ХОВЧ ШАР

Зам дагуу жорлонгүй тул тал нутаг НОЛЬ болж байна

…ХАА ГАЗАР Л ЗАМЫН ХАЖУУГААР НЭГ БИЕ ЗАСАХ ГЭСЭН ХҮМҮҮС-

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дотоодын аялал жуулчлал дагасан хогны асуудал хурцхан сэдвүүдийн нэг байв. Гэвч үүний хажуугаар нэг сэдвийг бид мартсан бололтой. Энэ бол 00.  

Манай улсад аялал жуулчлал хариуцсан яам хүртэл бий. Гэвч аялал жуулчлалын хамгийн чухал бөгөөд нэгдүгээрт бичиж болох асуудал “НОЛЬ”-ийн асуудал өнөөдөр ч бүрхэг хэвээр.

Хөдөө орон нутагт байтугай, нийслэл хотод ч энэ асуудлаа шийдэж чадаагүй Монголчууд өнгөрсөн таван өдрийн амралтаараа эх орныхоо хонхор, хотгор газар бүрийг “НОЛЬ” болгон ашиглав.

Хөдөөг зорьж яваа иргэд хогоо аваад халаасалчихад болдог юм гэхэд биологийн ялгадсыг халааслахад хэцүүхэн тул хүний нүд хариуласхийгээд замын хажуу руу орно. Өөр арга байхгүй. Тэнд нь бохироос гадна 00-ийн цаас, ариун цэврийн хэрэгсэл, тамхины иш гээд хүн үдлээд явсныг батлах “гайхалтай” ул мөрүүд үлдэнэ.

Хаа газар л замын хажуугаар бие засах гэж зогссон хүмүүс, энд тэнд овойж, шомбойж суусан улс. Нүдэнд бүр танил, “дотно” дүр зураг. Ийм л байх ёстой шиг.

-ХЭДЭН ЖУУЛЧДАА ЗАМЫН БУУЛГААД “ЦААШАА ХАРААД НААНАА СУУЧИХ ГЭХ-

Гэвч, үгүй. Бид нэн тэргүүнд аялал жуулчлалаа хөгжүүлэх гэхээсээ урьтаж хөдөө орон нутгийн зам дагуу боловсон ноль байя гэхэд, хэд хэдэн модон жорлон ч атугай байрлуулах цаг ирж.

Хэдэн жуулчдаа замын хажууд буулгаад `ЦААШАА ХАРААД НААНАА СУУЧИХ` гэхийн оронд ядаж л нуух ёстой хэсгүүдээ нуучихаж болохоор хэдэн мод ч болов босгоод тавьчих юмсан.

Уг нь ч гадны улс орнуудад жуулчдыг хаа хүссэн газар нь буулгадаггүй, дараагийн буудал хүртэл жуулчин тэсэх л сонголттойгоор тэвчиж ирээд боловсон нольд ордог жишигтэй. Нэг буудлаас дараагийн буудал хүртэл хэн ч замын хажуугаад зогсоод, хонхор газар барааддаггүй.

Ядаж л Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусанд тогтсон соёлоо бусад газруудад ч гэсэн суулгамаар. “Бамбарууш”, “Урьхан” зэрэг хэд хэдэн автозогсоолуудад иргэд цай унд, кофе сэлт уугаад, биологийн асуудлаа шийдээд цаашилдаг.

Энэ хооронд ч хэн ч зогсоё, шээе, баая гэж аашлахгүй, бүгдийнх нь дунд ийм нэг эвтэйхэн соёл яаж ийгээд тогтчихсон. Одоо улс орныхоо бусад чиглэлд ч модон жорлон ч атугай бариад энэ жишгээ эхний ээлжинд “бариад авахсан” даа. Замын хажуугийн хонхор, хотгорд танилынхаа царайг харах ч энүүхэнд л болоод байна шүү.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button