuber, амьдралын хэв маяг судлаач гэдгээр мэддэг болсон байна. Энэ бүх ажлыг хэрхэн амжуулж, зохицуулдаг вэ?

-Дараалуулаад хэлэхээр олон сонсогдож байгаа ч цаг хугацааны хувьд давчуу ажлууд биш л дээ. Бүгд миний хийх дуртай зүйлс учраас ажил гэж бодож, зовж хийдэггүй. Заримыг нь гэртээ хийх боломжтой учраас амжуулдаг даа.

-Номын зохиолч, youtuber хийх нь сэтгүүлч мэргэжилтэй тань уялдаж байна. Харин “Gumuda store”-ийн хувьд арай өөр салбар. Хувцас загварын салбарт хөл тавьж, дэлгүүр нээх болсны учир юу вэ?

-Ном бичих болон youtube vlog-оор дамжуулж иргэдэд мэдээлэл хүргэх сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа гэж боддог. Чамайг үүнийг олж харсанд баяртай байна. Би анх телевиз, сонин, радиод ажиллаж байгаад одоо иргэд цахим хуудсаар илүү мэдээлэл хүлээж авах юм байна гэдгийг олж харсан.

"Gumuda concept store”-ийн хувьд анх хоббигоороо эхлүүлсэн гэж хэлж болно. Эмэгтэйчүүд чамин, ганган зүйлст дуртай байдаг шүү дээ. Бизнес эрхэлнэ гээд өөрийн мэдэхгүй, том зүйл рүү орохыг хүсээгүй. Мөн ямар нэгэн байгууллагаас цалин авах биш өөрөө бизнес эрхэлж, санхүүгийн эх үүсвэрээ өөрчлөхийг хүссэн. Гэхдээ бизнес эрхэллээ гээд айхтар баяжсан юм бол алга. Ер нь өөрийнхөө санхүүг өөрөө хариуцдаг байя гэсэн санаагаар дэлгүүрээ нээсэн.

-Байгууллагаас цалинжих, өөрийн бизнесээ эхлүүлэн нэг байгууллагыг удирдан бусдыг цалинжуулах хоёрын ялгааны талаар яривал?

-Ажилтан байх бол амархан юм билээ. Өгсөн үүрэг даалгаврыг хийгээд бусад үед “эморсон” ч хамаагүй. Харин өөрийн гэсэн байгууллагадаа гэрийн тэжээмэл амьтан шиг байнга анхаарал хандуулж, арчилж тордохгүй бол амархан нурдаг юм билээ. Бизнес эрхлэгч хүн маш ухаантай, санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй, тайлангаа гаргаж чаддаг байх гэхээс илүү хүн хүнээ хайрладгийн адил бизнесээ мөн хайрлаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Ямар нэгэн алдах зүйлтэй болонгуут үйлдлүүдээ бодож, цэгнэж эхэлсэн шүү.

-Н.Хулан гэхээр хүмүүс таныг тэр бүр мэддэггүй ч "Gumuda Хулан гэхээр мэдэх хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Энэ нэр таны бас нэгэн нэрийн хуудас болжээ. Gumuda гэж ямар утгатай үг вэ?

-Түүхэн эх сурвалжийг нь сайн мэдэхгүй л дээ. Чингис хаан кинон дээр Гүмүда гэдэг эмэгтэйн дүр гарч байхыг анх харж байсан. Дараа нь Б.Батрэгзэдмаа зохиолчийн “Очир эрхшээгч” номд Гүмүда гэдэг цэцэгний талаар уншсан. Энэ нь сарны гэрэлд дэлгэрдэг, тэнгэрт ургадаг цэцэг. Хорвоо дээр зөв үйлтэй хүн буухад түүнд зориулж тэнгэрт Гүмүдаг ургуулдаг гэж бичсэн байсан. Үүнийг уншаад би сайн явах юм бол миний Гүмүда тэнгэрт ургах юм байна даа гэж боддог байлаа. Дараа нь монгол дизайнеруудтай ярилцан дэлгүүр нээх санаагаа гаргасан. Тэдэнтэй уулзсаны дараа энэ хүмүүс маш гоё энергитэй, зөв хүмүүс юм гэж бодоод энэхүү нэрийг өгсөн.

-Цар тахлын улмаас Gumuda concept store түр хаалгаа барьсан. Хэзээнээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бол гэж хүлээж буй хүн цөөнгүй байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үйлчилгээний газрууд хөл хорионы үед хүнд байдалд орсон. Маш олон хүн ажилгүй болж, цалингаа хасуулж байгаа энэ үед хүмүүс шинэ хувцас авах зардлаа танаж эхэлсэн. Би зээл аваад үйл ажиллагаагаа зогсоохгүй байж болох байсан ч илүү их санхүүгийн асуудалд орохоосоо өмнө үйл ажиллагаагаа түр зогсоосон. Үйл ажиллагаа сэргээх тал дээр яг баттай хугацаа хэлж чадахгүй байна. Гэхдээ шинээр байрлах газар хайж байгаа.

-УНШСАНАА ХҮНД ЯРЬЖ ӨГВӨЛ ӨӨРӨӨ ИЛҮҮ ИХ ОЙЛГОЖ, СУРАЛЦДАГ-

-Номын талаар яриагаа үргэлжлүүлье. Year to remember” номын тухайд 52 долоо хоногийн турш шинэ зүйл туршсан талаар гардаг. Уг санаанууд хэрхэн төрсөн бэ?

-Жагсааж бичиж байгаад л гаргачихсан. “Google”-ээс хайвал үхэхээсээ өмнө хийж үзэх 100 зүйл гэх мэт жагсаалтууд их байдаг, түүнийг их үзсэн. Ерөнхийдөө ийм жагсаалтуудад амьдралыг илүү сонирхолтой болгох, нэг удаагийн сайхан дурсамж үлдээх зүйлүүд багтдаг. Харин миний хувьд амьдралын дадал, хэвшил болж үлдэхүйц, хэрэгтэй зүйлсийг багтаахыг хичээсэн. Ер нь тархиа чөлөөлж чадвал маш олон “галзуу” санаа төрдөг юм билээ. Би өөрийгөө сонин, содон санаа гаргахдаа авьяастай гэж боддог (инээв).

-Ном дээрх туршилтуудаас амьдралд тань хэдийн дадал болчихсон хэдэн зүйл байгаа бол?

-Өглөөний хүн бол дадал болж, сэрүүлэггүйгээр сэрдэг болсон. Хүйтэн шүршүүр хамгийн хэцүү байсан хэрнээ дадал болж үлдсэн. Түүнчлэн хурдан унших болон гоо сайхны зуршлуудыг хэвшүүлсэн.

-Таны номд google”-ээс өөр сошиал флатформ руу орохгүй байх туршилт байдаг шүү дээ. "Youtube”-ээс гадна фэйсбүүк, инстаграмм зэрэг бусад флатформд хэр их цаг зарцуулдаг вэ?

-Сүүлийн үед илүү их цаг зарцуулдаг болсон. Үүнийгээ халахын тулд энэ долоо хоногоос эхлэн оройн 18.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл утсаа унтраах чалленж эхлүүлсэн. Орой гэртээ байх үедээ утсаа оролдоод байгаа учраас аль болох сошиалд бага цаг зарцуулахыг хичээж байгаа.

-Н.Хулангийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өдөр болгон янз бүр. Ихэвчлэн өглөө 4.00 цагт сэрж 7.00 цаг хүртэл номоо бичээд 9.00 цаг хүртэл дахиж унтана. Гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөж байгаад өдөр дахиад номоо бичнэ гэж боддог боловч 12.00 цагаас хойш гараас юм гардаггүй. Тиймээс үдээш хойш видео контентоо бэлдэж, мөн ном уншдаг. Сүүлийн үед ажлын шугамаар ном унших шаардлагатай болсон.

-Ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ?

-Би өсвөр наснаасаа 25 нас хүртлээ уран зохиолын ном их уншдаг байсан. Харин одоо хувь хүний хөгжил, бизнес, сэтгэл судлалын ном илүү сонирхон уншиж байгаа.

-Та зүгээр нэг туршаад үзэх биш, бусдад тэр туршлагаасаа хуваалцдаг. Бусдад туршлагаа хуваалцахын сайхан зүйл нь юу вэ?

-Би бага байхдаа дуулж, бүжиглэж, зурж чадахгүй, ямар нэгэн авьяасгүй байсан. Тэгээд өөрийгөө юу хийж чаддаг, ямар авьяастайг хайж олон зүйл туршиж эхэлсэн. Одоо ч гэсэн хайсаар байгаа. Ямар нэгэн зүйлийг хийж чадах болов уу гэж бодохын оронд зүгээр л туршиж үздэг. Хүмүүс ирээд лекц уншиж, зөвлөгөө өгөөч гэх санал тавих нь надад сайхан санагддаг. Би өмнө хүнээс асуудаг байсан бол одоо өөрөө асуулгах боломжтой болохоор гоё байдаг. Хүн уншсан зүйлийнхээ 70-80 хувийг нь мартаж, багхан хэсэг нь өөрт үлддэг. Харин хүнд ярьж, зааж өгвөл мэдлэг болж үлдэнэ. Лекц уншихаас гадна аливаа зүйлийг тогтоох, сурах хүсэлтэй байвал хүүхэд болон ахмад настанд ярьж өгдөг. Тэгснээр ярьж байх явцдаа тухайн зүйлийнхээ талаар би өөрөө илүү ойлгож, мэддэг. Түүнчлэн өөрийн үзэл бодлоо илэрхийлж, ойлгуулж чаддаггүй хүмүүст хандаж хэлэхэд хүүхэд болон ахмад настанд хамгийн энгийнээр тайлбарлаж, ярьж өгч байгаарай гэж хэлье.

-ӨӨРИЙГӨӨ "ГАЛЗУУ” МӨРӨӨДӨГЧ ГЭЖ БОДДОГ-

-Та багадаа авьяасгүй хүүхэд байсан гэж ярилаа. Багадаа ер нь ямар хүүхэд байв?

-Би багадаа бүрэг ичимхий, хүнээс юм асууж, хэлж чаддаггүй, аймхай хүүхэд байсан. Хичээлдээ бас тийм ч сайн биш, нийгмийн харилцаанд муу хүүхэд байсан.

-Тэгвэл одоогийн Н.Хулангаас тэс өөр байжээ. Ингэж өөрчлөгдөхөд тань юу нөлөөлөв?

-Би  өөрийгөө тийм их өөрчлөгдсөн гэж боддоггүй. Одоо ч гэсэн санаа зовдог, ичдэг. Шаардлагагүй үед ганцаараа бясалгаж, хүнтэй уулздаггүй. Харин шаардлагатай үед өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Хэлэх гэснээ хэлчихдэг зоримог найзууд минь надад нөлөөлсөн гэж боддог.

-Сэтгүүлч мэргэжил тань үүнд бас нөлөөлсөн байх?

-Тийм шүү. Сэтгүүл зүйн ангид орохоосоо өмнө цэгцтэй, хүнд ойлгомжтой ярьж чаддаггүй байсан. Дөрвөн жил сурахдаа хэрхэн цэгцтэй ярих, хүнээс зөв асуулт асуух талаар суралцсан.

-Н.Хулан хэр мөрөөдөмтгий хүн бэ?

-Би өөрийгөө “галзуу” мөрөөдөгч гэж боддог. Бусдын мөрөөдлийг сонсоод өөрийнхтэйгээ харьцуулахад би айхтар мөрөөдөмтгий бол биш юм шиг. Бусдыг бодвол романтик, дэврүүн мөрөөддөг ч, материалист болон маш өндөр амжилтын талаар мөрөөддөггүй.

-Та vlog-оороо дамжуулж 2019 оны мөрөөдлийн самбарыг танилцуулж, жилийн дараа биелэлтийн талаар бичлэг хийсэн. Жилийн дараа мөрөөдлийн самбараа харахад юу бодогдсон бэ?

-Төлөвлөгөөгөө мартахгүй санасан бол 100 хувь биелэх бүрэн боломжтой байж гэж бодсон. Тэгэхээр үргэлж өөрөө өөртөө төлөвлөгөөгөө сануулж, тэмдэглэж байвал бүтэх юм байна. Сануулахгүй байгаа учраас биелэхгүй байгаа юм байна гэж бодсон.

-Энэ жилийнхээ төлөвлөгөөг мөн гаргасан байх. Энэ талаараа хуваалцана уу?

-Энэ жилийн хувьд хүрэх ёстой амжилт гэхээс илүү сурах ёстой зүйлсийн жагсаалт гаргасан. Түүнийгээ бас видео болгосон, дараа нь мөн биелэлтээ хуваалцах болно.

-Ярилцлагаараа дамжуулж залууст хандаж хэлэх үг хэлэхгүй юу?

-Хэдийгээр хэцүү цаг үе тохиож байгаа ч үүнийг боломж болгон харж, энэ цаг үеийг давж гараарай. Хадгаламж үүсгээрэй, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ
МОНГОЛ
2020-06-05 09:55

МОНГОЛЫН АРД ТҮМЭНДЭЭ ШИНЭ ӨГЛӨӨНИЙ МЭНД ХҮРГЭЕ. ЗОВСОН УЛС ОРНОО ЯДАРСАН АРД ТҮМНЭЭ АВРАХ ЧУХАЛ ЦАГ ҮЕД ИРЭЭД БАЙНА. ШИНЭ НИЙГЭМ УЛС ТӨРИЙН АМЬДРАЛЫГ ЗӨВ ХҮН ЗӨВӨӨР УДИРДАН ЗАЛЖ ЭГЭЛ АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД Л ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭНЭ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button