Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Сэрсэн тал”-ын аялгуунд усан оргилуур “бүжиж”, нийслэлчүүд нарлаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн алба, Нийслэлийн хот тохижилтын газраас Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлалтай Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинээр тохижуулж, аялгуут усан оргилууртай, автомат усалгаа бүхий ногоон байгууламжтай, шинэ бие засах газартай болгосон.

Бид өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орсон тус шинэ бүтээн байгуулалтаар зочилж, өдрийн сурвалжилга бэлтгэлээ.

Холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхдээ нийт 1.6 га талбайг хамрах уг цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урттай, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур болон 800 квадрат метрийн талбайтай дугуй талбай, хоёр нийтийн бие засах газар барьж, байгуулна хэмээж байв.

Биднийг очиход ногоон байгууламжийн автомат усалгааны систем тасралтгүй ажиллаж байлаа. Албаны хүмүүсийн онцолж байсны дагуу хуучин мод, бутыг нүүлгээгүй, харин засаж, хэлбэрт оруулсан нь анзаарагдаж байв.

Өдрийн 15.00 цагийн орчимд усан оргилуур хараахан оргилж эхлээгүй байлаа. Харин эргэн тойронд нь бүх л насны нийслэлчүүд тойрон зугаалж, нарлаж, тухалж байв. Ер хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд хөл хөдөлгөөн арвинтай байлаа.

Удалгүй нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Сэрсэн тал” хөгжим эгшиглэхтэй зэрэгцэн усан оргилуур ч оргилж эхэллээ. Усан оргилуурын оргилох, цацрах хэмжээ, хэмнэл нь “Сэрсэн тал” хөгжимтэй нийцэж, хөгжмийн аялгуунд бүжиж буй мэт харагдахаар зохиомжилжээ.

Харин цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр талд байх нийтийн бие засах газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой хэсэг нээгдсэн нь онцлог байв. Иргэд тус бие засах газраар үйлчлүүлэхдээ 300 төгрөг төлөх юм байна.

Үзвэрийн зориулалтаар боржин чулуугаар тохижуулсан талбайд хүүхэд залуус ихээр цуглан тоглож байна. Хүний хөл ер тасрахгүй Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нийслэлчүүд хонхоо цохиж, ASЕМ-ын дурсгал хөшөөний дэргэд зургаа авхуулцгаана.

Иргэдийн сэтгэгдэл ихэд өндөр байх бөгөөд, амралтын өдрөөр, чөлөө заваараа нарлаж суух сайхан газартай боллоо хэмээцгээж байв. Ялангуяа хүүхэд, хөгшдөд нэн таатай бүтээн байгуулалт болсон нь анзаарагдлаа.  

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зуун захад “Амны ус” байршсан нь бидэнд шинэ жишиг болж байна. Тус байгууламжийн талаар бид тусад нь сурвалжилга бэлтгэж хүргэхээр ажиллаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-22 21:26

ҮНЭХЭЭР САЙХАН БАЙГУУЛАМЖИЙГ БҮТЭЭЖЭЭ.ТӨВДӨӨ ИЙМЭРХҮҮ БАЙГУУЛАМЖУУДЫГ ӨӨР ОЛНЫГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЛУЙВАРЧДААС САЛГАЖ АВААГҮЙ БОЛ БАС НЭГ ӨНДӨР ОФФИСИЙН, БҮР ДАВРААД ОРОН СУУЦНЫ ХАУСАА БАРЬЧИХ БСАН Ч ЮМ БОЛ УУ.

Их хотын иргэн
Их хотын иргэн
2020-06-22 22:36

Сайхан бүтээн байгуул�##�т болжээ. Хотын даргадаа баярл�##�аа. Маш их хэрүүл тэмцэлийг сөрөн зогсож байж хийсэн
ХХБ-ны эзэн сах�##� Эрдэнэбилэг мөнгөөр цохиод авсан байсан газар гээ биз дэ?
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг билүү.

Иргэн
Иргэн
2020-06-22 23:32

Гоё болжээ. Харин ногоон байгууламж нь ямар ч эмх замбараагүй харагдаж усан оргилуурыг гутааж байна. 3.2 тэрбум төгрөг зарсан байж ногоон байгууламжаа сайхан засаж хэлбэржүүлсэн бол жинхэнэ цэцэрлэгт хүрээлэн болох байлаа

Иргэн
Иргэн
2020-06-23 09:18
Reply to  Иргэн

Сайхан байна.Үнэхээр Азийн цагаан дагина химээх хот байна даа. Ганц ийм сайхан усан оргилуур баймаар даа гэж хичнээн жил бодож явлаа.30 жил луйварчдад идүүлж байсан хөрөнгөөр энэ мэт ихийг хийх байждээ.
баяр хүргэе.

Зочин
Зочин
2020-06-23 17:39

Сайхан болжээ. Одоо иргэд маань соёлтой байж гамтай ашиглах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button