УРЛАГ

Хүндэтгэе, УКА

The Voice of Mongolia шоуны хоёрдугаар улирлын ялагч өчигдөр орой тодорч, монголчуудыг ням гарагийн орой бүр зурагтынх нь өмнө уядаг томоохон нэвтрүүлэг дууслаа. Цар тахлын үед таарсан болохоор хангинаж, цангинах олон үзэгчгүй, тэдний алга ташилтгүй, жаахан уйтгартай, хуурай ч гэмээр улирал болж өнгөрөв. Гэхдээ олон нийтийн талцалтай, ярианы сэдэвтэй, аргагүй л масс үйл явдал болж чадлаа.

Харин Ука дахиад л тод од нь байв. Явж, явж түүний багаас уртын дууч, эгэл даруу ардын хөвгүүн Э.Дашням тунаж үлдэн финалд өрсөлдсөн нь үнэнхүү сонирхолтой  үйл явдал. “Ука” гэхээр хэн бүхний толгойд Э.Дашнямаас эсрэг, тэсрэг, орчин үеийн, залуу үеийн төлөөлөл төсөөлөгддөг. “Battle” шатны тэр нэгэн дугаарт “шүүрэх” товчийг дарж, Э.Дашнямыг өөрийн багтаа авсан нь ийн финал хүртэл дуулиан, шуугиантай урт замыг туулах юм чинээ хэн санах билээ.

“Semi-Final” шатанд үзэгчдийн саналаар Укагийн багаас С.Марал-Од биш Э.Дашням үлдсэн нь сошиал ертөнцөд багагүй талцал, маргааныг дагуулсан. Ер гадаад дуу дуулж байсан туршлагагүй, нөгөө талаар өөрийн унаган “ориг” зангаа түргэн хугацаанд эвдэж төвдөхөөргүй Э.Дашням орчин үед дэлхийн чинээнд эгшиглэх монгол дуу хоолой мөн, биш эсэх нь ярианы сэдэв болж байв.

Өчигдрийн дугаарт Э.Дашням итали хэлээр дуулсан нь мөн л төдийлөн сайн болсонгүй. Гэхдээ шүүгч, дасгалжуулагчийн хамт дуулах хэсэгт тэр өвөөгийнхөө зохиосон хөгжмөөс сэдэвлэсэн “Уул” дууг, Укатай амилуулсан. Энд л Укагийн тэр нэгэн мэдрэмж, хөдөлмөрч зан, бас багагүй юмыг үзэж туулж ухаажсан ухаан харагдах шиг.

Э.Дашнямын өвөө бол Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн. Түүний зохиосон “Хэнтийн өндөр ууланд” хөгжмийг сонсож өсөөгүй, үзээгүй монгол хүн ховор. Чухам энэ хөгжмөөс сэдэвлэсэн “Уул” дууг Ука одоогоос гурван жилийн өмнө зохиомжлон дуулж байсан. Харин Б.Дамдинсүрэн гуайн ач хүүтэй нь хожмын энэ өдөр эл дуугаа амилуулах тохиол таардаг байжээ.

Укагийн аав тэнгэрт халиад долоо ч хоноогүй байв. Ийм үед тэр тайзан дээр хүчирхэг байж, Э.Дашнямын хамт цаанаа нэг сэтгэл уужрам, тийм нэг сайхан үзүүлбэр үзүүллээ. Гадаад дуу дуулж чадахгүй нь гэж муучлуулж байсан Э.Дашнямд яг тохирсон, эрхгүй таарсан үзүүлбэрийг тэр ийн санаачилж, амилууллаа. Ийм дайчин, мэдрэмжтэй, хөдөлмөрч зан чанар нь Укаг Монголын урлагийн ертөнцөд нэгэн тод өнгө төрх болгон хадгалж яваа билээ. Хүндэтгэе, Ука.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-15 10:35

Ука мундаг шүү. Амжилт хүсье. Ямарч цаг үед өөрийнхөөрөө байдаг .

123
123
2020-06-15 13:41

укаг хархаар бас гоё байлээ

Холбоотой мэдээ

Back to top button