Сурвалжилга, Нийтлэл

“Хүүхдийн мөнгө буусны маргааш бүгд бужигнаж, өрийн дэвтэр дүүрдэг”

Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” вирус дэгдсэнээс хойш Монголын гэлтгүй дэлхийн иргэдийн амьдралын хэв маягт томоохон өөрчлөлтүүд тохиолоо. Эдгээрээс хамгийн түрүүнд эдийн засгийн уналт, удаалаад хүн зоны сэтгэл зүйн асуудлууд зүй ёсоор бичигдэнэ.

Монгол Улсын тухайд ч халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн далайцтай арга хэмжээ авч ажилласны дотор томоохон ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон, хааж хорьсон асуудал багтана. Мөн хилээр орж, гарах хөдөлгөөнд тодорхой хатуу хязгаарлалт тогтоосон нь ер эдийн засгийг макрогоос микро түвшинд хүртэл нь хямраах үндсэн нөхцөл болсон.

Нийслэл Улаанбаатар хотод цар тахлын үеийн ажил, аж амьдрал хэрхэн өрнөж буйг нийгмийн дийлэнх хэсэг анзаарч, биеэр мэдэрч байгаа. Харин хотоос алслагдмал, хөдөө орон нутаг, тэндхийн сумдад коронавирус ямар нөлөө үзүүлсэн, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт орсон нь хөндөгдөж амждаггүй сэдэв байсаар байна.


-ЭЭЛЖИТ СУРВАЛЖИЛГА МӨНГӨН МОРЬТ СУМААС-

Харин Eguur.mn сайт уг сэдвээр цуврал сурвалжилга бэлтгэж буй. Үүний өмнө Увс, Завхан, Өмнөговь, Дорноговь аймгуудаас уг сурвалжилгаа бэлтгэсэн бол энэ удаад харьцангуй нийслэлд ойр байрлалтай Төв аймгийг сонголоо. Ингэхдээ аймгийн төвөөсөө нэлээд алслагдмал, Нийслэлтэй хар замаар холбогдоогүй, дэд бүтцийн хувьд шийдэгдээгүй асуудал элбэгтэй Мөнгөнморьт сум дээр фокусаа тааруулав.

Мөнгөнморьт сум Улаанбаатар хотоос 150, аймгийн төвөөсөө 158 км зайд оршдог. Харин Багануур дүүрэгт арай ойр буюу 56 км зайд байрлалтай учир худалдаа эрхлэгчид тэндээс бараа, таваараа татах нь элбэг. Төв аймгийн “Швейцар” гэж нэрлэгддэг Мөнгөнморьт сум элбэг ан амьтан, үзэсгэлэнт байгалиараа алдартай. 1923 оноос хойш албан ёсоор оршин тогтнож буй тус сум 2011 оны байдлаар 2000 гаруйхан хүн амтай.

Бид Мөнгөнморьтынхны аж амьдрал, сэтгэл зүйд коронавирусийн тусгасан нөлөөг тодорхойлохоор тус сумын ЗДТГ-ын Газрын даамал Я.Отгонтуяатай ярилцав. Тэрбээр сумын иргэд амны хаалтаа тогтмол зүүж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцлагатай мөрдөж байгаа гэв. Түүнчлэн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнийг эс тооцвол иргэдийн амьдралд тийм ч огцом эргэлт гараагүй гэдгийг онцолж байлаа.

-“Covid-19” вирусийн тухай танай суманд хэзээнээс яригдаж эхэлсэн бэ?

-Мэдээллийг телевизээс болон интернэт орчноос авах боломж хангалттай байдаг учраас яг цаг тухайд нь л дуулцгаасан. Харин дуулиан болж дэгдсэн нь Цагаан сарын өдрүүд. Тэмдэглэх, тэмдэглэхгүй асуудал хэлэлцэгдсэн шүү дээ. Ийн манай сумынхан ер Цагаан сар хийгээгүй. Айл бүр идээ, будаагаа зассанаас бусдаар өргөн хүрээнд тэмдэглээгүй.

-Цар тахлаас үүдэж Нийслэлд зарим ААН-үүдийн орлого тасарч, цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Ер эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод буй. Мөнгөнморьт сумынхны тухайд яривал коронавирус ямар сөрөг нөлөө авчирсан гэж хэлэх вэ?

-Зарим өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Яг тэд, эдэн төгрөгөөр гэж хэлэхэд хэцүү ч ер нь нэмэгдчихээд байгаа. Ялангуяа барилгын материалын үнэ нэлээд өссөн. Худалдаа эрхлэгчдээс асуухаар хил хаагдсан, эсвэл бараагаа татдаг газрууд нь үнээ нэмсэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Өөр томоохон сөрөг нөлөө гэж хэлэхээр зүйл ажиглагдаагүй байна.


-МАНАЙ СУМ ГАНЦХАН КАРАОКЕТЭЙ-

-Танай сумын иргэд халдвар, хамгааллын дэглэмийг хэр сахин биелүүлж байна вэ?

-Манайх цөөхөн хүн амтай учраас бараг л бие биеэ бүгдийг нь танина. “Тэр амны хаалтгүй явж байна билээ”, “Тэдний хүүхдүүд олноороо цуглараад тоглож байна” гэхчлэн яриа маш амархан тардаг. Ийм болохоор амны хаалтыг маш сайн зүүцгээж, гараа тогтмол ариутгаж байгаа. Харин Улаанбаатарт очихоор хүмүүс нь эрс ялгарч харагдаж байна лээ. Амны хаалтгүй яваа хүн хотод их олон байсан.

-Улаанбаатарт баар, ресторан, шөнийн клубүүд цагийн хязгаартай ажиллаж байгаа. Мөнгөнморьтын хувьд?

-Өө, манай сумд ганцхан караоке бий. Тэр нь нэг хэсэг ер ажиллахгүй, хаалгаа барьчихсан байсан. Харин саяхнаас л нээгдэж байна. Ингэхдээ орой 22.00 цагаас нэг их хэтэрч байгаа юм уу, сайн мэдэхгүй байна.

-Өвчин тарах эрсдэлтэй, өглөө болгон ЭМЯ-ны мэдээлэлтэй ийм үед хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт орох магадлал их. Жижиг сумын цөөн хүн амын сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөж байгаа нь сонин байна?

-Гайгүй ээ. Бүгд хийдэг ажлаа хийцгээгээд л, өдөр хоногуудыг байдаг янзаараа өнгөрөөгөөд л байцгааж байна. Сэтгэл зүйн хувьд тийм илтэд өөрчлөлт ороогүй. Манайхан амны хаалтаа зүүгээд л, тайван амгалан амьдарцгааж байна.

Харин тус сумын худалдаа эрхлэгчдэд коронавирусийн цаг үе хэрхэн нөлөөлж буйг сурвалжлахаар иргэн Я.Нарантуяатай уулзав. Тэрбээр Мөнгөнморьт сумандаа хүнсний болон өргөн хэрэглээний барааны жижиг дэлгүүр ажиллуулдаг нэгэн юм.

-Та сумандаа худалдаа эрхлэгч. Тахлын үед ашиг, орлого ямар байна вэ?

-Ер тийм сайнгүй. Зарим бараандаа ашиг харахаа ч больсон.

-Учир нь юунд юм бол?

-Манайх бараагаа хотоос татдаг. Ихэвчлэн Багануураас. Тэд барааны үнээ огцом нэмчихсэн байгаа. Тухайлбал 50 мянган төгрөгөөр зардаг цагаан будааг 55 мянган төгрөгөөр өгдөг болсон. Үүнд нь тохируулж үнээ нэмээд зарвал манайхан гайхна. Иймд би бол хуучин үнээрээ зарж байгаа. Ашиг багатай байна. Чихэр, печень, бохь гэхчлэн үнэ нь нэмэгдээгүй бараа байхгүй.

Уг нь бензиний үнэ нэлээд сайн буусан шүү дээ. Гэтэл яагаад юмны үнэ дагаад буухын оронд эсрэгээрээ өсөөд байгааг мэдэхгүй байна.


-АШИГ ХАРАХАА БОЛЬСОН-

-Танд өөр ямар хүндрэл учирч байна вэ?

-Манай сум хоттой засмал замаар холбогдоогүй учраас бараа татахад их хүндрэлтэй байдаг. Ер амаргүй байдлаар бараа татаж, энэ жижиг сумандаа худалдаа эрхэлдэг. Ийм байхад юмны үнэ нэмэгдэж байгаа нь тийм ч сайнгүй л байна. Махны үнэ бүр тэнгэрт хадлаа. Хуучин нэг хонь 130 мянгаар авдаг байсан бол одоо 200 мянга болж. Нэг кг үхрийн мах 13000, хонины мах 9500-тай байна.

-Хүмүүсийн худалдан авах чадвар хэр байгаа бол?

-Одоо харин ч гайгүй болоод байна. Засгийн газар зээл төлөлт хойшлуулж, хүүхдийн мөнгийг нэмэхээс өмнө байдал маш хүнд байсан. Зээлгүй хүн гэж байхгүй. Бид зузаан гэгч том дэвтэр хөтөлнө. Хүн болгон л “дараа төлье” гэдэг байдлаар зээлж, хүнсний бүтээгдэхүүн авдаг байсан.

Харин зээл төлөлт хойшилж, хүүхдийн мөнгө нэмэгдсэнээс хойш харьцангуй дээрдсэн л дээ. Гэхдээ л хүмүүс зээлж юм авдаг нь хэвээрээ. Хүүхдийн мөнгө буусны дараах гурван өдөрт тасралтгүй бужигнана. Бөөн өр, зээл болно доо. “Үгүй” гэж болохгүй, зээлээд л явуулна. Манайхан цөөхүүлээ, бүгд нэг нэгнээ таньдаг учраас гайгүй л дээ.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэр сахиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бол?

-Тэрийг бол харин ч нэг чандлан биелүүлж байна. Манайх дэлгүүрээ аль болох амны хаалтаар дутаахгүй, таслахгүй байхыг хичээдэг. Лангуун дээрээ үргэлж гар ариутгагч тавьж, үйлчлүүлэгчдийн гарыг ариутгадаг.

-Танд өөр онцолж хэлэх зүйл байна уу?

-Өөр үгүй дээ. Юмны үнэ нэмэгдсэнээс бусдаар тайван амгалан л байцгааж байна. Худалдаа эрхлэгч бидний хувьд бүр нэг их дампуурч, үүдээ барихад хүрээгүй ч ашиг орлого багатай л байна. Уг нь 15-20 хувийн нэмэгдэлтэй зардаг ч одоо бараг ашиг харахаа байж байна даа.

Сумандаа жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэй ингэж ярилаа. Дээрх бүгдээс дүгнэхэд харьцангуй алслагдмал, цөөн хүн амтай энэ сумд аж, амьдрал тайван байгаа аж. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн нь иргэд хийгээд худалдаа эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж буй ч, засгийн газрын шийдвэрүүд бага ч болов нурууг нь амрааж байгаа гэнэ. Харин цөөн хүнтэй тулдаа халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахиж, сахилга баттай суугаа юм байна, мөнгөнморьтчууд.

Т.АМАРЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button