НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Увс аймагт бараа, бүтээгдэхүүний үнэ 50-150 төгрөгөөр нэмэгджээ

Манай улс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй ч хөл хориогоо үргэлжлүүлсээр байгаа. Тэгвэл хөл хорио монголчууд тэр тусмаа орон нутгийн иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ээлжит сурвалжилгаа бэлтгэв.

Увс аймаг нь ОХУ-ын Тува улстай хил залгаа. Хойд хөршид халдварын тархалт буурахгүй байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хил залгаа аймгуудыг сэрэмжтэй байхыг анхааруулж буй. Тиймээс бид удаа коронавирусийн халдвар Увс аймгийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг онцоллоо.

-ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ГАРААГҮЙ-

Бид цар тахлын үед эдийн засгийн ямар арга хэмжээ авч буй талаар нь тодруулахаар Увс аймгийн Засаг даргатай холбогдсон боловч “Уулзалттай байна” гээд утсаа таслав. Түүний туслахтай холбогдох гэж удаа дараа оролдсон ч утсаа авсангүй. Тиймээс бид Увс аймгийн статистикийн хэлтэст хадсан юм.

Тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалагаас эдийн засгийн нөхцөл байлын талаар тодрууллаа.

-Цар тахлын улмаас танай аймгийн эдийн засагт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Манай аймгийн эдийн засагт томоохон өөрчлөлт ороогүй. Хил хааж, хүмүүсийн хөл хорьсон ч хүнсний бараа бүтээгдэхүүн өмнөхийн адил орж ирж байгаа.

-Хөл хорионы улмаас иргэдийн худалдан авалт, амжиргааны түвшин буурсан уу?

-Иргэдийн худалдан авалт илт буурсан зүйл ажиглагдаагүй. Журмын дагуу үйлдвэр, үйлчилгээний газрууд 22.00 цаг хүртэл ажиллаж байгаа. Харин хойд хилээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирдэг 100 орчим иргэний үйл ажиллагаа зогсоод байна.

-Бараа бүтээгдэхүүний үнэд ямар өөрчлөлт гарав?

-Бид долоо хоног бүр өргөн хэрэглээний 12 нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг судалж байна. Үнэ тийм ч их нэмэгдээгүй. Тухайлбал, Одоогийн байдлаар 1 кг үхрийн  мах дунджаар 9167 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.6, өмнөх сарын дунджаас  4.8 хувиар буурсан үзүүлэлт. Харин 1 кг хонины мах дунджаар 8750 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд байж,  өмнөх сарын дунджаас  2.1 хувиар буурсан байна. Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй,  өмнөх сарын дунджаас 25.0 хувиар өссөн.
Харин цагаан будаа дунджаар 2567 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс өөрчлөгдөөгүй, өмнөх сарын дундаж үнээс 2.7 хувиар өссөн байна. Бензин шатахууны үнэ  өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байж, өмнөх сарын дундаж үнээс 2.3-6.0 хувиар буурсан  байна. Бор болон цагаан ноолуурыг 52000 төгрөгөөр авч байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 12.1 хувиар өсжээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ Д.ЭНХЗУЛ: ХИЛЭЭ ТҮРГЭН НЭЭГЭЭСЭЙ ГЭЖ ХҮЛЭЭЖ СУУНА

Бид иргэдийн төлөөлөл болгон Улаангом хотын оршин суугч, бизнес эрхлэгч Д.Энхзултай ярилцлаа.

–Та Улаангом хотод амьдраад хэдэн жил болж байна вэ?

- Би Увс аймгийн унаган иргэн. Төрснөөсөө хойш энэ нутагт амьдарч байна. Би нөхөр, хоёр хүүгийн хамт амьдардаг.

–Коронавирусийн халдвар танд, танай гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хилээ түргэн нээгээсэй гэж хүлээж сууна. Би таван жилийн өмнөөс Манжуураас хувцас, гэр ахуйн бүтээгдэхүүн оруулж ирж, худалдаалж байгаа. Гэтэл хил хааж, хоёрдугаар сараас хойш ажил зогсчихсон. Монгол Улс хөл хориогоо сунгасаар өдий хүрсэн.  Нөхөртэйгээ хамт бараандаа явдаг байлаа. Одоо нөхөр маань таксинд явж байна. Түүнийхээ өдрийн орлогоор л амьдралаа залгуулж байна.

–Хил нээлттэй байхад сард хэдэн төгрөгний орлоготой байв?

-Өдөр бүр хувцас гүйлгээтэй байхгүй. Намар хичээл, сургууль орох, өвөл хүйтрэх, зун дулаарах гэх мэт улирлаас шалтгаалан хүмүүсийн худалдан авалт нэмэгддэг. Зарим байнгын үйлчлүүлэгчид бараагаа бөөнд нь захина гээд орлого харилцан адилгүй л дээ. Харин гэр ахуйн барааны хувьд өдөрт дунджаар 70.000- 150.000 төгрөгийн орлоготой байсан. Нөхөр маань ихэвчлэн 20.000-30.000 төгрөгийн орлоготой ирдэг. Заримдаа 10.000 төгрөггүй ч ирэх үе бий. Бизнес эрхэлдэг байсан учраас эргэлтийн хэд гурван төгрөг хадгалчихсан байсан. Бүр болохгүй үедээ тэр мөнгөндөө гар хүрэхээс өөр аргагүй.

Биднээс гадна сар бүр хойшоо хамт бараанд явдаг байсан 50 гаруй иргэний ажил мөн зогссон.

-ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 50-150 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН-

Түүнчлэн иргэдийн төлөөлөл, Цогцолбор Нэгдүгээр сургуулийн багш Б.Отгонжаргалтай ярилцлаа.

-Та багшлаад хэр удаж байна вэ?

-Би цогцолбор нэгдүгээр сургуульд багшлаад гурван жил болж байна.  Түүх, нийгмийн ухааны багш.

-Цар тахлын улмаас бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Та энэ үеийг хэрхэн туулж байна вэ?

-Хоёрдугаар сараас эхлэн хөл хорио тогтоож, хичээлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Миний хувьд цалинтай амарч байна. Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байна даа.

-Улаангомд нөхцөл байдал ямар байна вэ?

-УОК-ын шийдвэрийн дагуу 22.00 цагаас хойш үйлчилгээний газрууд ажиллахгүй, 15:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалахгүй байгаа. Цаг агаар дулаарч, улмаар хүмүүс амны хаалт зүүх нь ховордсон. Харин сонгуулийн үйл ажиллагааны хувьд нэр дэвшигчийн уулзалт цуглааны үеэр халуун хэмжиж, амны хаалтгүй хүмүүст маск тараан, зүүлгэж байгаа. Төрийн албан хаагч учраас цалин мөнгөний хувьд асуудалгүй байна.

-Хөл хорионы улмаас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үү?

-Огцом нэмэгдсэн зүйл бол ажиглагдаагүй. Хүнсний бүтээгдэхүүн ерөнхийдөө 50-150 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Харин зарим ахуйн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тухайлбал, нэг сарын өмнө хялбар шал угаагч авах гээд үнийг нь асуухад 30.000 төгрөг гэж байсан бол саяхан 36.000 төгрөг болчихсон байсан.

Коронавирусийн халдвар хил дагуух Өмнөговь, Дорноговь аймгуудын иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байсан бол Увсын иргэдийн амьдрал ийм байна. ОХУ-аас  хилээс хамааралтай ажил хийдэг хүмүүс үнэхээр хүнд байдалд орсон гэнэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, иргэдийн худалдан авалт буураагүй байна. Харин амны хаалт зүүхгүй тайван яваа хүн олон байгаа гэнэ. Хэдийгээр дотооддоо халдвар алдаагүй ч иргэнийхээ үүргийг ухамсарлаж амны хаалтаа зүүж, бусад зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг уриалъя.

Ж.ЭРДЭНЭБИЛЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button