Д.Батбаярын төлөөлөгч хууль бусаар 250 сая төгрөг тараахыг завдсан хэргээр шалгагдаж байна

Өчигдөр (2020.06.22) Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас Хан-Уул дүүргийн нутагт их хэмжээний бэлэн мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээллийг шалгасан байна.
Ийнхүү шалгалтаар 250 сая төгрөгийг 2.5 саяар нь багцалж боосныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээх мэдээлэл байгаа аж.
Эл хэрэгт СХД-ийн АН-ын гишүүн Н.Даваажав гэх иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэвлэлд өгсөн тодруулгадаа,
“Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль зөрчсөн гэх 1276 гомдол ирснийг шалгаж байна. Бэлэн мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл их ирж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн XIV хорооны нутагт шалгалтын ажиллагаа явуулж, гарал үүсэл нь тодорхойгүй 200 гаруй сая төгрөг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хууль зөрчсөн, эсэхийг нарийвчлан шалгаж тогтооно. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн” гэсэн мэдээллийг өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.