Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Эмэгтэйчүүд тураах бэлдмэл ууж, хоолоо сойсны улмаас цөсний чулуутай болж байна

Зун цаг ирж, хүссэн даашинзаа өмсөн, өөртөө итгэлтэй алхах хүсэлтэй охид, бүсгүйчүүд богино хугацаанд жин хаяхыг хүсэх нь бий. Янз бүрийн дэглэм барьж, хоолоо сойн, элдэв тураах цай, бэлдмэл хэрэглэн, фитнесст явдаг. Тэгвэл сүүлийн үед хэт турснаас үүдэн цөсний чулуутай болж, чулуугаа авхуулах тохиолдол ихсэж буйг эмч нар онцолсон байна. Энэ талаар мэргэжлийн эмчээс тодруулахаар улсын нэгдүгээр төв эмнэлгийг зорилоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 13.00 цагт очиход шинэ долоо хоногийн эхний өдөр болоод ч тэр үү ачаалал их байв. Үүдэнд халуунаа шалгуулчхаад цааш хоёрдугаар давхарт гарлаа. Элэг, цөсний тасгийн үүдэнд дөрвөн эмэгтэй дугаарлан зогсжээ. Бид тэдний ард зогсов. Хүлээх зуур шинжилгээний бичиг барин зогсох хоёр эмэгтэйтэй ямар эмчилгээ хийлгэх гэж буй талаар нь асууж, ярилцлаа.

Дөч эргэм насны эмэгтэй “Эгч нь элэгний хатууралтай. Шинжилгээний хариугаа авчхаад эмчдээ үзүүлж эм бичүүлэх гээд л явж байна. Сүүлийн гурван жил эмчилгээ хийлгэж, эмнэлгээр явах болсон” гэлээ.

Харин цаана нь зогсох 25-тай болов уу гэмээр эмэгтэй “Ээж маань элгээ солиулсан юм. Энэ сарынх нь эмийг бичүүлж авах гээд зогсож байна” гэлээ. Та цөсний чулуугаа авхуулж байсан уу хэмээн сонирхон асуухад “Жил гаруйн өмнө цөсний чулуугаа авхуулсан. Би цагийн ажил хийдэг байсан юм. Тэгээд өглөөний цайгаа уухгүй гараад үдээс хойш хоол иддэг байсан. Өглөө цайгаа уухгүй мөн хол зайтай буруу хооллосны улмаас цөсний чулуутай болсон гэж эмч хэлсэн” гэлээ.

Цөсний чулуужилтын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гастеринтерлогийн төвийн их эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Н.Одонтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.

-ХООЛЛОХ ХУГАЦАА ХОЛДСОНЫ УЛМААС ЦӨСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА СУЛАРЧ, ЧУЛУУЖДАГ-

-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд хоолоо сойж, хэт их жин хассанаас үүдэж цөсний чулуутай болж, авхуулж байна. Танай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс дунд энэ тохиолдлоор цөсний чулуутай болсон хүмүүс хэр их ирж байна вэ?

-Охид бүсгүйчүүдийн хувьд жин хасах үйл явцаас болж цөсний чулуутай болж байна. Тэд өдөрт идэх ёстой хоолны хэмжээнээсээ маш бага идэж байна. Үүнээс үүдэн цөсний үйл ажиллагаа буурдаг. Цөс бол хоол боловсруулалтад оролцдог чухал үүрэгтэй эрхтэн. Тэгэхээр хоолоо сойх үед цөсний үйл ажиллагаа зогсоно гэсэн үг. Энэ үед цөс бөөгнөрч, шаварлаг цөс үүсэж, аажимдаа чулууждаг. Ихэвчлэн 40-өөс дээш насныханд их тохиолддог байсан бол тураах бэлдмэл ууж, хоолоо сойх үед цөсний чулуу үүсэх хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэж, залуужиж байгаа.

-Хоол сойхоос гадна ямар хүчин зүйлээс шалтгаалж цөсний чулуу үүсэх вэ?

-Маш олон шалтгааны улмаас цөсний чулуу үүсдэг. Нэгдүгээрт, таргалалтаас болдог. Таргалалттай үед цөсний үйл ажиллагаа удааширч, бодисын солилцооноос үүдэн тарган хүн цөсний чулуутай байх нь элбэг. Ялангуяа хэвлийн таргалалттай хүмүүсийн чулуу өөх тосны агууламж их болсноос үүсдэг. Тиймээс жингээ, ялангуяа хэвлийн жингээ барихгүй бол цөсний чулуутай болно. Түүнчлэн хооллолтын хэв маягаас шалтгаална. Зөвхөн хоол сойх гэлтгүй ажлын нөхцөл байдлаас шалтгаалан хэт хол зайтай хооллох нь цөсний чулууг үүсэх нэг нөхцөл болдог.

-Цөсний чулуутай болбол ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Цөсний өтгөрөл эхэлж байгаа хүмүүст шинж тэмдэг бараг илрэхгүй. Бараг 1 см чулуутай байсан ч шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Энэ нь шинжилгээгээр л мэдэгдэнэ. Харин үрэвссэн тохиолдолд аюулхай болон баруун хавирганы нумаар өвдөнө. Гэхдээ өвдөхгүй байсан ч хоолны шингэц муудаж, гэдэс цанхайх шинж тэмдэг илэрнэ.

-1 СМ-ЭЭС ТОМ ХЭМЖЭЭТЭЙ ЧУЛУУГ МЭС ЗАСЛЫН АРГААР АВАХААС ӨӨР АРГАГҮЙ-

-Цөсний чулууг заавал авхуулах ёстой юу?

-Цөсний чулууг эмийн тусламжтайгаар хайлуулж чадахгүй бол мэс заслын аргаар авахаас өөр аргагүй. Цөсний чулууны үрэвсэл бол маш хэцүү өвчин. Хоол идэж чадахгүй, байнга өвдөж, зовуурилах болно. Тэр өвдөлтийг бид ямар ч эмээр намдааж чаддаггүй. Хэрэв цөсний чулууны хурц үрэвсэл болбол идээлж, севс болж, хүндрэх талтай. 1см-ээс бага хэмжээтэй, чулуужаад 1 жил хүрээгүй бол эмээр хайлуулж болно. Түүнээс том хэмжээтэй, илүү удсан чулууг мэс заслын аргаар авахаас өөр аргагүй.

-Цөсөө авхуулах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Бүх эрхтэн өөрийн гэсэн үүрэгтэй, хүнд хэрэгтэй. Байх ёстой зүйл байхгүй болохоор мэдээж сөрөг нөлөөтэй. Цөсний хүүдийгээ авхуулсан хүн хагалгааны дараа сөрөг шинж тэмдэг илрэх нь харьцангуй цөөн. Харин мэс заслаас үүдсэн хүндрэл үүсэх тал байдаг. Цөс нь элэгний дор 100 мл орчим хуримтлагдаад гадагшлах ёстой. Гэтэл хуримтлагддаг хүүдийг нь авчихаар элэгнээс цөс шууд нарийн гэдэс рүү цутгана гэсэн үг. Гэтэл цөс зөвхөн хоол идэж байхад л нарийн гэдэс рүү ялгарч тос өөхийг шатааж байх ёстой байдаг. Ингээд хуримтлагдахгүйгээр байнга нарийн гэдэс рүү цутгаад эхлэхээр 12 хуруу гэдсийг түлж, шархлуулж эхэлнэ. Мөн ходоод руу цөс орж ирвэл цээж гашуу оргиж, эвгүй зүйл аманд амтагдах шинж тэмдэгүүд илэрдэг. Ийнхүү цөсний сөөргөнөөс үүдэлтэй ходоодны үрэвсэл, шарх үүсдэг. Үүнээс гадна хоолны шингэц мууддаг. Цөсөө авхуулсан хүн өөх, тостой зүйл идвэл аюулхайгаар цанхайх, амархан гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрдэг. Мөн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болох эрсдэлтэй. Иймд цөсийг орлуулах цөсний ферментүүд уух хэрэгтэй.

-Зарим хүмүүс сайн дураараа цөсөө угаадаг. Энэ нь хэр зөв зүйл вэ?           

-ЭХО-д харуулсныхаа дараа цөсөө угаана гэдэг хамгийн зөв арга. Цөсний хүүдий нь лийр хэлбэртэй. Лийрийн иш шиг нарийн цөсний суваг гэж бий. Энэ нь 0.4-0.5 мм хэмжээтэй. Хэрэв үүнээс том хэмжээтэй чулуу байвал угаахад гарахгүй, тээглэнэ гэсэн үг. Иймд цөсөө угаахаас өмнө зайлшгүй ЭХО-д харуулах хэрэгтэй. Чулуутай байх юм бол угааж болохгүй. Маш жижигхэн чулуу байсан ч угааж болохгүй. Харин жижиг хэмжээний чулууг хайлуулах эм ууж, том хэмжээний чулууг мэс заслын аргаар авхуулна. Чулуутайгаа мэдэхгүй угаагаад цөсний сувгаа бөглөх тохиолдлууд цөөнгүй гарлаг. Харин цөс өтгөн бөгөөд чулуу тохиолдолд сувиллын журмаар, тодорхой аргачлалаар угааж болно. Гэтэл хүмүүс зөв аргачлалаар угаахгүй, гэдсээ угаах нь элбэг байдаг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button