Сурвалжилга, Нийтлэл

ФОТО : Нүд баясаж, сэтгэл сэргэм “ ИХ ГАЗРЫН ЧУЛУУ ”

Хүсэн хүлээсэн зуны зугаалгаараа Дундговь аймгийн Гурвансайхан, Говь-Угтаал сумдын нутагт оршдог Их газрын чулуу хэмээх газарлуу хүлгийн жолоо заллаа. Хотоос 360 км харьцангуй ойроос гадна  урд нь хангайн бүс нутгаар аялаж байсан учир энэ удаад говийн сайхныг  үзэж, мэдрэхийг хүссэн юм. Цахимаар очих газрынхаа зураг, мэдээллийг үзэж догдлол хүлээлт үүссээр аялалын өглөөтэй /2020.07.31/золголоо.

Хотоос Дундговь аймгийн Дэлгэрцогт сум хүртэл засмал замаар саадгүй ирлээ.  Сумаас зүүн гар тийш Салхитын мөнгөний ордны замаар салж, Их газрын чулуу орох замдаа орлоо. Энэ онд тэтгэврийн зээлийг тэглэхэд хөшүүрэг болсон Салхитын  мөнгөний орд Их газрын чулуу орох замд байдгийг энэ үед мэдэснээ нуух юун. Энэ зам муухан засмал замаас хавь илүү. Донсолгоог мэдрэлгүй  засмал юм шиг шороон замд хөтлөгдсөөр Салхитын мөнгөний уурхайн гадаа ирлээ. Уурхайн ажилчдын байр барьж буй бололтой хүмүүсийн зүг очиж, Их газрын чулуу руу салах замыг сураглав. Завгүй хүмүүсийн нэг уурхайн арын замаар явахыг зааж, бид ч хөдлөв.

Салхитын мөнгөний ордны уурхайгаас 20 хүрэхгүй км явсаар нүдний урд хурц шовх оргилууд сүндэрлэх нь тэр. Бидний зорьсон Их газрын чулуу. Тэрэлжийн хадыг харж байснаас өөр хад асга харж байгаагүй бид сүрдсэндээ юу, биширч гайхсандаа юу хэсэг чимээгүй эргэн тойрноо ажиглаж явлаа. Энэ их хад асгын алийг нь гэж юу үзэх, хаанаас эхлэхээ мэдэхэд бэрх байлаа.  Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн тогтоцтой юм. Ямартай ч замаа дагасаар, тэмдэг тэмдэглэгээ хайж явтал модон байшин 2 гэр харагдах нь тэр. Очвол байгаль хамгаалагчийнх. Бид ч баярлаж, энэ их хад асгын хаанаас үзэж эхлэх, гол үзмэрүүд хаана байгаа, хэрхэн олох зэргийг асууж, Их газрын чулуу байгалийн цогцолборт газар гэсэн танилцуулга, газрын зураг авлаа. Ингээд сүрлэг хадан дундуур машинтайгаа гурвуулахнаа явсаар  1-р өртөө буюу Байгалийн задгай театрын урд ирлээ. Энэ задгай театраас  жуулчдын үзмэрүүд эхэлдэг байна.

БАЙГАЛИЙН ЗАДГАЙ ТЕАТР

Их газрын чулуу уулнаа “Дуу хуурын өлгий” нутаг гэдгээ батлан харуулах байгалийн задгай театрыг 2006 онд байгуулжээ. Дундговь аймаг бол алдартан гавьяатуудын өлгий нутаг. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад, Монголын дуурийн манлай дуучин Г.Хайдав гээд  Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд цууриатуулсан олон дуучид тус аймгаас төрөн гарсан байдаг. 2019 онд энэ газарт 3000 морин хуурч, уртын дуучийн “Уяхан замбуу тивийн наран” урлаг соёлын цогц үзүүлбэрийг жуулчдад зориулж хийсэн гэдэг.

Н.НОРОВБАНЗАДЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ

2006 онд Байгалийн задгай театрын хажууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлэн мөнхөлжээ.

ТООНОТЫН АГУЙ

“Загийн алим”, “Алтан өргөө” зэрэг киноны зурагт авалтыг хийж байсан Тоонотын агуй гэвэл уншигчдад илүү ойр тусах биз. Нийт 27м бөгөөд төгсгөл хэсэгтээ орой дээрээ цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ.

ХУР ХАРЦАГЫН ТАГ

Говь нутгийн алдарт бөх Хур харцага амьдарч байсан газар. Ханан хадаар хүрээлэгдсэн тагтад Торой банди, Ширмэн Хоовон, Халтар Төмөр гэх шилийн сайн эрчүүд алс холын хошуу нутаг руу явж, тарган адуу хөөж ирээд сар, хоног өдөр болзож энэ газарт цуглаад өөр хоорондоо солио хийж, заримыг нь нутгийн ардуудад уналга, эдэлгээ, сэлгээнд өгдөг байжээ.

УСТ ХАД

Өндөр элгэн хаданд буусан их, бага хурын ус хадны ан цаваар доош буух аж. Байгалийн шүүлтүүрээр шүүгдэн буух энэ хурын усыг рашаан хэмээн гар хүрэлгүй хүртдэг ёс бий гэнэ.  Биднийг очих үед хур бороо орж байсан юм.

БУРХАНТЫН АГУЙ

Хадны дунд хэсэгт байрлах агуй. 1930-аад онд ах, дүү 2 лам өөрсдийн бурхан тахилаа энэ агуйд нуун хадгалж байжээ. Өндөр нь 2 метр, 2-3 хүн багтана.

ЛЯНХ ХАД

Байгаль эхийн өвөрмөц нэгэн тогтоц бөгөөд Лянх хэмээн нэрлэсэн энэ хад нь үр хүүхэд хайрладаг хэмээн нутгийн иргэд сүслэн биширдэг байна. Очсон хүмүүс сүслэн зальбирч, дээр нь сууж үртэй болохыг гуйн шивнэдэг гэнэ.

Ийнхүү их газрын чулуу уулсын бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Ихэрийн, Толгойн, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд Агуйнууд нь үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой. Дундговийг үлэг гүрвэлийн өлгийн нутаг гэдэг. Бидний дундуур нь туучиж буй энэ  өндөр хад асган дунд үлэг гүрвэлүүд явж байна гэж төсөөлөхөд яг л бодит мэт нүдэнд харагдаж байх нь тэр....  Аварга том үлэг гүрвэлүүд энэ хадтай газарт амьдарч байсан хэмээн 5 настандаа ярихад, “тийм байна, энэ хад үлэг гүрвэлтэй ижилхэн хэлбэртэй байна. Харин энэ хад хүнтэй ижилхэн. Энэ чулуу надруу хараад инээж байна” хэмээн баярлан хөөрч, шулганан явлаа.

ИХ ГАЗРЫН ЧУЛУУНЫ ӨВӨРТ БҮҮВЭЙЛЭГДЭН ХОНОГЛОВ

Энэ жил коронавирусийн улмаас амралтын газар, кэмп гараагүй байна. Иймээс бид отоглох газар буюу майхан барих цэг дээр хоноглох болж майханд хонох мөрөөдөлтэй 5 настны маань хүсэл биелэсэн юм. Энэ цэг дээр аялагч, жуулчдад зориулсан 2 саравч, мөн 00 барьжээ. Бид  Говь нутагт ус ховрыг бодолцож 20 литрийн саваар ус авч явсан нь оносон хэрэг байв. Салхи ихтэй байсан ч цай, хоолоо хад чулууны нөмөрт төвөггүй хийж амжлаа. Хангай газрыг зорих хүмүүсийг бодвол говийг зорих аялагчид цөөн. Гурвуулахнаа хадан дунд хоноглох нь гэж бодож байтал бүрийтэй зэрэгцэн ашгүй 2 хэсэг аялагчид цуварч ирэв.  Нийтдээ 4 машин хүмүүс ирж Их газрын чулуун дунд хаяа хаяагаа түшиглэн ханиндаа хоноглов.

Өндөр хадны сүүдэр сарны гэрэлд сүртэй тусна. Говийн шөнө дулаахан, гоё содон чимээ үе үе сонсогдоно. Майхан дотроос долоон бурхан оддоо ширтсээр Их газрын чулууны өвөрт бүүвэйлэгдэн тухтай амарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонирхогч
сонирхогч
2020-08-07 16:42

Гоё

Холбоотой мэдээ

Back to top button