Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн эдийн засаг II дайнаас хойшхи хамгийн гүн хямралд орно

Олон Улсын Валютын Сан шинэчилсэн тайландаа эдийн засгийн төлөвийг доошлуулахаар хүлээгдэж байна. Өнөөгийн нөхцөл байдалд цар тахлын улмаас дийлэнх улсын эдийн засаг хоёрдугаар улиралд агшихаар байгаа аж. Европын Төв банк л гэхэд тивийн эдийн засаг энэ онд 8.7 хувиар агшина гэж тооцоолжээ. Харин Дэлхийн банкнаас өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агших, 2021 онд 4.2 хувиар өсөх төсөөллийг зарласан байна.

-НЭГ ХҮНД НОГДОХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ 3.6 ХУВИАР БУУРНА-

“COVID-19”-өөс шалтгаалан хөгжингүй орнуудын эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн гүн хямралтай нүүр тулах хүлээлттэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцолсон байна. Мөн хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ.

Дэлхийн улс орнуудын 90 хувь орчимд нэг хүнд ногдох ДНБ буурах төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байна. Хэрэв сөрөг нөхцөл байдал үргэлжилбэл эдийн засгийн төлөв суурь төсөөллөөс муудаж, дэлхийн эдийн засаг 2020 онд найм хүртэлx хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг тав хүртэлx хувиар агшиж болзошгүйг анхаарууллаа.

-ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ТОГТВОРГҮЙ БАЙНА-

Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа танах "ОПЕК”-ийн Өргөтгөсөн бүлгийн хэлцэл болон зарим улсад хориг арга хэмжээг аажмаар сулруулж, газрын тосны эрэлт буцаж сэргэсэнтэй зэрэгцэн сүүлийн нэг сард газрын тосны үнэ өсөж 42 ам.долларт хүрсэн. Гэвч энэ сарын 11-ний өдрийн арилжаагаар газрын тосны үнэ найман хувиар огцом суларч 38.3 ам.долларт хүрсэн нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.

Дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээн тус улсын зэсийн импорт огцом өсөж 5.900 ам.долларын түвшинг давлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийг давсан үзүүлэлт юм. Зэсийн гол нийлүүлэгч Перу, Чили зэрэг улсуудад коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлж байна.

-ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ОГЦОМ ӨССӨН-

Харин Бразил, Энэтхэг улсад халдвар эрчимтэй тархсантай зэрэгцэн төмрийн хүдрийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь огцом өсөж 103 ам.долларт хүрсэн байна. БНХАУ-д гангийн үйлдвэрлэл сэргэж, төмрийн хүдрийн эрэлт их байгаа нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзжээ.

Түүнчлэн дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал, эрсдэл өндөр байгаа тул алтны ханш 1700-1750 ам.долларын түвшинд хэвээр хадгалагдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад ээлжлэн вирусийн тархалт эрчимтэй нэмэгдсэн, АНУ болон Хятад улсуудын харилцаа таагүй байгаа зэргээс үүдэн глобал зах зээлд тодорхой бус байдлыг ихэсгэж алтны ханш өсч 1700-1750 ам.долларт хүрсэн юм. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буюу 400 гаруй ам.доллараар өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: bloomberg.com, worldbank.org

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button