Ярилцлага

Д.Одзаяа: Бүх талаар хөгжих боломжийг жирэмсэн, нялх хүүхэдтэй эхчүүдэд олгох нь “Ээж” төвийн гол зорилго

Царайлаг, чадварлаг, манлайлагч, хөдөлмөрч, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй. Энэ тодорхойлолтод яв цав нийцэх, өнөөгийн монгол эмэгтэйчүүдийн нүүр царай болж яваа олон бүсгүйчүүдийн нэг нь Дэрэмчимэдийн Одзаяа. Түүнийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн үе үеийн нэвтрүүлэгчдийн залгамж халаа болж яваа гэдгээр нь хүмүүс илүү сайн мэднэ. Д.Одзаяа үргэлж л нийгмийн, бусдын сайн сайхны төлөө шинийг санаачлан, дуу хоолойгоо хүргэж явдгаар нь олон хүн бахархдаг.

Манлайлагч бүсгүй нэгэн найзынхаа хамт “Ээж” төвөө байгуулахаар ханцуй шамлан ороод тун ч завгүй явна. Өнөөгийн нийгэмд жирэмсэн, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, эргээд нийгмийн харилцаанд ороход ямар их бэрхшээл тулгардаг билээ. Төрсний дараах сэтгэл зүйн хямралд орлоо гэхэд хэнд хандах, яах учраа олохгүй дотроо л бухимдаад явдаг шүү дээ. Үнэндээ хандах гээд ч энэ чиглэлээр мэргэшсэн, төрөлжсөн байгууллага Монголд байхгүй. Тэгвэл энэ бүхэн ард хоцорч, эл орон зайг “Ээж” төв нөхөх нь.

Д.Одзаяа “Ээж” төвөөрөө дамжуулан жирэмсэн, 0-2 настай хүүхэдтэй ээжүүдийг сурч боловсрох, хөгжих бүх боломж, нөхцлөөр ханган, сэтгэл зүйг нь засахаар төлөвлөжээ. Үүгээрээ дамжуулан аз жаргалтай гэр бүлийг бүтээх нь түүний бас нэгэн зорилго. “Ээж” төвөө байгуулаад тун ч зав муутай яваа Д.Одзаяатай ярилцлаа.

МОНГОЛД АНХНЫ “ЭЭЖ” ТӨВ БОЛ НИЙГЭМД ЭЭЛТЭЙ БИЗНЕС ТӨСӨЛ

Одоогоор тохижуулах гэж байгаа нь

-Жирэмсэн, нялх хүүхэдтэй ээжүүдэд зориулсан, хөгжих, сурч боловсрох боломж, нөхцлийг цогцоор нь бүрдүүлсэн төв Монголд байхгүй. “Ээж” төвийг байгуулснаар энэ бүхэн ард хоцрох нь. “Ээж”-ийг байгуулах санаа танд хэрхэн төрөв. Бэлтгэлээ хэр удаан хангав?

-Юуны өмнө “Eguur.mn” сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Надаас ярилцлага авъя гээд хандсанд, зориод ирсэнд маш их баярлалаа. Би “Ээж” төвийг найзтайгаа хамтран байгуулж байгаа. Төвөө байгуулах бэлтгэл ажлаа жил гаруй хангалаа. Бэлтгэл ажил одоо овоо жигдэрч байна. Өчигдөр (уржигдар) дөнгөж түлхүүрээ гардаж аваад сууж буйдаа баяртай байна. “Ээж” төв Монголд анхных. Хүүхдийг нь хараад өгдөг, тэгээд сурч, боловсрох нөхцлөөр хангадаг төв манай улсад байхгүй.

Жилд дунджаар 80 000 эх амарждаг гэсэн судалгаа бий. Төрсөн эмэгтэйчүүд нийгмээс хамгийн их тусгаарлагддаг. Яагаад вэ гэвэл, найзуудтайгаа уулзлаа гэхэд хүүхдээ харуулах хүн гуйхаас авхуулаад бэрхшээл тулгардаг. Нөхрөө, ээжийгээ, дүүгээ гуйдаг шүү дээ. Ямар нэгэн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй. Тэр хэрээр эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд оролгүй орхигддог. Ид хийж бүтээх насандаа ингэж нийгмээс тусгаарлагдан, гэртээ сууж буй нь харамсмаар.

За, тэгээд төрсний дараах хямрал, гэртээ хүүхдээ хараад сухаар сэтгэл зүй нь хямардаг, тогтворгүй болдог. Тухайн хүн сэтгэл зүйдээ гарч буй өөрчлөлтийг өөрөө ч анзаарахгүй явах нь бий. Энэ хэрээр нөхөртэйгөө үл ойлголцоно, гэр бүлийнх нь харилцаанд сэв суудаг шүү дээ. Энэ бүхнээс хамгаалах нь “Ээж” төвийн зорилго. Манай төвд бүтэн цагаар сэтгэл зүйч ажиллана, олон төрлийн сургалтууд явагдана. Англи хэл, нягтлан, нябо зэрэг олон төрлийн мэргэшүүлсэн сургалтуудад хамрагдах боломжтой. Тухайн ээж хүүхэд төрүүлээд, 2-3 жилийн дараа ажилдаа буцаад ороход нэлээд төсөөрчихсөн, нийгмийн харилцаанд ороход, дасахад хүндрэлтэй байдаг шүү дээ. “Ажлаа өмнөх шигээ хийж чадах болов уу” гэж эргэлзэн, өөртөө итгэлгүй болчихсон байх нь бий. Манай сургалтад хамрагдсанаар бүх талаар өөрийгөө хөгжүүлж, мэргэшүүлэх боломжтой.

Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд мөн “Ээж” төвийн сургалтуудад хамрагдах нь нээлттэй. Жирэмсний өмнөх бэлтгэл, төрөх үеийн хүндрэл, төрсний дараа сэтгэл зүйгээ хэрхэн засахаас авхуулаад олон төрлийн сургалтууд тогтмол явагдана. “Ээж” төвийн бас нэг давуу тал нь манайх хүүхдийн тоглоомын талбай, унтлагын өрөөтэй. Тэнд хүүхдүүдээ харуулах боломжтой. Бид найман хүүхэд асрагч ажиллуулахаар төлөвлөсөн. Ээжүүд манай төвийн сургалтуудад хамрагдаж байхад хүүхдийг нь үнэгүй харж өгнө гэсэн үг. Ээжүүд гэртээ ямар их завгүй байдаг билээ. Хүүхэддээ санаа зоволгүй сургалтад хамрагдан, өөрийгөө бүх талаар хөгжүүлэх боломжийг бид бүрдүүлнэ. Яг хэдэн төрлийн сургалт явуулахаа одоогоор хараахан тодорхой шийдээгүй байна. Төлөвлөгөөг нь ид гаргаж суугаа. Ямар нэгэн зүйлд баригдан, хайрцаглагдахгүй. Эхчүүдийн хүссэн сургалтыг явуулах боломжтой.

-Төвөө албан ёсоор хэзээ нээх вэ?

-Коронавирусийн халдвар, хөл хорио юу болох нь вэ. Үүнээс л шалтгаална. Хэрвээ хөл хорио цуцлагдвал “Ээж” төвийн үйл ажиллагааг наймдугаар сарын эхээр эхлүүлэх бодол бий.

-Жирэмсэн байхдаа, төрснийхөө дараа эмэгтэйчүүдийн сэтгэл санаа их тогторгүй, эмзэг байдаг. Үүнийг нь эрчүүд, хань нь ойлгохоосоо ойлгохгүй нь олонтаа. “Ээж” төвд мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулах уу?

-Тэгнэ, тогтмол ажиллуулна. Ерөнхийдөө хоёр сэтгэл зүйч ажиллах болов уу. Манай төвийн хүчин чадлаас шалтгаална. Төрсний дараа эмэгтэйчүүдэд гормоны өөрчлөлт их гардаг. Энэ үед тухайн эмэгтэй өөрийгөө  ч ойлгохгүй байх үе бий. Үүнээс болоод гэр бүлд нь маш их асуудал тулгардаг. “Ээж” төвд ирэн, мэргэжлийн сэтгэл зүйчид хандсанаар энэ хямралаас хялбархан гарах боломжой. Ингэснээр тухайн эмэгтэй, хүүхэд нь, хань нь, гэр бүл нь аз жаргалтай байна. “Ээж” төв бол нийгэмд ээлтэй бизнес төсөл.

-Танай төв нэг удаадаа хэчнээн эх хүлээж авах хүчин чадалтай вэ?

-Бид нэг удаадаа 30 ээжийг хамруулж, төдий тооны хүүхдийг харахаар төлөвлөсөн. Үүнээс олон эх хамруулах боломжтой ч тэгэхийг хүсэхгүй байгаа. Учир нь тухайн ээж бүхэнтэй тулж ажиллан, сургалтаа чанартай явуулахын тулд. Айл гэрийн, хүний хамгийн эрхэм, нандин зүйл бол хүүхэд. Тиймээс хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд их анхаарна.

“ЭЭЖ”-ийн НЭГ ТАЛЫН ХАНЫГ БҮХЭЛД НЬ НОМЫН САН БОЛГОНО

Одоогоор тохижуулах гэж байгаа нь

-“Ээж” төвд дан сургалтууд явуулах уу?

-Тэгэхгүй. Төвдөө ном унших орчин бүрдүүлнэ. Ээжүүд гэртээ байхдаа хэзээ ч хүүхдийнхээ хажууд тухтай ном унших нөхцөл бүрддэггүй шүү дээ. Тэгэхээр энд ирээд сайхан тухтай орчинд ном унших боломжтой. Бид төвийнхөө нэг талын ханыг бүхэлд нь номын сан болгоно. Эхчүүд манай төвд ирээд дуртай номоо уншин, найз нөхөдтэйгөө сайхан юм ярьж суун, сэтгэл санаагаа хуваалцах боломжтой. Бусадтай ярилцаад, зовлон жаргалаа хуваалцахаар сэтгэл онгойгоод ямар сайхан болдог билээ. Эмэгтэйчүүд манай төвийн сургалтуудад хамрагдан, өөрийгөө хөгжүүлэхээс гадна сайхан хамт олонтой, найз нөхөдтэй болох боломж дүүрэн.

Бас нэг онцлох зүйл нь бид онлайнаар ажлаа зохицуулдаг, онлайн худалдаа эрхэлдэг ээжүүдэд зориулсан хэсэг гаргаж байгаа. Энэ хэсгийг тохижуулна. Энд тав юм уу зургаан ээж онлайнаар ажлаа хийх боломжтой. Өдөржингөө энд суун,ажиллах хооронд нь бид хүүхдийг нь харна.

Хүн бүхэн өөр төвд очоод сурах боломжтой. Гэхдээ хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг бэрхшээл тулгардаг шүү дээ. “Ээж”-д хамрагдсанаар сургалтад  суунгаа хүүхдээ биднээр харуулах боломжтой. Үүгээрээ манайх давуу талтай. Манай төв амралтын өдрүүдэд ээжүүдэд чиглэсэн, зориулсан эвентүүд зохион байгуулна. Ялангуяа, ээж нарын клубүүдэд чиглэсэн. Жишээлбэл, “Эртэч ээж”, “Одонтой ээж” нарын клубийн ээж нарт зориулсан тусгай хөнгөлөлт гарган, уулзалт хийнэ.

-Хүссэн ээж бүхэн “Ээж”-ийн сургалтад хамрагдан, өөрийгөө хөгжүүлэх боломжтой юу?

-Тийм ээ. Бид “Ээж” төвөөр үйлчлүүлэх журмаа удахгүй гаргана.

МАНАЙ ТӨВ ХОСУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛНА

Одоогоор тохижуулах гэж байгаа нь

-Сургалтууддаа 0-2 настай хүүхэдтэй ээжүүдийг хамруулахаар онцолсон тань сонирхол татаж байна. Яагаад ийм насны хүүхдүүдтэй эмэгтэйчүүдийг онцлов?

-Энэ их учиртай. Манайх хүүхэд харах төв биш гэдгийг тодотгоё. Ээжүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь “Ээж” төвийн гол зорилго. Хоёроос дээш настай хүүхдийг цэцэрлэгт өгөөд, эхчүүд өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Гэтэл 0-2 настай хүүхдийг тэгж хамруулах боломжгүй. Ээжүүд хүүхдээ гэртээ хараад суухаас өөр сонголтгүй, аргагүй байдаг шүү дээ. Тиймээс л 0-2 настай хүүхэдтэй эмэгтэйчүүдийг сургалтдаа хамруулъя гэж онцолсон юм шүү. Мөн манайх хосуудад зориулсан сургалт явуулна.

-Тэгэхээр эрчүүд эхнэртэйгээ хамт хамрагдах боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Төрсний дараа эмэгтэй хүний сэтгэл санаа тогтворгүй байхад нөхөр нь маш сайн ойлгож, дэмжих хэрэгтэй байдаг. Нөхрийн оролцоо маш чухал. Мэдэхгүй учраас ойлгохгүй байж болно шүү дээ. Тиймээс манай сургалтад хамтдаа хамрагдаад, эхнэрээ хэрхэн ойлгож, дэмжих талаар зөвлөгөө авах боломжтой. Гэр бүлд зориулсан сургалт л даа.

Би төрөх үедээ нөхөр (дуучин С.Заяа)-тэйгөө хамт хосуудын сургалтад сууж байсан байхгүй юу. Тэгсний өгөөжөөр манай хүн их зүйл сурч, төрөх үед намайг бүх талаар ойлгож, дэмжсэн. Хосын сургалтад хамрагдахын давуу тал, өгөөжийг тэгж өөрсдийн биеэр мэдэрсэн юм л даа.Үүндээ тулгуурлан нөхөр бид хоёр хосуудад зориулсан ашгийн бус сургалт явуулдаг. Нэг удаадаа бололцоондоо тааруулаад 10 хос л бүртгэдэг. Өөрсдийн туршлагаасаа хуваалцан, зөвлөгөө өгдөг. Тэгээд ийм төв нээх юм сан, хосууддаа зориулсан зүйл хийх юм сан гэж мөрөөдөж байсан.

Төрсний дараа харсан бас нэг өнцөг бий. Нялх, хөхүүл хүүхэдтэй ээжүүд гадуур явахад хөх нь их чинэрдэг шүү дээ. Гэтэл хүүхдээ хөхүүлээд юм уу хөхөө саагаад суух газар Монголд байгаагүй. Тиймээс би “Pigeon” компанитай хамтран “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих аян”-ыг зохион байгуулсан.

“Их дэлгүүр”-т хөхөөр хооллох өрөөг тохижуулж өгсөн. Тэгснээр ээжүүд тэнд хүүхдээ хөхүүлээд, дэлгүүр хэсэх боломжийг бүрдүүлсэн юм. Үүний сацуу 5-6 газарт ээж, хүүхдэд зориулсан өрөөнүүдийг тохижуулж өгсөн. Эдгээрийг цаашид жишиг өрөө байгаасай гэж хүсдэг. Монгол Улс эх, хүүхдэд ээлтэй орон байгаасай гэж уриалангаа хийсэн юм. Одоо ээжүүдэд зориулсан төвөө нээх гэж байгаа болохоор үнэхээр баяртай байна.

-“Ээж” төв сайн дурынх уу, тодорхой төлбөртэй юү?

-Мэдээж төлбөртэй байхаас өөр аргагүй. Яагаад гэвэл чадварлаг багш, сэтгэл зүйч, асрагч тэргүүтэй хамгийн цөөндөө 15 хүн ажиллуулах төлөвлөгөөтэй. Тэдний цалинг өгөхийн тулд төлбөр авна. Гэхдээ бусад сургалтын төвүүдээс яаж ийж байгаад заавал хямд үйлчилнэ. Тэгэхээр хүүхдээ үнэгүй харуулангаа бусдаас хямд үнээр манай сургалтад хамрагдах боломжийг бүрдүүэхийг зорьж байгаа гэсэн үг. “Ээж”-тэй хамтран ажиллах, дэмжих хүсэлтэй байгууллага, иргэдэд нээлттэй. Төвөө байгуулах гээд байр, талбай судлан, олон газар санал тавьж, уулзсан. Эмэгтэйчүүдэд зориулсан “Ээж” төвөө байгуулахад хамгийн таатайгаар хүлээж аван, дэмжин, хамтран ажиллаж буй “Мөнх тогтвортой хөгжил сан”-гийн хамт олонд маш их баярлаж яваагаа илэрхийлье.

АЖИЛДАА, МҮОНРТ-ийн ХАМТ ОЛОНДОО ҮНЭХЭЭР ИХ ХАЙРТАЙ

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Одоо МҮОНРТ нэвтрүүлэгч хэвээрээ байгаа юу?

-Тийм ээ, хэвээрээ. Хүүхэд маань хоёр ойтой. Жирэмсний амралтаа авчихсан байгаа. Хүүхдээ харахынхаа хажуугаар хувийн ажлаа амжуулж явна.

-Телевизийн салбараа, хамт олноо хэр их санаж байна вэ?

-Мэдээж саналгүй яах вэ. Би сүүлийн дөрвөн жил шахам зурагт үзээгүй гэж хэлж болно. Тухтай суугаад зурагтны удирдлага эргүүлж суугаагүй ингэж удсан хэрэг. Хааяа нэг кино, нэвтрүүлэг үзэхийг эс тооцвол шүү дээ. Үнэндээ зурагт үзэх зав гарахгүй юм аа. Ажилдаа, ажлын хамт олондоо үнэхээр их хайртай. Би ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхлүүлсэн, өдгөө ийм сайхан хамт олны нэг яваагаараа бахархдаг. Хүүхдээ томрохоор мэдээж буцаад ажилдаа орно, мэдээгээ уншина.

БАГАДАА ДИПЛОМАТЧ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ БАЙЛАА

-Та багаасаа гадаад хэл сурсан, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Гадаад харилцааны менежер, англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн юм билээ. Тэгсэн мөртлөө сэтгүүл зүйн салбарт хөл тавьж, МҮОНРТ-д ажиллах болсон тань сонирхол татаж байна. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу?

-Үнэнийг хэлэхэд багадаа сэтгүүлч, нэвтрүүлэгч болно гэж ёстой бодоогүй, төсөөлөөгүй. Ерөөсөө тийм бодол, мөрөөдөл байгаагүй. Би багаасаа дипломатч болохыг мөрөөдсөн. Түүндээ хүрэхийн тулд Гадаад харилцааны менежер, англи хэлний орчуулагч мэргэжлээр сурсан юм л даа. Төрийн ордонд гурван сар ажиллаад, дадлага хийсэн. Тэнд үргэлжүүлэн ажиллах боломж байсан. Гуравдугаар дамжаанд сурч байхдаа МҮОНРТ-ийн Гадаад мэдээний алба, “MM Today”-д дадлага хийсэн юм. Тэгээд л телевизийн салбарт татагдан, дурласан даа. Сургуулиа төгсөнгүүтээ МҮОНРТ-д орсон. Анх зурагтаар гарсан бичлэг одоо ч надад бий. Багш маань МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Нарантуяа. Багшаасаа их зүйл сурсан.

-Тухайн үед мэргэжлээрээ ажиллах уу, яах вэ гэж хэр эргэлзэв?

-Огт эргэлзээгүй, яах вэ гэж ер бодоогүй. Шууд л МҮОНРТ-д ажиллахаар шийдсэн. Тэгсэндээ их баярладаг.

-Юу нь таны сонирхлыг илүү их татсан бэ?

-Мэдээж бусад охидын адил зурагтаар гарах гоё санагдсан байж магадгүй. Ажилд анх орохдоо шууд л нэвтрүүлэгч болоод зурагтаар гарах дэврүүн мөрөөдөлтэй байсан. Тэгээгүй нь их аз. Эфирт бэлдэхийн хажуугаар мэдээнд явдаг байлаа. Завсаргүй гурван жил “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн мэдээнд явж, бэлтгэсэн. Тэгсэндээ одоо үнэхээр их баярладаг. Одоо хийж буй “Бэлэг” нэвтрүүлгийнхээ монтаж, ярилцлагаас авхуулаад бүх зүйлийг би өөрөө хийдэг. Ерөөсөө МҮОНРТ-д гурван жил мэдээнд гүйсний л өгөөж, ач байхгүй юу.

-Нэвтрүүлэгч бүхэн “Цагийн хүрд”-ийг хөтлөхийг хүсдэг, мөрөөддөг. Нэвтрүүлэгч бүхний “оргил” шүү дээ. Та ер нь “Цагийн хүрд”-ийн хэдэн хөтөлбөрийг хөтлөөд байгаа вэ?

-Би “Цагийн хүрд”-ийг анх 2011 онд хөтөлсөн. Түүнээс хойш хөтөлж байгаа. Сүүлийн хоёр жил хүүхэд гаргаад хөтлөөгүйг эс тооцвол шүү дээ. Ингээд бодохоор гоё санагдаж байна шүү. Бүх хөтөлбөр дурсамжтай, сандралтай. Гэнэт голоор нь шуурхай мэдээ орж ирнэ. Тэр бүхэнд бэлтгэлтэй, ур чадвартай байх чухал.

БИ ӨӨРИЙГӨӨ ХЭЗЭЭ Ч МАГТАЖ, ДӨВИЙЛГӨЖ БАЙГААГҮЙ

-Би чадаж байна, мундаг байна гэж өөрөөрөө онгирмоор, бахархмаар үе гарах юм уу?

-Ёстой тэгж байгаагүй. Яагаад гэвэл би МҮОНРТ-ийн бүтээгдэхүүн. Манай телевизийн найруулагч нар маш чанга. Нэг ч алдалгүй уншаад нэвтрүүлгээ дуусгасан ч магтдаггүй. Би тийм дектатураар сурсан учраас өөрийгөө хэзээ магтаж, дөвийлгөж байгаагүй. Мундаг найруулагчдын дор ажиллаж, шүүслэгдээд, босго өндөр байхад нь “Цагийн хүрд”-ийн нэвтрүүлэгч болсондоо баярладаг.

ЭФИРИЙН АРД ЭВШЭЭЛГЭСНЭЭСЭЭ БОЛЖ НАЙРУУЛАГЧДАА НЭГ ЦАГ, 15 МИНУТ ЗАГНУУЛЖ БИЛЭЭ

-“Цагийн хүрд”-ийг шууд дамжуулдаг. Хөтөлбөрийн үеэр санамсаргүйгээр алдаа гаргасан сургамжтай, дурсамжтай тохиолдол зөндөө байх. Аль нь хамгийн дурсамжтай вэ?

-Өө, ёстой зөндөө. “Цагийн хүрд” өдөр бүр 20.00 цагт эхэлдэг. Нэг удаа хөтлөх гээд бэлдэж байхад, бүр 19.57 минут болж байхад миний пиджакны товч тасарчихдаг юм даа. Товчгүй пиджактай хөтөлж болохгүй. “Яана аа” гэж сандраад л техникч эгчийн өрөө рүү гүйсэн. Гялс оёж тогтоогоод утсаа ч тасалж амжаагүй. Яарсаар буцаад ирэхэд 19.59 минут болж байв. Тэгээд яг нөгөө зүү, утастайгаа эфирээ эхлүүлж байсан. Эвгүй хөдөлбөл зүү хатгачих гээд. Үзэгчдэд харагдаагүй л дээ. Тэр их дурсамжтай.

Манайд үнэхээр хатуу нэг найруулагч байдаг юм. Эфирт би нэг ч алдаа гаргаагүй гараад ирэв. Тухайн мэдээг дамжуулж байхад би студид эвшээлгэсэн юм. Эфирийн ард байхгүй юу, уг нь. Тэгснээсээ болж найруулагчдаа яг нэг цаг, 15 минут загнуулсан. “Чиний нойр чинь хүрээд байна уу. Гэртээ харьж унт” гэж үхтлээ загнуулж билээ. Тэр ёстой хэзээ ч мартагдашгүй дурсамж. Тийм л чанга, туршлагатай найруулагчдын ачаар би өнөөгийн түвшинд бэлтгэгдсэн.

МИНУТАД ХЭДЭН ҮГ ХЭЛЖ ЧАДАХАА МЭДЭХГҮЙ

-Таны түргэн уншлагын хэд хэдэн бичлэг олны сонирхлыг ихэд татаж, хүндлэлийг нь хүлээсэн. Ер нь та минутад юм уу, тодорхой хугацаанд хэдэн үг хэлж чадах вэ?

-(инээв). Ёстой мэдэхгүй, тэгж үзэж байгаагүй юм байна. Тэр тэкстийг уран сайхны удирдагч Б.Баярын санаачилгаар МУСГЗ Ш.Ёолк ах бичээд, би уншсан юм. МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчдийн ур чадвар ийм шүү гэдгийг бусдад харуулахыг хүссэн найруулагчийн шийдэл байсан юм шүү. Түүнээс биш олны анхаарлыг татахын тулд тэгээгүй. Найруулагч маань цахим хуудсанд нийтлэн, олны хүртээл болгосон шүү дээ.

Дараа нь Б.Баяр найруулагч “За, чи энэ орос нэвтрүүлэгч шиг хурдан, тод, ойлгомжтой, яг мэдээ шиг уншина” шүү гэсэн. Хүмүүс текстийг хурдан уншиж чадна. Хурдан мөртлөө тод уншиж болно. Хурдан, тод мөртлөө мэдээ шиг унших хэцүү. Тийм шаардлага надад тавьсан. Жирэмсэн байх үедээ тэр орос түргэн хэллэгийг уншсан юм. Оросын байтугай дэлхийн хамгийн урт түргэн хэллэг л дээ. Эхэндээ ёстой барахааргүй санагдсан. Маргааш нь дахин, дахин давтахад болмоор санагдсан. Өдөржингөө давтаж байгаад орой нь бичүүлсэн юм. Ур чадвараа сорихын тулд л тэгсэн. Хүмүүст сонирхолтой байх болов уу л гэж бодсон. Тэгж их шуугиулна гэж ёстой төсөөлөөгүй. Монголын төдийгүй оросын хэвлэлүүд их мэдээлж, онцолно лээ.

БИ ӨДӨРТ 12-16 ЦАГ АЖИЛЛАДАГ

-Одоо ер нь оройд “Цагийн хүрд”-ээ үздэг үү?

-Түрүүн хэлсэнчлэн үнэхээр зурагт үзэх зав гардаггүй. Унтах ч завгүй шахам ажилладаг.

-Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Дунджаар 12-16 цаг.

-Хөөх, тийм олон цаг уу. Хүүхдээ харахын хажуугаар энэ бүх ажлаа хэрхэн зохицуулж, яаж амжуулдаг вэ?

-Хийх ажлуудаа нарийн төлөвлөдөг. Нөгөө талаар хань, гэр бүлийнхэн минь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Ханьдаа, ээждээ, хадмууддаа их баярладаг. Ажлынхаа хажуугаар гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээдэг.

-Ажлын төлөвлөгөөгөө хэдэн өдрөөр гаргадаг вэ?

-Долоон хоногоор. Нэвтрүүлэгч нар даваа гаригт долоо хоногийн ажлын төлөвлөгөө, хувиараа гаргадаг. Яг тэр дадлаараа бүр хэвшчихсэн. Түүнийхээ дагуу л ажлаа төлөвлөдөг. Өдөрт 12-16 цаг ажилладаг болохоор нарийн төлөвлөж байж их зүйлийг амжуулдаг.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭНЭЭР ХОЁР УДАА ШАЛГАРСАН МААНЬ МОНГОЛДОО АНХНЫХ

-Та энэ жил Нийслэлийн шилдэг татвар төлөгч болсон. Өмнө нь мөн энэ шагналыг авч байсан бил үү?

-Тэгсэн, 2017 онд. Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр хоёр удаа шалгарсан маань Монголдоо анхных юм билээ. Би хувь хүний орлогын албан татвараа тогтмол төлдөг.

-Сүүлийн үед олны танил эрхмүүд ханьтайгаа хамт влог их хийж байна. Влог хөтлөх бодол та хоёрт бий юү?

-Одоогоор байхгүй. Зөндөө хосууд хийж байгаа юм чинь. Би 2017 онд сэтгүүлч мэргэжлээр магистр хамгаалсан. Хань минь урлагийн хүн. Тиймээс бид хоёр мэргэжлийн түвшний нэвтрүүлэг, контент бэлтгэхийг үргэлж хичээдэг.

-Залуу хосууд харилцаандаа юун дээр анхаарах нь зүйтэй вэ. Тэдэнд хандаж та зөвлөгөө өгөхгүй юү?

-Нөхөр бид хамтраад “Хоёр Заяагийн найзууд” гэдэг нэртэй гэгээлэг контент хийж байгаа. Өнөөгийн нийгэмд бие биенээ ойлгохгүй, бүрэн таниагүй байхдаа гэрлэснээс болж салалт маш их байна. Биенийхээ орон зай руу их халдах юм. Бие биенээ өмч гэж харах нь ч бий. Сайхан гэр бүлүүдээс суралцаасай, үлгэрлээсэй гэсэндээ бид хоёр энэ контентоо хийдэг. Хосууд найзуудаа оролцуулаад, биенээ хайрладаг туршлагаас үлгэрлэх санаанууд аваасай гэсэндээ хийдэг. Би ч бас бусад хосуудаасаа суралцсаар байгаа.

Залуу хосууддаа хандан хэдэн зүйл захихыг хүсэж байна. Нэгдүгээрт, бие биенээ маш сайн таних хэрэгтэй. Хэн бэ, ар гэрийнх нь хүмүүжил ямар вэ, юу хүсэж, мөрөөддөг вэ гэдгийг мэддэг байх чухал. Хоёрдугаарт, тэгж таньж, мэдсэнийхээ дараа тэр хүсэл, мөрөөдөлд нь зориулж цаг гаргаж өгөх хэрэгтэй. Нөхөр ч бай, эхнэр ч бай хэн хэнийхээ өмч биш. Та хоёр бие биенээ дэмжиж, хайрлахын тулд л гэрлэсэн, үерхсэн шүү дээ. Гуравдугаарт, бие биенийхээ орон зайг хүндэл. Эмэгтэй хүн найз нөхөдтэйгээ уулзаад, гадуур явах, бүжгийн дугуйлан, йогт хамрагдаад өөрийгөө хөгжүүлэх эрхтэй. Эрэгтэй хүн ч гэсэн спортоор хичээллээд, найз нөхөдтэйгөө уулзаад, өөртөө цаг гаргах эрхтэй. Энэ орон зайг нь хүндэл. Дөрөвдүгээрт, бие биедээ хайртай, халамжтай байх их чухал. Энэ бүхнийг амьдралдаа хэвшил болгож чадвал ямар ч асуудлыг хамтдаа даван туулж чадна.

-Энэ их ажлынхаа хажуугаар зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Бидний ажлыг, “Ээж” төвийг маань дэмжин зориод ирсэн, ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-18 12:11

Яг яаж ийм их ажлыг амжуулдын бэ үнэхээр сайн сайхан бүхэн бүрдсэн бүсгүй шүү шинээр нээж байгаа төвд нь амжилт хүсье заав�##� үйлчлүүлнээ

Ариунаа
Ариунаа
2020-06-18 20:51

76д гарсан эмэгтэй гишүүд ер нь юу хийдийн бэ эмэгтэйчүүд гэр бүлүүдэд чиглэсэн дорвитой юм юу ч хийгээгүй тэгхэд энэ бүсгүй л монголд анх удаа ээжүүдэд зориулсан төв нээх гэж байх юм амжилт хүсий би 2 хүүхэдтэй дэмжджг шүү заав�##� очно нээг

Zochin
Zochin
2020-07-17 17:22

Eej n tatwar ch biluu , mergejliin hyanaltiih ch biluu. Uuruu goyoj goodohoos uur erdemgui hud budm#l huuheen

Зочин
Зочин
2020-07-17 18:57
Reply to  Zochin

Тааж битгий бичээд бай. Андуурчихаж. Мундаг эмэгтэй. Ямагт хүний төлөө байдагт нь үнэлдэг шүү.

Зочин
Зочин
2020-07-17 18:57

Мундаг шүү.Амжилт

Guzee
Guzee
2020-07-22 08:02

Pag umhii altai huuhen bsan um daa delgermurun sanaj bn uu

Холбоотой мэдээ

Back to top button