Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: "Дархан өргөө” хотхон дахин төлөвлөлт нэрээр оршин суугчдаа заналхийлсээр байна

Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт бол “Дархан Өргөө” хотхон. С.Батболд Нийслэлийн Засаг даргын албыг хашиж байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 7 га газрыг барилгажуулах ажлыг “Пример инвестмент групп” ХХК-д хариуцуулж байжээ.

Тус компани өдгөө 60 айлын хоёр блок буюу 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, орон сууцыг бэлэн болгоод буй. Оршин суугчдын тал хувь нь газраа чөлөөлж орсон бол үлдсэн хувь нь өөрсдийн мөнгөөр буюу м2 тутамд хоёр сая төгрөгийг төлж, байраа худалдан авчээ. Өдгөө тус байрны гурав дахь блокийн барилгын ажил эхэлсэн, ид дундаа явах бөгөөд ойр орчмын талбай нь эл хуль, хогондоо дарагдсан байх аж.

Манай редакцад тус хотхоны оршин суугч утсаар холбогдож, байртайгаа холбоотой асуудлаар гомдол мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ "Би энэ байраа м2-ийг нь хоёр сая төгрөгөөр, нийтдээ 100 сая гаруй төгрөгөөр худалдаж авсан. Байраа анх авахад хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай, түүнчлэн өөр олон зүйл баригдана хэмээн хэлж зарсан. Гэвч өнөөдөр тоглоомын талбай ч байхгүй. Ногоон байгууламжийг бол дурсах ч хэрэггүй. Тоосжилт ихтэйгээс гадна хогондоо дарагдсан. Яах вэ түр тоглоомын талбай гэж нэг зүйл байгуулсан нь элснээс өөр зүйлгүй. Би энд ороод жил болох гэж байна. Гэтэл энэ хугацаанд анх орсноос өөр юу ч сайжирч, өөрчлөгдсөнгүй. Мөн манай урд нэг зүйл барих гээд газар синдийчээд ухчихсан байгаа. Тэрэн дээр өндөр барилга барих сураг гарсан. Хэрвээ тэр баригдвал, манай гэрийн цонхоор орж ирэх нарыг ч мөн хааж таараад байгаа юм. Дахин төлөвлөлтөөр хашаагаа байраар сольсон хүмүүс нь гомдол санал хэлэхгүй юм. Анх гоё сайхан үгсээр хуурч, олон сая төгрөгөөр байраа зарчихаад өнөөдөр иймэрхүү байдалтай байгаа нь үнэхээр харамсалтай байна. Хажуугийн барилгаас ч мөн төрөл бүрийн зүйл унадаг гэж хүүхдүүд маань хэлэх юм. Үр хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх баталгаа алга” хэмээх зүйлсийг хэлсэн юм.

Иймд бид иргэний гомдлыг нягтлах, тус байрны оршин суугчдын амьдарч буй бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар тус хотхоныг зорилоо.

"ХОГТОЙ ЭЛСНЭЭС ӨӨР ТОГЛОХ ГАЗАРГҮЙ БАЙРНЫ ХҮҮХДҮҮД”

Тус хотхон нь гаднаа ямар нэг содон шинж тэмдэг, хараанд өртөхүйц хаяг, рекламгүй харагдав. Зөв газраа ирсэн эсэхийг бататгахаар эргэн тойронд хүмүүс байгаа эсэхийг харцаараа хайлаа. Ингээд баригдаж буйн барилгын дэргэдэх цэнхэр хашааны урд элснээс өөр нүдэнд торох зүйлгүй хогонд дарагдсан талбай дээр тоглох 6-9 насны гэмээр хүүхдүүд дээр очлоо. Ингээд тэднээс хотхоны нэрийг асуухад хөвгүүд зэрэг өнгөөр "Дархан Өргөө” хэмээн хариулав. Тэдэн дээр дөхөж очоод хэсэг бид ярилцсан юм.

-Миний дүү нар энд юу хийж байгаа юм бэ?

-Бид элсээр тоглож байна.

-Та нар энд амьдардаг юм уу?

-Энэ хоёр тэр хойно хашаанд амьдардаг. (цэнхэр болон алаг цамцтай хүүг хэлэв) Харин бид гурав энэ байранд амьдардаг. (малгайтай болон улаан алаг, хөх цамцтай хүү)

-Энэ байранд өөр тоглоомын талбай бий юу?

-Байхгүй ээ. Байгаа нь л энэ. Элснээс өөр тоглох тоглоомгүй. Гэхдээ элсээ жил бүр шинээр сольдог шүү.

- Ойр хавьд өөр тоглох талбай бий юу?

-Би энд л тоглодог. Хол явж болохгүй гэж ээж, аав маань захисан юм. Тийм болохоор элсээр л тоглодог. Хүмүүс энэ элс рүү тамхины иш, хагархай шилээ хийчихдэг. Зарим нь бүр бие засчихсан байдаг. Бас хойноос (барилгын талбайг заав) хөөсөнцөр, хогнууд хийсэж ирээд байдаг. Тэгэхээр тоглоход жаахан хэцүү байдаг. Бас орой болохоор том хүмүүс энд архи ууж, их чимээ гаргаад шөнө унтуулдаггүй.

-Та хэд энд нүүж ирээд удаж байна уу? (Эл байранд амьдардаг гэх хөвгүүдээс асуув)

-Нүүж ирээд нэг жил л болж байна. Манайх урьд нь Баянбүрдэд байранд амьдардаг байсан.

-Байр чинь гоё тоглоомын талбайтай болоосой гэж хүсдэг үү?

-Тэгвэл ёстой гоё шүү дээ. Янзын гоё сагсны талбайтай болоосой. Бас байрныхаа гадуур хашаатай болоод согтуу хүмүүс орж ирдэггүй бол гоё. Тэгэхгүй бол заримдаа тоглохоос айгаад байдаг юм.

-БАРИГДААД ГУРВАН ЖИЛ БОЛСОН Ч ХАТУУ ХАЙРГА, ХАЛЦАРХАЙ ЧУЛУУТАЙ ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ХОТХОН-

Элсэн дээр тоглох хөвгүүд надаас шинэ тоглоомын талбай нэхэх мэт нүдээр ширтэцгээж байсан нь сэтгэл эмзэглүүлэв. Тоглоомын талбай гэж хэлэхэд хэцүү энэ газарт хүүхдүүд тоглож, хэзээ хаанаас согтуу хүн гараад ирэх бол хэмээх айдастай амьдарч байна. Эргэн тойронд хөглөрсөн хог, хүүхэд унавал хацар, нүүрээ халцлам үзүүртэй хайрга чулуунууд харагдав. Түүнчлэн баригдаж буй барилгад хамгаалалт хийсэн гэхэд хэцүү бөгөөд хүчтэй салхинд хаанаас ч юм хагархай тоосго, халцархай турба хийсээд ирэхэд бэлэн харагдсаныг нуух юун. Харин хүүхдүүд хогтой элснээс өөр тоглох зүйлгүйгээр хаяанд нь сууцгаана.

2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд тус дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд, төслийн эхний ээлжийн орон сууцны түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байжээ. Ингэхдээ газраа хугацаанд нь чөлөөлсөн айлуудад байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн байна. 2017 онд баригдсан байр өдгөөг хүртэл хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын аюулгүй байдлыг хангаагүй нь харамсалтай. Байрны орцоор гараад гүйх хүүхдүүд автомашинд мөргүүлэх эрсдэл өндөр харагдав.

Бид байрныхаа гадаа нялхсаа салхилуулах ээжүүдээс зарим зүйлийг тодрууллаа. Бага насны гурван хүүхэдтэй нэгэн ээжээс дээрх асуудлаар тодруулахад

"Байрандаа ороод нэг их удаагүй байна. М2-ыг нь хоёр сая төгрөгөөр 80 гаруй сая төгрөгөөр байраа худалдаж авсан. Бидэнд удахгүй тоглоомын талбай баригдана л гээд байсан. Гэхдээ баригдах сураг дуулдахгүй юм. Хүүхдүүдээ гаргахад их хүндрэлтэй байгаа. Нуух юу байх вэ. Үгүй дээ хүүхдийн гулсуур, савлуур, зөөлөн дэвсгэртэй, хашаа хороотой бол хүүхдээ тоглуулах гэсэн. Даанч тийм зүйл алга. Ямар сайндаа л энд ингээд сууж байх вэ” гэсэн юм. Харин тэдний хоёр нь үүнтэй санал нийлж байгаа бололтой ярианд нь хүч өгөв. Хижээл насны нэг эмэгтэй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Ийнхүү бид оршин суугчдаас асуусаар тухайн байрны СӨХ, мөн тус барилгын ажлыг гүйцэтгэсэн "Пример инвестмент групп”-ийн төлөөлөлтэй уулзаж иргэдийн асуудлаар дараах тодруулгыг авсан юм.

-ГОМДОЛ ГАРГААД БАЙГАА ИРГЭД ЯВДАГ ГАЗРААРАА ЯВНА БИЗ-

"Дархан-Өргөө байр нь дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн хөрөнгөөр баригдаж буй байгууламж. Хоёрдугаарт тухайн байгууламж гээд байгаа зүйл нь дээшээгээ арван давхар барилгатай дүйцэхүйц өндөртэй ус дулаан дамжуулах төв баригдах юм. Мөн л Нийслэлийн санхүүжилтээр баригдахаар гэрээ нь хийгдчихсэн. Харин хүүхдийн тоглоомын талбайн хувьд, байр хэдийгээр 2017 онд ашиглалтад орсон хэдий ч, төсөв мөнгөний хоцрогдлоос болоод удааширсан.

Өнгөрсөн хугацаанд олон нам солигдож, түүнийгээ дагаад санхүү мөнгө нь ч хоцорсон зүйл бий. Барилга удаашралтай байгааг өнөөдөр бүгд мэднэ. Гол нь бүгд зураг төслийнхөө дагуу л явж байгаа. Гэхдээ би тэр түр тоглоомын талбайг нь байгуулаад өгчихсөн л байгаа шүү дээ. Өөр яасан юм. Коронавирус гээд хүүхдүүд шаваад байхаар нь сагсны талбайнх нь кольцог нь авчихсан байгаа. Иргэд иймэрхүү асуудлаар хэл ам хийвэл, тэр явдаг газраараа явна л биз” хэмээх тайлбарыг өгөв.

Ямартай ч томчуудыг ийн гомдоллож байх хооронд тус байранд амьдардаг олон арван хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөөр л байх уу. Тоглоомын талбай хайж яваад амь хохирсон хүүхдүүдийн хэрэг биднийг улам сонор сэрэмжтэй, бас алдах эрхгүй хариуцлагатай байхыг сануулсан. Гэтэл өнөөдөр халцархай хэдэн хайрга чулуу, хогтой элсээ тоглоомын талбай хэмээн андуурч, оршин суугчдынхаа гомдлыг нохой хуцсан чинээ тоохгүй, ийн бардамнах удирдлагууд хүүхдийг амь хохирвол хариуцлагыг дааж чадах уу? Эсвэл өнөөдрийн өгсөн тайлбар шигээ явдаг газраараа яв гээд пээдийж суух уу. Бид энэхүү сурвалжлагаараа хүүхдийн эрх, аюулгүй байдал түүнчлэн оршин суугчдын гомдлын бодит үнэнг мэдээллэхийг зорьлоо.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц. МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-11 11:21

Шаардах хэрэгтэй шүү. Дарханд бас баригдсан барилгаа гадна тохижуул�##�т хийлгүй ашигл�##�танд оруулдаг. 2 жилийн өмнө баригдсан гаднах т�##�байг сая л тохижуулж дуусгасан. 100 саяар авч болохгүй байр даа. Гадуураа зөвхөн хөөсөөр бүрээд будсан.

Зочин
Зочин
2020-06-11 11:22

Ямар бүдүүлэг тайлбар өгдөг хүн бэ?

Зочин
Зочин
2020-06-11 11:24

Одоо тэр баригдаагүй барилгын гадна хананы зузааныг хар ! Ердөө л энэ. Энэ хананы гадуур хөөс бүрээд л будчихдаг. Би бол 100 саяар ийм байр авахгүй.

Зочин
Зочин
2020-06-11 11:25

Барилгаа бариад бүх гадна дотно тохижуул�##�таа хийгээд ашигл�##�танд оруулж чадахгүй газарт битгий ийм да�##�гавар өгч байгаач !

Холбоотой мэдээ

Back to top button