Нийгмийн

Америк охиныг аварсан монгол залуус: Охины бяцхан зүрх хүчтэй цохилж буйг нь мэдрээд баярласан

Өчигдөр /2020.07.08/ олон нийтийн мэдээллийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-д ажиллаж амьдарч буй монгол залуус үерийн усанд урсаж байсан бага насны охиныг аварсан тухай бичлэг, мэдээлэл түгсэн. Бид тэдгээр залуустай сошиалаар холбогдож хэсэг хором ярилцсан юм.

Ярилцлагын өмнөтгөлд мэдээлэл хүргэхэд тэдгээр залуусыг Б.Амарбаясгалан, Б.Дашням гэдэг бөгөөд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлийн хамт амьдардаг байна. Түүнчлэн тэд “Family First MGL” нэртэй гэр бүлийн влогийг хөтлөн явуулдаг аж.

-ЭНЭ ХӨӨРХӨН ОХИНД ТУСАЛ ГЭЭД ЦААНААСАА Л ЯВАХ МАРШРУТ МААНЬ ӨӨРЧЛӨГДСӨН ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Сайн байна уу. Өчигдөр сошиал сүлжээгээр та хоёрын үерийн уснаас хүүхэд аварч буй бичлэг цацагдсан шүү дээ. Тухайн үед юу болсон тухайгаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Б.А: Цацагдсан нь өчигдөр л дөө. Гэхдээ тухайн үйл явдал долдугаар сарын 4-ны өдөр болсон юм. Бид гэр бүлээрээ Колорадо мужийн Денвер хотоос Өмнөд Дакота муж руу явах маршруттай явахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч маршрутаа өөрчилж, Чикаго хот руу Нигара Хүрхрээг үзэхээр хөдлөцгөөсөн. Харамсалтай нь тухайн өдрийн өглөөнөөс л эхлээд Нигара Хүрхрээ рүү явах төлөвлөгөө маань бүтэлгүйтэж эхэлсэн. Учир нь Калифорни мужийн харъяалалтай иргэд, Нью-Йорк муж улс руу очвол тэндээ өөрсдийгөө сайн дураараа 14 хоног тусгаарлагдах шаардлагатайг мэдсэн юм.

Цаг хугацаа давчуу байсан тул Нигара хүрхрээний хажууд очсон ч, үзэх боломжгүй болсон тул бид “Guyahoga National Park”-д байрлах өөр нэг хүрхрээг үзэхээр шийдээд явах замд энэ явдалтай таарсан юм.

Биднийг “National Park”-руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч, машинаа зогсоолд тавиад буух үетэй зэрэгцээд голын ус улаанаараа эргэлдсэн үер буусан байсан. Эхэндээ үер буучихсан байна хэмээн ухааралгүй, хүрхрээг чиглээд алхаж байхдаа эмэгтэй хүний орилох чимээг сонссон.

Ингээд очиход үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ маш их сандарсан байдалтай орилоод зогсож байсан. Харин голын нөгөө талд барьцгүй гөлгөр шахуу хаднаас нэг жаахан охин зүүгдсэн байдалтай байсан. Ширүүн бороо асгарсаар байсан учраас хэрэв дахиад хэдхэн минут л энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж, охин усанд урсаж цаашлаад хүрхрээ руу унах боломжтой байлаа. Тэгээд эхнэрүүд маань яаралтай 911-т дуудлага өгч, бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Амарбаясгалан үлдэж, Дашням машин руугаа олс авчирхаар гүйсэн. Машинд байсан олс хэтэрхий нарийн байсан ч, тухайн үед цагдаа ирж таарсан тул гурвуул хамжиж, олсоо уртасгаад охины байгаа зүг рүү шидсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлсэн учир бид түүнийг уснаас амжилттай гаргаж чадсан юм. Яг тэр үед аврах баг ирсэн. Одоо бодоод байхад, энэ хөөрхөн охинд тусла гээд бидний аяллын төлөвлөгөө цаанаасаа өөрчлөгдөөд байсан юм шиг…

Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад , нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон байсан. Уншиж байгаа хүмүүс маань эндээс сургамж аваасай гэж хүсч байна.

-ОХИНЫГ ТЭВРЭЭД УСНААС ГАРГАХАД БЯЦХАН ЗҮРХ НЬ ХҮЧТЭЙ ЦОХИЛЖ БАЙСНЫГ МЭДРЭЭД ИХ БАЯРЛАСАН-

-Хүүхэд үерт урсаад явж байгааг харах мөчид юу бодогдсон бэ. Ус руу орохоос эмээж байв уу?

Б.А: Яг тухайн үед юу ч бодогдоогүй. Өөрсдөө сайн сэлж чаддаггүй ч, өөрөө хүүхэдтэй учраас жаахан охиныг уйлаад, тусламж гуйхыг хараад зүгээр өнгөрч чадаагүй. Сошиал дээр ингэж олон хүнд хүрнэ ч гэж огт төсөөлөөгүй. Тухайн явдлын дараа эхнэрийн маань сэтгэл хөдөлж, болсон явдлыг өөрийн сошиал хуудаст байршуулсан байсан. Бид сүлжээгүй хөдөө газар зам дээр явж байсан тул юу ч анзаараагүй. Сүлжээ орохтой зэрэгцээд олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирснээр бид баярлах ухаантай болж байна.

Б.Д: Миний хувьд, охиныг аврахаас өмнө дотроо маш их айдастай байсан. Эргэгүй учир охин дээр алхаад очих боломжгүй, дээр нь бид хоёр бараг л сэлж чадахгүй. Урсгал ус хүрхрээ болж доош цутгадаг учир үерлэсэн ус руу орох боломж байгаагүй. Тиймээс хөл гишгиж болох хамгийн боломжтой доод хэсэгт очиж, дээрээс нь ямар нэг зүйлээр татаж гаргахаас өөр арга байгаагүй.

Намайг айлгаж байсан зүйл бол “Энэ охин олсоор биеэ сайн уяж чадаагүй байвал яаана, татаж байхад уясан уяа нь мултарчих вий” гэсэн бодол байсан. Охиныг дээш татаж гаргаж ирээд, тэврээд дээшээ алхах үед тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй, бүр дэндүү хүчтэй бас хурдан цохилж байсан. Түүнийг анзаарахын хажуугаар тэр охиноор маш их бахархсан. Тэр олсыг яаж уясан байсан гэж санана. Маш сайн тайлагдахааргүй уяж чадсан байсан. Маш олон хүнээс талархал урмын үгсийг уншлаа. Тэр хөөрхөн охиныг аварч чадсандаа өөрсдөөрөө ч бахархаж байна.

-Аварсан хүүхдийн гэр бүлийн зүгээс та бүхэнд талархлаа хэрхэн илэрхийлсэн бэ?

-Б.А: Охины гэр бүл АНУ-ын тусгаар тогтнолын баяраар хамаатных руугаа явах замдаа бидний байсан хотод ирсэн юм билээ. Тэд хэлэхдээ “Та нар байгаагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр хэмжээлшгүй их баярлалаа. Хэрвээ бидний амьдардаг Нью-Йорк муж улсад ирвэл, хэзээ ч хамаагүй заавал мэдэгдээрэй, бид сайхан хүлээж авах болно” гээд дугаараа солилцгоосон.

-БИД ХОЁР ХОЁУЛАА ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТЫН МАСТЕР-

-Та хоёрыг тамирчин гэж сонссон. Магадгүй охиныг авархад тамирчин хүн аль эсвэл хувь хүний чадвар тодорхой хэмжээнд нөлөөлөв үү?


-Б.Д: Тийм ээ, бид хоёул хөл бөмбөгийн спортын мастер. Гэхдээ энд ирснээс хойш бараг тоглоогүй. Магадгүй багаасаа спортоор хичээллэж ирсэн маань үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж хурдан шаламгай, авхаалжтай байхад нэмэр болсон байх.

-Нууц биш бол гэр бүлийнхээ тухай манай уншигчдад танилцуулаач?

-Б.Д: Би эхнэр хоёр хүүхэдтэй. Том охин минь 4 настай, бага хүү минь 2 настай. Бид гэр бүлийн влог хөтөлж байгаа. “Family First MGL” гээд. тэндээс бидний тухай илүү ихийг мэдэх болно. Гэр бүлийн хүнийг маань Ө.Болор гэдэг. Одоогоор хүүхдүүдээ өсгөх ажлыг хийж байгаа. Удахгүй бид хоёр байгаль орчинд ээлтэй жижигхэн бизнэс эхлүүлэхээр зорьж байна.

-Б.А: Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна. Бид нэг охинтой.

-Б.Д: ЭНЭ АЯЛЛЫН ҮЕЭР ЭХНЭР БИД ХОЁРЫН ГЭР БҮЛ БОЛСНЫ НАЙМАН ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА-

-Анх яагаад АНУ-ыг зорих болов. Ирээд удаж байна уу?

-Б.Д: 2014онд 18, 19 настайдаа анх АНУ-ыг хамтдаа зорьж байлаа. Хүмүүс хоёр талаасаа нэг, нэг чемодантай нийлсэн гэж ярьдаг бол эхнэр бид хоёр анх нийлэхдээ хасах данстай, дээр нь таньж мэдэхгүй хүний нутагт анх амьдралаа эхлүүлж байсан. Энэ аялалын дундуур буюу долдугаар сарын 10-нд  бид хоёрын гэр бүл болсны 8 жилийн ойн баяр тохиож байгаа. Мэдээж анх бусдын адил биеэ дааж, өөрсдөө амьдралаа босгоё, юм үзэж нүд тайлая, амьдралд суралцая гэж анх Америк орныг зорьсон. Энэ сайхан орноос авах юмаа авч, сурах зүйлсээ сурч, ойлгох юмаа ойлгоод 3-4 жилийн дараа Монголдоо очиж суурьшин амьдарна гэж бодож байна.

-АНУ-д коронавирусийн цар тахал маш хурцадмал байдалтай байгаа шүү дээ. Та хоёрын хувьд нөхцөл байдал хэр байна вэ?

-Б.А: АНУ-ын хэд хэдэн мужуудад халдварын тархалт өндөр байгаа. Хамгийн их тархсан мужууд Нью-Йорк, Флорида мөн бидний амьдардаг Калифорни зэрэг орж байна. Тиймээс түрээсийн байраа илүү хямдаар солихын тулд аялангаа хайхаар шийдсэн. Хүүхэдтэй учраас тэр бүр хямд байр олдохгүй машиндаа хэд хоног өнгөрөөх шаардлагатай болчихсон. Тэгэхээр нь хүндрэлийг боломж болгож зугаатай өнгөрөөнгөө аялах санаа төрсөн юм. Ингэж бид аялалдаа гарч аль болох олон хүнтэй хотуудаар явахаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газраар, хүний хөлнөөс холуур, өөрсдийнхөө машин, майхнаар салхинд гарч явна.

-Б.Д: Энд ингэж хурдацтай өссөн шалтгаан нь анх өөрсдийгөө болон бусдыг хамгаалж маск зүүхийг урьтал болгохгүй, харин ч маск зүүж байсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж цэрвэх хандлагай байсантай нь холбоотой байх. Одоо бол бүх хүмүүсийг олон нийтийн газраар заавал масктай явахыг шаардаж, мөн зургаан фитээс ойрхон бие биедээ ойртож болохгүйг сануулж байгаа.
-Б.А: Харин бидний мэдэж байгаагаар ямар нэгэн шалтгаанаар түр ирсэн бараг 2000 орчим Монголчууд энд гацсан байгаа юм билээ, эх орон руугаа буцаж чадахгүй байгаа тэдэнд маань л тун хүнд тусч байгаа болов уу.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
123
123

монголчууд ийм сайхан сэтгэлтэй хүмүүс ш тэ баяр хүргий

Зочин
Зочин

Uneheer baharhuushtai. Mongol huniig tenger iveedegt itgedeg

Back to top button