СУРВАЛЖИЛГА: Хичээл цахимаар үргэлжлэх эсэх нь долдугаар сарын 30-наас өмнө тодорхой болохгүй
БНХАУ-тай хиллэдгийн хувьд шинэ төрлийн коронавирус дэгдэх өндөр эрсдэлтэй орнуудын тоонд Монгол Улс зүй ёсоор багтсан. Иймд халдварын эрсдэлээс сэргийлэх үүднээс нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон билээ.
Үүний хүрээнд хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэний дотор бүх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд хамаарна. Их, дээд сургуулиуд ч онлайн сургалтын хэлбэрт шилжсэн нь багагүй асуудлыг араасаа дагуулсан. Харин ЕБС-ийн сурагчдын хувьд теле хичээл үзэж, цахимаар шалгалтаа өгч төгссөн юм.

Өөрөөр хэлбэл бүтэн нэг улирлын хичээлийг ийм хэлбэрээр үргэлжлүүлсээр дуусгасан гэсэн үг. Бодит амьдрал дээр сурагчид бүгд теле хичээлээ үзсэн үү, үзээд ойлгосон уу. Шалгалтаа хэн нэгний туслалцаагүйгээр өөрөө хийж гүйцэтгэсэн үү зэрэг асуултууд тавигдана. Орон гаран энэ хичээлийн улирал дуусаж, зуны амралт ч залгасан. Үүсээд буй энэ нөхцөл байдалд эцэг эхчүүд бухимдалтай байгаа.
-ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦАА СУНГАГДВАЛ ХИЧЭЭЛ ТЕЛЕ ХЭЛБЭРЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ-
Цар тахалтай үед цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Есдүгээр сарын 1-ний өглөө хөөрч догдлон босоод сургууль руугаа гүйдэг ерөнхий боловсролын сургуулийнхны хувьд асуудал бүрхэг хэвээр. “Хичээл орох юм уу” гэсэн эргэлзээ сурагчдад ч, эцэг эхчүүдэд ч байна. Учир нь дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол буурах биш улам ихсэж буй тухай хэвлэлүүд мэдээлж буй. Түүнчлэн ХӨСҮТ-ийн зүгээс манай улсад энэ оны аравдугаар сард хамгийн өндөр эрсдэлтэй байна гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл БШУСЯ-ны зүгээс “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа сунгагдвал есдүгээр сарын 1-нээс теле хичээлийн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдана. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжийг чиглэл болгож ажиллана. Хэрэв комисс өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгавал энэ намрын улиралд сурагчдад үзүүлэх теле хичээл бэлтгэгдсэн байгаа” гэсэн тодруулгыг хэвлэлд өгсөн байна.
-МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД ЭРТ БАЙНА-
Үүнээс харахад есдүгээр сарын 1-нээс сургуулиуд танхимаар хичээллэж эхлэх эсэхийг БШУСЯ шийдэхгүй, харин Улсын онцгой комиссын шийдвэртэй уялдуулж ажиллах нь. Харин Улсын онцгой комисс хамгийн сүүлийн хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлыг долоодугаар сарын 30 хүртэл сунгасан. Тэгэхээр энэ хугацаа дахиж сунах уу гэсэн асуулт асуудлын зангилаа болох юм.
Иймд уг асуудлаар УОК-ын хэвлэл, мэдээллийн ажилтантай холбогдож тодруулахад, “Та бидний мэдэж буйгаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн байдлаар тогтоож, долоодугаар сарын 30 хүртэл сунгасан байгаа. Энэ хугацааг дахин хойшлуулах шаардлагатай эсэхийг УОК хуралдаж байж шийднэ. Дээр дурдсан хугацааг дөхүүлээд хурал зарлах байх. Иймд одоо энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна” гэсэн хариу өглөө.

Иймээс бидний нэрлэж заншаад буйгаар “хөл хорио” сунгагдах эсэх нь тодорхойгүй байдалд байна. Харин хэрэв сунгагдвал ЕБС-ийнхны хичээл теле хэлбэрээр орох нь ойлгомжтой аж.
-СУРАГЧДЫН ТАЛ ХУВЬ НЬ ТЕЛЕ ХИЧЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ-
Есдүгээр сарын 1-нд сурагчид сургууль дээрээ хуучин шигээ цугларч, дасал дадал болсон ёсоор танхимдаа хичээллэх болов уу гэсэн асуулт багш нарт ч бий. Тиймд хэрэв энэ намар дахиад л теле хэлбэрээр хичээл явагдах болбол хэрхэх талаар багш нарын байр суурийг сонссон юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн математикийн багш Г.Дарьсүрэн:
“2019-2020 оны хичээлийн жилийн сүүлчийн улирлын хичээл теле хэлбэрээр явагдсаар дууссан. Харин теле хичээлийн агуулгад үндсэн хөтөлбөрөөс дутмаг зүйл байсан тул манай сургуулийн багш нар өөрсдөө нэмэлт видео хичээл хийж, сурагчдадаа үзүүлсэн.
Сурагчид теле хичээлдээ идэвхтэй хамрагдаж байсан ч сүүлдээ идэвх нь буурсан. Нэгт, яамнаас тухайн улирлын дүнг хагас жилийн дүнгээр гаргах чиглэл өгсөн тул дүндээ санаа зовох шаардлагагүй болсон сурагчид назгай хандлага гаргаж эхэлсэн. Хоёрт, хөдөө явсан, сүлжээгүй, цахим орчинд холбогдох боломжгүй сурагчид цөөнгүй байлаа.
Цэцэрлэгүүд мөн ажиллахгүй байсан тул дунд, ахлах ангийн зарим сурагчид дүү нараа хардаг. Мөн эцэг эх нь ажилдаа яваад өгдөг учир хараа, хяналт тавьж хичээлийг нь хийлгэх бололцоо бага. Дээрээс нь теле хичээлийн агуулга товч, 40 минутын хичээлийг 15-20 минутад шахаж багтаасан. Нөгөөтээгүүр сурагчдын ойлгох чадвар нь харилцан адилгүй. Зарим сурагчид багшаасаа лавлан асуух шаардлага гарч байсан ч тухайн цаг үедээ ойлгоогүй зүйлээ асуух боломжгүй байлаа.
Гэхдээ УОК өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах нь зүйтэй гэж үзвэл бид зохицож ажиллахаас өөр аргагүй. Өвчин нэг тархчихвал барьж тогтооход хүнд, хичээл, сургууль манатай асуудал болно. Иймд хичээлийг теле хэлбэрээр үргэлжлүүлэх нь зөв гэж албаны хүмүүс үзвэл бид зохицуулж л ажиллана” гэлээ.

Харин Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн бага ангийн багш Л.Оюу-Эрдэнэ:
“Есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэж эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь сүүлийн нэг улирал теле хичээл явагдсанаар агуулгын зөрүү, хөтөлбөрийн хоцрогдол их үүссэн.
Манай анги өнгөрсөн хавар 4-р анги төгссөн, энэ намар 5-р ангид орно. Сүлжээгүй, зурагт үзэх боломжгүй сурагчид теле хичээлдээ хамрагдаж чадаагүй. Хөдөө явчихсан хүүхдүүд багштайгаа интернэтээр холбогдож, даалгавраа шалгуулж, байнгын эргэх холбоотой байхад хүндрэлтэй байсан.
Ер нь барагцаагаар сурагчдын 50 орчим хувь нь теле хичээлдээ бүрэн хамрагдаагүй. Шалгалтыг цахим хэлбэрээр авсан ч түүнд сурагчид мэдээж бие дааж оролцох нь бага. Эцэг, эхийнхээ туслалцаатайгаар шалгалтаа өгцгөөсөн гэдэг нь судалгаагаар батлагдсан.
Нэгдүгээр ангийнхны хувьд асуудал бүр хүнд байна. Тэд өнгөрсөн хичээлийн жилд 35 үсгээ ч бүрэн үзэж дуусаагүй байж байгаад карентинд орсон. Одоо энэ намар шууд 2-р ангийн хичээл үзнэ гэхэд мэдээж хүндрэлтэй нүүр тулна.
Эцэг эхчүүдийн хувьд “Хичээл орох болов уу, багш аа?” гэж их асууж байна. Иймд хичээлийг танхимаар хичээллүүлж эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.
-ХЭРЭВ ТЕЛЕ ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖИЛБЭЛ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХАРИУЦЛАГА НЭМЭГДЭНЭ-
Асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед дүгнэлт хийх нь эрт. Гэхдээ хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа сунгагдаж, ЕБС-ийн хичээл теле хэлбэрээр үргэлжлэхээр болбол эцэг, эхчүүдийн хариуцлага нэмэгдэнэ гэдгийг анхаарууштай.
17-р сургуулийн математикийн багш Г.Дарьсүрэн хэлэхдээ, “Хамгийн гол нь эцэг, эхчүүдийн оролцоо чухал байна. Тэд хүүхдүүддээ хараа, хяналт тавьж, теле хичээлийг нь тогтмол үзүүлж, даалгавраа хийсэн эсэхийг нь шалгаж байх нь зөв. Хэрэв тэгвэл тийм ч их хичээлийн хоцрогдол үүсэхгүй. Харин өнгөрсөн нэг улирлын хичээлийг ажиглахад эцэг, эхчүүд назгай, хэнэггүй хандаж байгаа нь харагдсан” гэв.

Теле хичээлийн чанар, хүртээмж сайн биш байсан нь үнэн. Гэхдээ халдвар тархах эрсдэл байсаар байгаа нөхцөлд хөл хориог үргэлжлүүлж, эрсдэлээс сэргийлэх нь зүйтэй байж болох. Уг эрсдэлийн үнэлгээг үнэн зөв хийхээс гол асуудал шалтгаална. Иймд үүнийг дагаад эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, өөрсдийнхөө хариуцлагыг чангатгах цаг үе ирж байгааг ухамсарлах хэрэгтэй.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1r Angid orox xuuxduud yax bolj bnaa
Ялангуяа 10-12 сард томуугаас болж хүүхдүүд их зовдог доо, үүнийг л шийдэхгүй бол короно түймэр шиг л тарна даа
Хичээлээ оруулъя гэвэл зөндөө л боломж байна Ээлжилж Ээлжилж хичээллээд ээлжээр амарч болж байна Ялангуяа сумдад бүр боломж байна Нэг ангид 5-10 хүүхэдтэй ээлжилж хичээллэж болж байна шд 620 хүүхдийн сургуульд 100 гаруйхан хүүхэдтэй байгаа
Гэртээ удаан хоригдохоороо бас солиорох гээд байдаг юм байна шүү Тэгэхээр Дунд ахлах багаар нь ээлжлүүлэх ч юм уу хичээллэсэн каринтилсан гэх мэт богино богино хугацааны ээлж зохиох ү
Их дээд сургууль салбар салбараараа ээлжилж хичээллэх
БОГИНО ХУГАЦЦАНД Ч ГЭСЭН ТАНХИМААР ХИЧЭЭЛ ОРОХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ БАЙДЛААР САР БОЛГОН Л ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА ДЭГЛЭМЭЭ САХИАД ХИЧЭЭЛЭЭ ОРОХ ХЭРЭГТЭЙ .ЭРҮҮЛ МЭНД ХАМГААС ХЭРЭГТЭЙ Ч БОЛОВСРОЛ Ч МАШ ИХ ХЭРЭГТЭЙ . ОНЛАЙН ХИЧЭЭЛ ДҮН ТАВИХ ХЭРЭГСЭЛ Л ЮМ ШИ
БОГИНО ХУГАЦЦАНД Ч ГЭСЭН ТАНХИМААР ХИЧЭЭЛ ОРОХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ БАЙДЛААР САР БОЛГОН Л ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА ДЭГЛЭМЭЭ САХИАД ХИЧЭЭЛЭЭ ОРОХ ХЭРЭГТЭЙ .ЭРҮҮЛ МЭНД ХАМГААС ХЭРЭГТЭЙ Ч БОЛОВСРОЛ Ч МАШ ИХ ХЭРЭГТЭЙ . ОНЛАЙН ХИЧЭЭЛ ДҮН ТАВИХ ХЭРЭГСЭЛ Л ЮМ ШИ
Сурагчдын үдийн хоолны мөнгийг Сонгулийн шоуд зарцжулчихсан өиздэн тэшэхлээр тeлe хичээлээр заах нь ойлгомжтоы