ТОДРУУЛГА: Ойрын өдрүүдэд нарны хэт ягаан туяа арьсны хорт хавдар үүсгэх хэмжээнд нэмэгдэх үү
Сошиал орчинд ойрын гурван өдөр нарны хэт ягаан туяа аюултай хэмжээнд, тодруулбал арьсны хорт хавдар үүсгэх хэмжээнд нэмэгдэнэ гэх мэдээлэл түгсэн. Иймд бид мэдээллийн үнэн мөнийг дэнсэлж, мэргэжлийн хүний байр суурийг уншигчдад хүргэх үүднээс нарны хэт ягаан туяа судлаач эрдэмтэнтэй холбогдлоо.
ДЭМБ-ын байгууллагаас нарны хэт ягаан туяаны хэмжээг бүхэл тоон индексээр /UV Index/ илэрхийлдэг юм байна. Уг индекс 1-2 бол бага /ногоон/ , 3-7 бол дунд зэрэг /шар/, 8-10 бол их /улаан/ гэсэн ангилалд хуваагддаг.
Тэгвэл Weather Online сайтаас ойрын өдрүүдэд Ази тивд тусах нарны хэт ягаан туяаны индексийг шүүж үзэхэд:
- Нутгийн хойд хэсгээр дундаж буюу 5-7
- Төв хэсгээр 7-5
- Урд хэсгээр 8-10 нэгжтэй байхаар харагдаж байна.

Ангиллын хувьд их буюу 8-10 нэгжид хамаарах түвшний нарны хэт ягаан туяатай өдрүүд үргэлжилж буй нь үүгээр батлагдаж байна. Харин энэ нь хүний эрүүл мэндэд хэр сөрөг нөлөө үзүүлдэг вэ, ямар эрсдэл дагуулах вэ гэдэг асуулт тавигдана.
Үүнийг мэргэжлийн хүнээс тодруулахад:
“8-10 гэдэг өндөр хэмжээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ манай орны хувьд жил бүрийн зун тохиолдож л байдаг хэвийн үзэгдэл. Нэг их айхтар хор нөлөө үзүүлнэ гэж шууд ойлгох нь өрөөсгөл.
ДЭМБ-аас ийм үед нарны малгай өмсөх, хамгаалалтын тос түрхэх, биеэ ил гаргахгүй нимгэн цагаан хувцас өмсөх зэрэг сэргийлэг зөвлөмжийг өгдөг. Учир нь ийм хэмжээний туяанд хамгаалалтгүй удаан явбал арьс түлэгдэж харлана. Цаашлаад урт хугацаандаа өмөн үү буюу арьсны хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Иймд “байдаг л зүйл” гэж үл тоохоос илүү хувь хүний сэрэмж болгоомжтой байх нь чухал.
Саарын хажуугаар сайн нь ч бий. Нарны хэт ягаан туяа дан муу сөрөг нөлөөтэй байдаггүй. Энэ бол хүний биед Д витамин нийлэгжүүлэгч гол хүчин зүйл. Иймд үдээс өмнө, эсвэл үдээс хойш нарны хэт ягаан туяаны хэмжээ хэт их биш үед биеэ зохих хугацаанд ил байлгавал Д витамины дутагдалд орохгүй. НЭМҮТ-ийн судалгаагаар монголчуудын 80 орчим хувь нь Д витамины дутагдалтай гэж гарсан байдаг” гэсэн хариу өгч байна.
Иймд нэгэнт дунд зэрэг буюу их гэсэн индексэд хамаарах нарны хэт ягаан туяатай өдрүүд үргэлжилж буй нь үнэн тул иргэд ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадуур ш�##�дан нүцгэн дэмий сэлгүүцэхээ боль. Тэгвэл ямарч аюул байхгүй. Золбин юм шиг тэнээд байв�##� энэ байтугай өвчин хүрнэ.