ТОЙМ: МАН дахин илүүрхэж, өвөө нар тэтгэвэрт сууж, попууд тайзнаас буулаа

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, сонин содон үйл явдлаар өрнүүн бодж өндөрлөлөө. Энэ удаад 15 нам, 4 эвсэл, 121 бие даагч нэр дэвшсэн. МАН хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялалт байгуулж илүүрхсэн бол АН хоёр дахь удаагаа цөөн суудал авч тод ялагдал хүлээв. Үүний хажуугаар зарим өвөө нар тэтгэвэртээ гарч, парламентийн хэд хэдэн попууд суудлаасаа буусан содон үйл явдал өрнөсөн юм.
-МАН-ЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ИЛҮҮРХЭЛ-

2016 оны сонгуулиар парламентад 65 суудал авч байсан эрх баригч нам лидерээ сольж, дахин шинэчлэгдэснээр мөн л яллаа. Нэг нам хоёр удаагийн сонгууль дамнан ингэж олонх болсон түүхгүй билээ. МАН-ын 62 нэр дэвшигч сонгогдон, Засгийн эрх улиран барихаар болсон нь Монгол Улсын парламентын түүхэнд анх удаагийнх. Энэ удаад намынхаа сонгуулийн пиар-ыг У.Хүрэлсүх жинхэнэ утгаар нь гардан гүйцэтгэв. Тэр нэр дэвшигч бүрээ хөтлөн аймгуудаар орж уулзалтуудад нь нүүр тахалж өгсөн нь энэ удаагийн сонгуулийн ялалтад ихээхэн нөлөөлсөн гэх дүгнэлт ч гарч байгаа юм. Намынхандаа бол дарга шиг, эцэг шиг нь байсан гэлтэй.
-АН-ЫН ДАХИН ЯЛАГДАЛ-

Харин АН дахин ичгэвэртэйгээр ялагдлаа. 2016 оны сонгуулиар ганхаж, дараагийн сонгуулийн мөчлөг хүртэл цөөнх гэсэн тодотголтой явж ирсэн нам энэ удаад ч цөөнх хэвээрээ үлдэв. Тус намын зүгээс УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал дараагийн Ерөнхий сайдаар АН-ын дэд дарга Р.Амаржаргалыг дэвшүүлнэ хэмээн нэрлэж нэг алхамт нүүдлийг түрүүлж хийгээд байсан. Эл үйлдлээрээ улстөрийн том соёлыг тогтоосон гэх магтаалыг хүртсэн. Харамсалтай нь Р.Амаржаргал гарсангүй. Бүр АН-ын дарга С.Эрдэнэ Баянголын “дош”-ндоо өвдөг шороодсон гашуун үнэнтэй Ардчиллынхан нүүр тулав. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр зөвлөх болох Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар АН-д хоёр мандат авчирч, Ч.Улаан сайдыг хаваржин нүдэж байж, Сүхбаатараас хөөсний үр дүнд АН ганц аймагт цэвэр ялалт байгууллаа. Өөрөөр гийж, гийгүүлсэн түүх энэ удаад бичиж чадсангүй. АН-ын лидерүүд болох З.Нарантуяа, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нарт ард түмэн итгэл хүлээлгэсэнгүй нь урам хугалсан үйл явдал болов.
-ӨВӨӨ НАРЫГ “ТЭТГЭВЭР”-Т ГАРГАВ-
Парламентад хамгийн олон буюу найман удаа сонгогдсон Д.Лүндээжанцан, олны итгэлийг долоон удаа хүлээсэн Ц.Нямдорж нарын өвөө нарыг ард түмэн тэтгэвэрт нь суулгалаа. Баянгол дүүрэгт дархлагдсан С.Эрдэнэ нарт тойргийнхон нь итгэл хүлээлгэсэнгүй. Харин Төв аймгийнхан Н.Энхболдыг тэтгэвэрт нь гаргасангүй. Улираан сонгосон нь заримых нь эгдүүцлийг хүргэсэн юм.
-“ПОП”-УУД ТАЙЗНААС БУУВ-

Энэ удаагийн сонгуулиар попууд тайзнаас буусан үйл явдал өрнөлөө. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Б.Наранхүү, С.Жавхлан, О.Баасанхүү, Н.Номтойбаяр нарын парламентийн попуудыг энэ удаад ард түмэн тайзнаас нь буулгав. Түүнчлэн парламентийн тайзны бус поп гэх ангилал ч бий. Эл ангилалд “Буян”-гийн Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс багтана. Түүнийг ч энэ удаад ард түмэн таашаасангүй.
-ЦАГДАН ХОРИХ АНГИАС ЗУРГААН ХҮН НЭР ДЭВШИЖ, НЭГ НЬ ГИШҮҮН БОЛОВ-

Түүхэндээ анх удаа цагдан хорихоос нэр дэвшиж нэг нь гишүүн болов. С.Баярцогт, Н.Номтойбаяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт гэсэн хүмүүс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаад байсан. Улмаар тэднийг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аван сурталчилгаагаа эхлүүлээд байхад нь сонгуулийн өмнө СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг юм. Эдгээр зургаан хоригдогсодоос Ж.Эрдэнэбат хамгийн хийморьтой нь байв. Тэрбээр Сэлэнгэ аймгаас нэгээр гарч ирж өнгөлсөн юм.
-СОДОН НЭР ДЭВШИГЧИД ЗУУ ЗУУН САНАЛ ЗУЛГААВ-

Түүнчлэн дуучин, зураач, сошиал “од”, анхны бэлгийн цөөнх нэр дэвшигч зэрэг содон хүмүүс олонтой байв. Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Нарантуяа буюу Нара нийт 8596 хүний санал, Баянзүрх дүүргийн хоёр мандаттай 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч “Халуун цуст” Г.Тулга 4894 санал, Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Чингисхаан 671 хүний санал, Их эв намаас нэр дэвшигч З.Бат-Отгон 4112 санал, 22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч Зураач Л.Өнөрчимэг 343 хүний санал, Гамбууш буюу Ган-Од 599 санал тус тус авсан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Поп уудаас гол эзэдүүд нь зарим нь буусангүй. Нямбаатар, Оюунэрдэнэ, Аюурсайхан нар МАН ын нэрээр үлдчихлээ. Мөн өвөө нараас Н.Энхболд, бөх Батэрдэнэ, ЖДҮ чдээс Учрал, гэх мэтүүд үлдсэн байхыг бодоход яах аргагүй луйварын сонгууль болсон нь
Нямбаатар, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан нарыг популист гэж нэрлэж байгаа хүн бол өөрөө тэнэг, эсвэл луйварчин л байж таарна. Эдгээр залуус харин ч жинхэнэ төрийн хүний байр сууринаас хандаж, улсын эрх ашиг, ард түмний төлөө дуугарч, ажиллаж бгаа
anyyjin helgui Munkhsetseg nariin derged Batotgon dyygarch niigmiin hog shaariig yarina b