НийгмийнЯрилцлага

М.Энхлүүн: "Вэнь Жөү” зочид буудлаас коронавирусийн халдвар тархахгүй гэх баталгаа алга

Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу зургадугаар сарын 10-нд Казахстанд байсан 175 иргэнээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд хөөрсөн билээ. Тэрхүү нислэгээр ирсэн иргэдийг "Мичид” болон "Вэн Зөү” зочид буудлуудад тусгаарлажээ. Хэдий тийм боловч "Вэн Зөү” зочид буудалд тусгаарлагдсан иргэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсээр байна. Учир нь тус буудал ариун цэврийн хувьд хангалтгүй бөгөөд тусгаарлалтад буй иргэдэд хүйтэн, амтгүй хоол өгч буйгаас гадна дуудлагын эмч ч мөн ирж үздэггүй гэнэ. Бид тус зочид буудалд тусгаарлагдаж буй иргэдийн төлөөлөл болох М.Энхлүүнтэй ярилцсан юм.

Тэрбээр Казакстан улсын Алматы хотод түр хугацаагаар очоод гацжээ. Улмаар тус улсад хөл хорионд гурван сар гаруй хугацаанд онцгой дэглэм сахиж байгаад тусгай үүргийн нислэгээр ирж "Вэн Зөү” зочид буудалд тусгаарлагдаж байгаа юм.

-НИСЛЭГЭЭС ТУСГААРЛАГДАХ ХҮРТЭЛ 10 ГАРУЙ ЦАГ БОЛСОН-

-Эх орондоо ирэх үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Мэдээж харь оронд гурван сарын турш тусгаарлагдаж байгаад ирсэн учраас сэтгэгдэл маш өндөр байсан. Учир нь би Алматы хот руу долоон хоногийн хугацаатай ажлаар явсан ч намайг тэнд байх хугацаанд цар тахал гарч, би тэнд гурван сар орчим хугацаанд тусгаарлагдсан. Алматы хотод коронавирусийн үеийн нөхцөл байдал илүү ноцтой байсан. Тэнд би ах, эгчийнхээ хамт нэг өрөө байр түрээслэдэг байсан. Хамгийн хямд нэг өрөө байр л гэхэд тэнд сарын 800 орчим мянган төгрөгийн үнэтэй.

-Нислэгээс тусгаарлагдах хүртлээ хэр цаг хугацааг зарцуулсан бэ?

-Хүн тус бүрийн халууныг хэмжих, шинжилгээ авах гээд нислэгээс тусгаарлагдах байр хүртэл 10 гаруй цагийг зарцуулсан. 175 гаруй хүнээс 30 гаруйг нь "Мичид” зочид буудалд, бусдыг нь "Вэн Зөү”-д тусгаарласан.

-Таны хувьд тусгай үүргийн нислэгээр ганцаараа ирсэн үү?

-Би ах, эгч хоёртойгоо гурвуулаа ирсэн л дээ. Эгч маань "Мичид”-д, харин ах бид хоёр энэ "Вэн Зөү” зочид буудалд тусгаарлагдсан. Уг нь хамтдаа нэг өрөөнд тусгаарлагдах санал гаргасан ч эгчийг маань өөр газар тусгаарласан. Тэгээд дундаа нэг ачаатай байсан тул бага зэрэг хүндрэл гарсан. Шүдний оо, сойзоос эхлүүлээд бидний ачаа хамтдаа баглагдсан байсан. Тэгээд сүүлд ойр зуурын зүйлсээ авсан.

-ТУСГААРЛАХ БАЙРАНДАА ИРЭХЭД ЯНЗАГА ПЕЧЕНЬ, ХОЁР ШИРХЭГ УС ӨГСӨН-

-Тусгаарлагдах үеийн нөхцөл байдлаасаа бидэнд хуваалцаач?

-Яг үнэнийг хэлэхэд нөхцөл байдал хүнд байна. Би ирчихсэн юм чинь болсон гээд чимээгүй баймааргүй байна. Болохгүй байгаа зүйлийг хэлж шүүмжилж байсан нь дараа дараагийн нислэгээр ирэх хүмүүст ч хэрэгтэй. Өглөө 8:00 цагт Нур-Султан онгоцны буудал руу хөдлөөд юу ч идээгүй, орой 10:00 цагт тусгаарлах байранд ирэхэд янзага печень, хоёр ширхэг ус өгсөн. Онгоцны тийз, тусгаарлах байрны мөнгө, нисэхээс энд авчрах автобусны мөнгийг хүртэл бид төлсөн. Гэхдээ нөхцөл байдал бодсоноос ч дор байна, үнэндээ.

-Цайны печениэс өөр хоол ирсэн үү, өдөрт хэдэн удаа хооллож байна вэ?

-Байнга шахуу хөрсөн царцуу хоол өгнө. Ядаж байхад ямааны махтай. Халуунаараа ирвэл юуны мах нь хамаа алга. Хэлэхээр олон хүнд тарааж байна гэх. Олон хүн ирнэ гэдгийг мэдээгүй бололтой. Порцтой бол бүр ярих юм биш. Улсын зардлаар бус 100% өөрсдийн зардлаар ирсэн бид 21 хоног дуугуй амьдрах ёстой биш биз дээ. Үгүй дээ, ядаж л хоолоо нэг удаагийн аяганд хийх ёстой гэсэн дүрэм хэрэгжихгүй байна. Өрөө тасалгаа бол ярих юм биш. Хэд хоног аятайхан халуун хоол идчихмээр л байх юм.

-"ВЭН ЗӨҮ” БУУДЛААС КОРОНАВИРУСИЙН ГУРВАН ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН-

-Нэг удаагийн аяганд хоол авъя гэж хэлж үзэв үү?

-Үзсэн. Тэгтэл буудлын менежер эмэгтэй УОК-оос шаазан аяганд хооллуулах чиглэл ирсэн гэж хэлсэн. Харин УОК руу залгаж хэлэхээр буудлынхаа эзэнд хэл. Нэг удаагийн аяганд хооллох ёстой гэж хэлсэн. Хоёр талд өөр өөр зүйл яриад байгаа нь сонин байна. Гэтэл өчигдөр тус буудлаас коронавирусийн гурван шинэ тохиолдол илэрсэн. Энд хүн тус бүрт аяга таваг тарааж өгсөн. Тэрийгээ өрөөнөөсөө гаргахгүй угааж цэвэрлээд хэрэглэх ёстой. Хоол өгөхдөө тусгаарлагдаж буй хүмүүсийн өрөө өрөөнийх нь үүдэнд хоол таваглаж өгдөг. Ингэхдээ халдвартай байж болзошгүй хүний аяганд хутгаж хийсэн хутгуураараа өөр хүний аяганд хутгаж өгч байгаа нь тус буудлаас коронавирусийн халдвар тархахгүй гэх баталгаа алга. Бусад газрууд нэг удаагийн аяга таваг байнга хэрэглэж байхад энэ Хятад буудал хэрэглэхгүй байна шүү дээ.

-Та сая эгчийг тань өөр зочид буудалд тусгаарласан гэж хэлсэн шүү дээ. Тухайн буудалд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Эгчийг "Мичид” зочид буудалд тусгаарласан. Тэнд бол нөхцөл байдал тэс өөр. Тус зочид буудалд халуун хоол нэг удаагийн саванд яг цагтаа ирдэг гэсэн. Дээр нь их цэвэрхэн, тухтай гэсэн.

-ЭМЧ ДУУДАХААР ИРЖ ҮЗДЭГГҮЙ-

-Тусгаарлах байрандаа ирсэнээс хойш таныг эмч орж үзсэн үү?

-Бидэнд хоол аягалаад байгаа хүмүүс ХӨСҮТ-өөс ирсэн гэсэн. Бичээстэй дугаар луу нь яаралтай холбогдох гэхээр болохгүй. Эмч гэх хүний утас руу нь залгаж, хүний бие муудаад байна гээд дамжуулаад хэлэхээр би тэгээд очих юм уу гэж өөдөөс асуух юм. Дээрээс нь өрөө тасалгаа нь маш бохир.

-ТУСГААРЛАХ БАЙРУУД ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРҮҮТЭЙ БАЙНА-

-Та бидний ярилцлагыг уншиж буй хүмүүст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Иргэдийг тусгаарласан газрууд яагаад ийм тэнгэр газар шиг зөрүүтэй байна вэ. Авчирсан нь их юм гэж бодоод байна уу. Би эх орондоо ирэх үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Тиймээс халуун хоол өгч чадахгүй бол гэрээс хоол оруулахыг нь зөвшөөр. Мөнгийг нь авчхаад та нар ийм сэтгэлгүй хандаж болохгүй. Эцэст нь хэлэхэд бид хэрэг хийсэн хүмүүс биш шүү л гэж хэлмээр байна. Иргэддээ хандаж хэлэхэд, би хувийн эрх ашгийнхаа төлөө ингээд байгаа юм биш. Нийтийн эрх ашгийн төлөө энд бухимдаад байна гэдгийг сайн ойлгоорой. Үнэхээр болохгүй байгаа зүйлийг хэлж байж л засарна. Хариуцсан хүмүүс нь ч буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би чимээгүй байж байгаад гарч чадна. Харин энэ хариуцлагагүй байдал засагдахгүй үргэлжилнэ.

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button