НийгмийнНИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: “Дөрвөн шонхор”-т үхрийн цул мах 12000, “Номин”-д хониных 10500 төгрөгийн үнэтэй байна

Хэн нэгний “Холдоорой” гэх дуунаар эргэн харвал тэргэнд 10 гаруй гулууз ачсан залуу олныг сүлжин зүтгэж байв. Цардмал зам дээгүүр тэрэгний дугуй жирийлгэн, залуугийн духнаас хөлс бурзайна. Гулуузнууд нь харваас томируун, өөх суусан, эр хониных гэдэг нь илт. Хажууд явсан хоёр хос “Энэ хэдээс шилж байгаад авах уу, яах вэ. Өөх ихтэй мах дэмий юм билээ” гээд гэдрэг буцав. Хөх өнгийн хоримогчтой өнөөх залуу тэргээ түрсээр нэгэн агуулахын өөд жирийлгэн одлоо. Энд, тэндгүй хүмүүс мах авахаар бужигнан, гайгүй, хямд үнэтэй мах авахыг дор бүрнээ хичээнэ. Томоо гэгчийн даавуун уут барьсан өвөө нэг гуя жинлүүлснээ “Мөнгө арай хүрэхгүй нь. Ерөөсөө кг-ын мах авъя” гэв. “Хүчит шонхор” зах мах авахаар зорин ирсэн иргэдийн хөлд дарагдсан нь энэ.

“МАХНААСАА ШАЛТГААЛААД ҮНЭ НЬ ӨӨР БАЙГАА”

Гаднаа “Үхэр, хонины мах бөөндөнө” гэсэн бичигтэй лангуу руу ороход дөнгөж зоориноос гаргаж ирсэн бололтой үхрийн 20 гаруй хаа, гуя өлгөсөн байлаа. Худалдагч нь “Эдгээрийг гэсгээж байгаад маргаашнаас худалдаална, хэдээр зарахаа тодорхой болгоогүй” гэв. Түүнээс үхрийн мах хэдэн төгрөгийн үнэтэй байгааг тодруулахад лангуун доторх махаа зааснаа “Өчигдөр төхөөрсөн үхрийн гуяны мах 15 000. Хажуудах нь жаахан удсан мах. 13 000 төгрөгөөр ав” гэлээ. Мөн тэрбээр “Үхрийн махны үнэ харилцан адилгүй байгаа. Энэ хавийн махнууд өөр, өөр үнэтэй. Ерөөсөө махныхаа чанараас шалтгаална. Тарган шар, нас бие гүйцсэн үнээний мах 17 000 төгрөгөөс буухгүй. Бярууны махыг 11 000 төгрөгөөр борлуулж байгаа” гэв.

“ХҮЧИТ ШОНХОР”: ХОНИНЫ ЦУЛ МАХ 11 000, ҮХРИЙНХ 17 000

Өөр хэд хэдэн лангуунаас тодруулахад үхрийн махны дундаж үнэ 16 000-17000 төгрөг байлаа. Ер нь үхрийн мах авахаар төлөвлөсөн иргэд “Хүчит шонхор”-ыг зориход 16 000 төгрөгөөр дажгүй мах авчихаар байна. Эл захад хонины мах цул нь 11 000, ястай нь 10 000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин ямааны махыг ястайг нь 8500, цулыг нь 9000 төгрөгөөр борлуулж байна.

А.ГАНБААТАР: ТЭР ӨДӨР У.ХҮРЭЛСҮХ, Ч.УЛААН ХОЁРЫН ЧИХ ИХ ХАНГИНАСАН БАЙХ

Саяхан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Үхрийн мах 20 000  төгрөгт хүрлээ” гэж нийтлэгдсэн нь иргэдийг ихэд цочирдуулжээ. Үүнд гайхсан иргэд харьяа яам, Засгийн газрыг зүхсээр ирээд санаа нь амарсан гэнэ. Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн А.Ганбаатар “Монгол Улс хэчнээн сая малтай билээ. Махны үнийг л барьж чадахгүй байхаар үнэндээ арга алга. Өчигдөр (уржигдар) үхрийн махны үнэ 20000 төгрөгт хүрсэн тухай мэдээлэл цацагдсан их гайхсан. Яалт ч үгүй сонин дээр тэгээд мэдээлчихээр итгэсэн л дээ. Харьяа яамыг, Засгийн газарт баахан бухимдсан. У.Хүрэлсүх, Ч.Улаан хоёрын чих нэлээд хангинасан байх. Арай ч дээ гэж үглэсээр ирсэн чинь харин тийм биш байсан. Бас тэгмээрсэн дээ. Гэхдээ махны үнэ бага багаар л нэмэгдээд байна. Удахгүй 20000 төгрөгт хүрэхгүй гэх баталгаа алга. Юухгүй маханд ингэж дарлуулхаа мэдсэн бол хоньтой болдог байж. Тэгээд л жилд хэдийг төхөөрч, хэрэглэчихээд сууж байхгүй юу. Гэхдээ мал мэдэхгүй мань мэт хонь хариулна гэж үлгэрийн далай. За, одоо сонгууль гээд л шуугилдаад байна. Нөгөө коронавирусээ бүр тас мартчихлаа. Монгол Улсыг сонгуулиа хийг гээд коронавирус намдчихаагүй нь мэдээж. Хаана, хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган төгрөгт хүргэнэ гээд баахан бужигнуулсан. Одоо махны үнийг бариад, хямдруулчихвал тэр бурууг нь хэлтрүүлье.

“НАРЛАГ ДЭНЖ”: ХОНИНЫ ЦУЛ МАХ 11500, ҮХРИЙНХ 13500

Бид тэндээс гараад “Нарлаг дэнж” худалдааны төвийг зорив. Тус зах “Хүчит шонхор”-ын замын эсрэг талд байрладаг. Тэнд үхрийн мах цул нь 13500, ястай нь 12000 үнэтэй байв. Харин хонины мах цул нь 11500, цул нь 10500, нөөцийнх нь 9500 үнэтэй байсан юм.

“ЦАГ ЗҮТГЭЖ ОРООД МАЛ ИХ ТУРСАН. ХУВЬДАА МАЛТАЙ БАЙГААД ХЭРЭГ АЛГА”

Хонины мах авахаар VII буудлаас зорин ирсэн нэгэн эмэгтэй хонины мах гулуузаар нь авахад 250 000 төгрөг болов. Тэрбээр “Өнөөдөр охин минь амаржаад, шөлний мах авах санаатай яарсаар ирлээ. Нялх биетэй үрдээ шөл уулгалгүй яах вэ. Үнэндээ махны үнэ арай хэтэрхий байна. Хөдөө байдаг ахын руугаа захья гэж бодсон ч удчих гээд байсан юм л даа. Манайх уг нь хэдэн малтай. Цаг зүтгэж орсон болохоор мал их турсан. Шөлөнд хэрэглэчихээр цагаан өөхтэй хоньгүй. Тэгэхээр хөдөө малтай байгаад ч хэрэг алга. Махны үнэ цаашид улам л өсөх байх. Яадаг юм бэ, бүү мэд. Төр засаг нэг юм бодож байгаа байлгүй дээ” гэв.

“ДӨРВӨН ШОНХОР: ХОНИНЫ ЦУЛ МАХ 10800, ҮХРИЙНХ 12 000

Бид тэндээс уруудах замаараа “Дөрвөн шонхор” захаар орлоо. Тэнд харьцангүй хүн цөөтэй байв. Махны захаар нь ороход гурван худалдагч мах эвдэж байлаа. Хамгийн захынх нь лангуун дээр очиход нэгэн залуу угтав. Х.Мандах гэдэг тэрбээр үхрийн цул махаа 12 000, хониныхыгоо 10800 төгрөгөөр худалдаж байлаа.

Х.МАНДАХ: ЧЕНЖҮҮД МАХНЫ ҮНИЙГ ЗОХИОМЛООР НЭМДЭГ ГЭДЭГ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ

Түүнтэй цөөн хором ярилцав.

-Танай үхрийн мах шинэ үү?

-Тийм ээ, өчигдөр төхөөрсөн үнээний мах.

-Тэгээд бусад газраас яагаад ийм хямдхан байгаа юм бэ?

-Манайх томоохон захуудын дэргэд байдаг. Үнэнийг хэлэхэд үйлчлүүлэгч цөөтэй. Хямралын үед “Хүчит шонхор” зэрэг захуудтай адилхан үнээр өрсөлдөөд дийлэхгүй. Тиймээс ийм хямд үнээр худалдаж байгаа юм.

-Үхрийн мах 20 000 төгрөгт хүрлээ гэх мэдээлэл гарсан. Бодит байдал дээр тийм үнээр зарж байгаа газар бий юү?

-Үнэндээ хэлж мэдэхгүй нь. “Бөмбөгөр” захад үхрийн мах  20 000 төгрөгт хүрсэн сураг дуулдсан. Тодорхой мэдэхгүй байна.

-Махны үнэ цаашид хэрхэх бол. Ченжүүд махны үнийг хөөрөгдлөө, зохиомлоор нэмлээ гэх шүүмжлэл үргэлж гардаг шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Харин тийм ээ. Махны үнэ өсөх бүрт ченжүүд биднийг буруутгадаг. Энэ нэг талаараа өрөөсгөл. Яагаад вэ гэдгийг би тайлбарлая. “Эмээлт” захад хонь 150000-300000 төгрөгийн үнэтэй байгаа. Дунджаас нь гээд 250000 төгрөгөөр нэг хонь авлаа гэж бодъё. Нөгөө хонио хүнээр гаргуулна. Хөлс нь 15 000 төгрөг. За, тэгээд бензиний мөнгө. Тэгэхийн оронд манайхаас шууд гулуузаар нь мах авлаа гэж бодьё. Ойролцоогоор нэг гулууз 23 кг жин татна. 20 кг-ыг 10800 төгрөгт үржүүлэхэд 248 000 төгрөг болж байгаа биз. “Эмээлт”-ээс очоод авахаас хямдхан тусаж байгаа биз дээ. Тэнд зөвхөн ченжүүд бус малчид өөрсдөө мал зардаг. Тэгэхээр малчдын гар дээрээс авсан, захаас авсан хямдхан тусахгүй юм гэхэд ялгаагүй байгаа биз дээ. Хэрвээ ченжүүд малчдаас мал хямдхан аваад, үнэтэй зараад байдаг бол энэ зөрүү их гарна шүү дээ.

“БӨМБӨГӨР”: ХОНИНЫ ЦУЛ МАХ 12500, ҮХРИЙНХ 15500

Бидний дараагийн очсон зах “Бөмбөгөр”. Эл зах хөд хөдөлгөөн ихтэй байв, ялангуяа мах, хүнснийх нь тасагт бүр ч их. “Бөмбөгөр”-т үхрийн мах цул нь 15000, ястай нь 13500 төгрөгийн үнэтэй байв. Хонины махыг цулыг нь 12500, ястайг нь 12 000 төгрөгөөр борлуулж байв.

Захуудад махны үнэ нэг иймэрхүү. Ерөнхийдөө үхрийн мах 20 000 төгрөгт хүрсэн нь худал мэдээлэл болохыг харьяа яамныхан төдийгүй ченжүүд батлав. Супер маркетад мах захаас арай үнэтэй байдаг шүү дээ. Тиймээс бид дараа нь X хороололд байрлах “Efes” супермаркетаар оров.

“EFES”: ХОНИНЫ МАХ ЦУЛ, ЯСТАЙ НЬ АДИЛХАН 12500

Тус супер маркетын махны тасагт очиход шинэ махаар хөргөгчөө дүүргэсэн байсан юм. “Efes” хонины махыг ястай, цулыг нь адилхан 12500 төгрөгөөр борлуулж байв. Харин үхрийн цул мах 15900 төгрөгийн үнэтэй байлаа.

“НОМИН”: ХОНИНЫ ЦУЛ МАХ 10500, ҮХРИЙНХ 15500

Дараа нь бид “Номин” супер маркетаар оров. Тус супер маркетад хонины цул мах дууссан байв. Харин 10500 төгрөгөөр боруулж буй хонины цул махаа өнөөдөр шинээр ирснийг тодотгов. “Номин”-д үхрийн цул махыг 15500, ястайг нь 13300 төгрөгөөр худалдаж байлаа.

Мах магнаг болж байгаа өнөө цагт үнийг нь тогтвортой барих их чухал. Хаана хаанаа санхүүгийн хямралтай байгаа өнөө цагт монголчуудын хамгийн чухал хүнс бол яах аргагүй мах. Харьяа яамнаас тодорхой, дөмөгхөн арга хэмжээ авахгүй бол махны үнэ 20 000 төгрөгт хүрэх нь. Тэгэхгүй гэх баталгаа хаана ч байхгүй. Үүнийх нь горыг иргэд л амсана. Иргэдийн нуруун дээрх ачаа л улам нэмэгдэнэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАМАГ МОНГОЛ
ХАМАГ МОНГОЛ
6 сар 12, 2020 08:31

МОНГОЛЧУУДЫН ХҮНСНИЙ ГОЛ ХЭРЭГЛЭЭ БОЛСОН МАХ ГУРИЛЫН ҮНИЙГ ТӨРӨӨС ТОГТМОЛ НЭГ Л ХЭМЖЭЭНД БАРЬДАГ НЬ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ЖИШИГ ЮМ. УЛС ТӨРИЙН ШИНЭ ГУРАВ ДАХЬ ХҮЧИН ТӨРИЙН ЭРХ БАРЬСНААР ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ. СОЛИХ ГЭЖ СОНГУУЛЬ ХИЙДЭГ ШҮҮ Д

Зочин
Зочин
6 сар 12, 2020 08:37

Nominhoos honinii tsul avahad boljiino shd shine mah bol

монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.
6 сар 12, 2020 10:39

махныхаа үнийг тогтвортой байлгахад болохгүй �##�га даа.бензины үнэ буусан бгаа шүү дээ.мачид м�##� махаа зараад ард түмэндээ өндөр үнээр өгөөд ч баян болохгүйн ойлгомжтой шүү дээ.ард түмэнээ бодоод м�##� ,махаа таарсан үнээр ни өгвөл буя

Дэмжинэ
Дэмжинэ
6 сар 12, 2020 11:04

Махны үнийг ингэж өндөрт өсгөхөөр ард түмэн авч чадахгүй хоосон хононо шүү дээ,хонож ч байна.Энэнийг одоо сонгуульжсан улс төрчид харах ч үгүй сонсох ч үгүй байна.Тэгээд бүгд л ард түмний төлөө гээд цуураад байх юм.
Сонгууль болтол хэн төр

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
6 сар 13, 2020 10:20

Бараг 30 жил энэ хэдэн өвгөдийн царайг харж гуйлгачин боллоо. Ядахдаа ц�##�ин нэмж, ажлын байраар хангаж чаддаггүй юм бол махныхаа үнийг буулгаж чаддаггүй төр засаг гэж юу байхав дээ.12000-р 1 кг махыг үнэрлэд л суухгүй бол хэд хоног идэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button