НийгмийнЯрилцлага

Д.Очирхуяг: Би нүцгэлэхээс ЭМЭЭДЭГГҮЙ, учир нь бие маань миний НЭРИЙН ХУУДАС

Түүнийг Д.Очирхуяг гэдэг. Анх гурван настайдаа гэр бүлийн хамтаар Польш улсыг зорьж, тэндээ 20 орчим жил амьдарсны дараа төрөлх эх орондоо эргэн иржээ. Түүний анхны гэх тодотголтой ихэнх зүйл, бүр сурсан төрөлх хэл нь хүртэл Польш байсан учир эргэн ирэлт нь нэг их таатай байсангүй. Ирснийхээ дараа юу хийх, цаашид хэрхэхээ мэдэхгүй байсан тул Польшид суралцаж байхдаа төгссөн “биеийн тамирын багш”-ийн дипломоо ашиглан, фитнессийн багш, дасгалжуулагчаар ажиллах болжээ.

Удалгүй аавынхаа явуулсан уургийн бэлдмэлийг худалдаалан, өдгөө салбар дэлгүүрүүдээ нээж, сошиалд өөрийн гэсэн орон зайг хэдийн бүрдүүлээд амжсан түүнтэй хэсэг хором ярилцсан юм.

-ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭДЭГ БАЙХДАА БЭЛТГЭЛИЙН ҮЕЭР ШӨРМӨСӨӨ ТАСАЛЖ, ЦААШИД ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН-

-Юуны өмнө бидний урилгыг таатай хүлээж авсанд тань баярлалаа. Тэгэхээр та фитнессээр хичээллээд хэр удаж байна вэ?

-Миний хувьд сүүлийн есөн жилийн турш тасралтгүй фитнессээр хичээллэж байгаа. Багадаа нэг хэсэг хичээллэдэг байсан. Гэхдээ анхнаасаа фитнесст нэг их дуртай бол байгаагүй. Уг нь би анх хөлбөмбөгийн тамирчин болохыг хүсдэг байлаа. Польшид байхдаа тухайн спортоор хичээллэдэг байсан юм.

Учир нь хөлбөмбөг бол тус улсын үндсэн спортын нэг. Гэвч бэлтгэлийн үеэр шөрмөсөө таслаад, цаашид хичээллэх боломжгүй болсон. Тэр үед л хамгаас хэцүү байсан. Мөрөөдөж, харж, төсөөлж байсан амьдрал маань нүдэн дээр минь нурсан.

Тэгээд Монголд ирснийхээ дараа хагалгаанд орсон. Тэр үед эмч намайг фитнессээр хичээллэхийг зөвлөсөн л дөө. Тэгээд л тухайн үеэс фитнессийг сонирхож, хичээллэж эхэлсэн. Үүнийгээ дагаад бие галбир маань өөрчлөгдөж, өөртөө илүү их урамшиж эхэлсэн дээ. Цаашид том уралдаан тэмцээнд орж амжилт гаргах зорилтыг өөртөө тавьсан.

-Фитнессийн ямар нэг тэмцээн уралдаанд орж, амжилт үзүүлж байв уу?

-Гурван удаа хүрэл медаль, нэг удаа улсын аварга, мөн Mr.Olympia amateur тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Гэхдээ би тэдгээрийг амжилт гаргасан гэж боддоггүй.

Жижигхэн тэмцээнд орсноо гайхуулаад, өөртөө бардаад байх нь утгагүй шүү дээ. Тиймээс цаашид илүү том зорилгыг өөртөө тавьсан. Хэрвээ тэр тэмцээндээ амжилт гаргахгүй бол бас хүн өөрийгөө мэдрээд чаддаг хүнд нь байраа тавиад өгөх хэрэгтэй гэж боддог.

-Анх удаа фитнессээр хичээллэх гэж буй залуучууд юуг анхаарах, юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Хүн бүрийн хичээллэх арга барил, цаг хугацаа өөр л дөө. Фитнессийн ихэнх багш нар бүх хүнийг нэг аргаар сургаж, нэг хэлбэрт бариад байдаг. Гэвч энэ нь буруу. Хүн бүрт өөрсдийн гэсэн хичээллэх арга барил, хүрэх үр дүн гэж бий. Тиймээс тэр арга барилыг нь олоход тусалж, түүнийг нь дэмжиж харилцан уялдаатай ажиллах л хамгийн зөв гэж боддог.

Мэдээж фитнессээр хичээллэж эхэлж буй залуусын хувьд хооллолт, өдөрт идэж буй хоол хүнсний илчлэг чанарыг тооцоолж, идэх ёстой хэмжээгээрээ л идэх нь зөв. Яг өдөрт идэх шим тэжээлээ хоолноосоо авч чадвал жингээ хасаж турж чадна.

-БИ НҮЦГЭЛЭХЭЭС ЭМЭЭДЭГГҮЙ, УЧИР НЬ БИЕ МААНЬ МИНИЙ НЭРИЙН ХУУДАС-

-Фитнессээр хичээллэж буй хүн бүр уураг уух хэрэгтэй юу?

-Үгүй. Уургийг булчингийн масс авах мөн суусан булчинг тэжээхийн тулд хэрэглэдэг. Хичнээн фитнессээр хичээллээд булчингаа тэжээх хангалттай хэмжээний уургийг хоол хүнснээсээ авч чадахгүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Мөн хооллолтоор булчингийнхаа хэмжээгээр уургаа авахын тулд их хэмжээний мах идэх шаардлага гарна. Энэ нь эдийн засагт ч хүндрэлтэй. Уураг гэдэг нь нөгөөтэйгүүр мах, хүнсний бүтээгдэхүүнийг орлуулагч гэж ойлгож болно.

Мөн зарим залуус уураг хэрэглээд дотор эрхтэн мууддаг гэж ойлгодог. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Допин хэрэглэвэл харин тэр нь биед сөргөөр нөлөөлнө.

-Та сошиалд их идэвхтэй байдаг юм шиг санагдсан. Хамгийн сүүлд хийсэн нүцгэн бичлэг тань их олон хүнд хүрэх шиг болсон?

-Сошиал орчин бол нөгөөтэйгүүр миний бизнесийн талбар, хоолоо олж идэх нэг чухал хэрэгсэл. Тиймээс үйлчлүүлэгчдийг татах, пэйж хуудсаа идэвхитэй байлгах, зарим хүмүүст хэрэгтэй зөвөлгөө пэйжээрээ дамжуулаад хүргэх юмсан. Цаашлаад залуусыг урамшуулахын тулд тэдгээр бичлэг, зургийг байршуулдаг байгаа.

Тиймээс би нүцгэлэхээс эмээдэггүй, учир нь бие маань миний нэрийн хуудас, сурталчилгаа. Түүнчлэн аль болох хөгжилтэй байх үүднээс зарим бичлэгийг байршуулдаг.

-Нүцгэн зураг, бичлэг байршуулахад эхнэр тань дургүйцдэг үү. Таны ажил мэргэжлийг хэрхэн ойлгож хүлээн авдаг вэ?

-Эхнэр маань намайг хамгийн сайн ойлгож, дэмждэг. Тэр маань л намайг сайн ойлгож, урам хайрладаг учраас өнөөдөр миний амьдрал хамгийн сайхан үе дээрээ байна. Миний хувьд ч гэсэн ажлаас бусдаар гадагшаа гарах, хүмүүстэй нэг их уулзаад яваад байдаггүй. Гэр бүл маань бүхний эхэнд, хамгаас нандин учир, тэдэнтэйгээ аль болох их хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг.

-ХҮҮГЭЭ ЭРЭЛХЭГ, ЗОРИГТОЙ ЭР ХҮН БОЛООСОЙ ГЭСЭНДЭЭ "DRAGON BALL” ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ГОКУГИЙН НЭРИЙГ ХАЙРЛАСАН-

-Польш улсаас ирснийхээ дараа эхнэртэйгээ танилцсан гэж ойлгож болох уу?

-Тийм. Монголд ирснийхээ дараа танилцаж байсан. Эхнэртэйгээ яаж танилцаж байсан гэхээр би анхныхаа нээсэн салбар дэлгүүрт ажиллаж байхад эхнэр маань яг хажуугийн гоо сайхны дэлгүүрт менежер хийдэг байсан. Тухайн үед танилцаад, харж явдаг болсон. Надад маш их таалагддаг байсан юм.

Манай гэр тухайн үед сансарт байдаг байсан. Нэг өдөр би гэр лүүгээ харьж явтал эхнэр маань ээжтэйгээ хамт яг манай байрны хажуугийн орцны гадаа сууж байдаг юм. Тэгэхээр би очоод “Танайх энд амьдардаг юм уу” гэхэд эхнэр маань “Тийм ээ, манайх энэ байр” гэсэн. Тэгээд тэр оройдоо эхнэрийнхээ фэйсбүүкийг хайж олоод анх чат бичиж, хамтдаа хоолонд орох санал тавьсан. Тэгээд л ер нь тэр өдрөөс хойш байнгын холбоотой өдөр бүр хамт ажилдаа явж, хамт харисаар нэг гэрт орж, хүүтэй болоод одоо хамтдаа амьдарч байна даа.

-Та хүүгээ  “Dragon Ball” хүүхэлдэйн киноны Гокугийн нэрээр нэрлэсэн гэж сонссон. Яагаад тийм нэрийг хайрлах болсон бэ?

-Би жаахан байхдаа “Dragon Ball” хүүхэлдэйн киног их үздэг байсан. Ялангуяа гол дүрийн баатар болох Гокү шиг гоё биетэй болохыг мөрөөддөг байсан. Одоо ч энэ мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа. Нэрний утгын хувьд хүүгээ Гоку шиг эрэлхэг, зоригтой дайчин эр болоосой гэж хүссэн.

Тэгээд хэрвээ хүү байвал Гокү гэдэг нэр өгнө гэж бодоод хэвлийд байхад нь хэт авиан шинжилгээгээр хараад хүү болохыг нь мэдсэн. Тиймээс ч хүүгээ хэвлийд байх үеэс нь л Гокү гэж дууддаг байсан даа. Удахгүй уул шиг том эр хүн болно доо миний хүү.

-Та эцэг эх, гэр бүлийнхээ тухай товч танилцуулаач?

-Манай аав Польшид амьдардаг. Одоо бараг 30 гаруй жил болж байна. Ээж, ах нар маань Монголд амьдардаг. Миний хувьд би эхнэр хүүтэйгээ хамт амьдардаг.

-20 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРЭЭД МОНГОЛ ХЭЛЭЭ СУРСАН-

-Та бага байхдаа ямар хүүхэд байсан бэ. Нууц биш бол Польшид амьдардаг байхад хүүхдүүдэд дээрэлхүүлж байв уу?

-Нэг их яриад байх түүх биш ч, би хүүхэд байхдаа их сахилгагүй, нөгөөтэйгүүр ганцаардмал хүүхэд байсан. Польшид ганцаараа Ази хүүхэд байсан учраас хүүхдүүд намайг их өддөг байсан гэх үү дээ. Намайг 11 настай байхад эцэг, эх маань салж бид тусдаа амьдрах болсон.

Ингээд би  аавтайгаа Польшид үлдэж, харин ээж болон ах нар маань Монгол руу буцсан юм. Аавтайгаа хоёулаа үлдсэнээс хойш тэндэхийн хүүхдүүд, эцэг эхчүүд нь надад маш элэгсэг ханддаг болсон. Ээжээсээ холдож, өдрийг ихэвчлэн ганцаараа өнгөрүүлдэг байсантай холбоотой байх. Намайг үргэлж гэртээ урьж, хүссэн үедээ ирж байхыг хэлдэг байлаа. Аавын маань хувьд яалтачгүй ганцаараа хүүгээ өсгөхийн тулд амьдралдаа тодорхой хэмжээний золиос гаргасан.

Тэр нь юу гэхээр ажлаа, амьдралаа авч явахын тулд маш завгүй ажилладаг. Тухайн үед би аавыгаа сайн ойлгохгүй их гомддог байсан л даа. Гэхдээ одоо ингээд өөрөө хүүтэй болсны дараа эцгийнхээ зовлон, мэдрэмжийг бага ч болов ойлгодог болсон юм шиг санагддаг.

-Таны төрөлх хэл Польш гэж ойлгож болох уу?

-Тийм. Би Монголоос явахдаа дөнгөж гурван настай байсан. Хэлд ороогүй байсан үе. Тэгээд сурсан эхний хэл маань Польш хэл байсан. Дараагийн хэл маань Монгол. Тэнд байхдаа гэр бүлийнхэнтэйгээ, аавтайгаа Монгол хэлээрээ ярьдаг байсан л даа. Тэгэхдээ гэртээ тэр болгон байдаггүй Польш найзуудтайгаа л цагийг өнгөрөөдөг хүүхэд.

Монголдоо ирэхэд би Монголоор ойр зуурын үг л мэддэг, сайн ярьж, уншиж чаддаггүй байлаа. Тэгээд амьдрах хугацаандаа яваандаа сурсан гэх үү дээ. Монгол хэлний дүрэм, бичгийн хэлийг мэдэхгүй хүнээр заалгаж байгаагүй. Одоог хүртэл л суралцсаар явна даа. Миний хөтлөн явуулдаг пэйж хуудас маань хэлээ хөгжүүлэх, суралцахад их тусалдаг.

-Эцэг хүн бүрийн дотор хүүгээ хайр халамжаар дутаахгүй юмсан, өөрийнхөө туулсан зовлон бэрхшээлийг мэдрүүлэхгүй юм сан гэж боддог байх. Таны хувьд эцэгтэйгээ өнгөрүүлж чадаагүй сайхан дурсамжийг хүүтэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг үү?

-Тэгэлгүй яахав. Тиймээс ч миний амьдралын утга учир, бүхий л зүйлс маань миний гэр бүл. Хайртай хань, хөөрхөн хүүгээ эцгийн хайр халамж, нөмөр нөөлгөөр дутаахгүй гэсэн дээ их хичээдэг. Гэвч одоогийн нийгэм, амьдралын хэв маягаасаа болоод өөрийнхөө сэтгэлд хүртэл их хугацааг гэр бүлдээ зарцуулж чаддаггүй.

Хүүхэд байхад би аавынхаа ажлыг тэр бүр ойлгохгүй, их гомддог байсан л даа. Төрсөн өдөр, ямарваа тэмдэглэлт баяруудаар аав маань ажлаасаа болоод ирж чаддаггүй, ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг байсан. Бэлэг авч байгаа, гэр бүлтэйгээ халуун бүлээрээ байгаа хүүхдүүдэд цагаахан атаархдаг байлаа. Гэвч одоо ингээд гэр бүлийн ноён нуруу, эцэг болсны дараа аавыгаа ойлгодог болсон.

-ЭМЭГТЭЙ ХҮНД БУРУУ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЭХЭЭС ЭМЭЭЖ, НҮД РҮҮ НЬ ХАРАХААС ЗАЙЛСХИЙДЭГ-

-Монгол ирээд төрсөн анхны сэтгэгдэл, бэрхшээл юу байв?

– Залуу нас, анхны бүх мэдрэмж маань Польшид болж өнгөрсөн. Тиймээс эх орондоо ирээд яг юу хийх, яах ёстой учраа эхэндээ олоогүй. Бүхий л зүйлс нь шинэ санагдаж байсан. Гэхдээ энд ирээд нэг зүйл болохгүй байгааг анзаарсан. Би эх орноо муу хэлэхийг хүсээгүй ч, залуусын харилцаа муу, цаашлаад цаг барих тал дээр асуудалтай, ажил хэрэгч бус мэт санагдсан.

Залуучууд наад захын бүсгүй хүнийг хүндлэх, бусадтай эелдэг харьцах тал дээр учир дутагдалтай мэт. Яагаад гэхээр Европын оронд эрчүүдийг багаас нь “Жентльмэн” байхыг сургадаг гэх үү дээ. Хамт яваа бүсгүйдээ хаалга онгойлгож өгөх, хоолонд орохдоо сандлыг нь татаж суулгах гэх мэт наад захын хүндлэлийн соёл ажиглагдаагүй. Мөн миний хувьд дасгалжуулж буй залуустайгаа цаг товлоод, үр хүүхдээ, амьдралаа зохицуулаад ирж байхад цагаа барихгүй, цаашлаад бүр ирэхгүй байдал нь бага зэрэг бухимдуулдаг.

Магадгүй миний хэлж буй зүйлс утгагүй мэт санагдаж болох ч, Польш улсад нийтийн унаанаас эхлүүлээд дэлгүүр, үйлчилгээний газарт харилцаа, соёл цаанаасаа ундарч байдаг. Бүгд нэгэнтэйгээ инээмсэглэж харьцах нь тухайн хүний өдрийг ч мөн аз жаргалтай болгодог гэж боддог. Монголын хувьд амьдарч буй нийгэм, стрессээс болж залуус баяр баясалгүй болсон байж магадгүй. Түүнчлэн залуучууд шоу, зугаа цэнгэлд хэт их цаг зав, мөнгөө зарцуулаад байгаа нь харамсмаар санагддаг.

-Заримдаа бүсгүйчүүдэд боловсон, эелдэг харьцсанаар тэдэнд талтай, сонирхож байгаа мэт буруу сэтгэгдлийг төрүүлэх нь бий. Танд тийм зүйл тохиолдож байв уу?

-Тиймэрхүү зүйлс хааяа гардаг байсан. Ялангуяа ярилцаж байхдаа тухайн эмэгтэйн нүд рүү харах нь буруу ойлголт төрүүлдэг юм шиг санагдсан. Европт бол ярилцаж буй хүнийхээ нүд рүү харснаар түүнийг хүндэлж байгааг илэрхийлдэг. Харин Монголд энэ нь эсрэгээрээ үйлчилдэг юм шиг санагдсан.Тийм зүйлс анх  ирэхэд их тохиолдсон би хүнд буруу ойлголт өгөөд байгаа юм биш биздээ гэж алхам бүрээ жоохон цэгнэдэг болсон шүү.

Түүнчлэн ихэнх эмэгтэйчүүд фитнессээр хичээллэхдээ биеийн аль нэг хэсгээ ил гаргасан, бага зэрэг задгай хувцасладаг. Харин миний хувьд задгай байдлыг дур булаам гэж хардаггүй.

-Таны хувьд ямар эмэгтэйг дур булаам гэж боддог вэ?

-Яг л эхнэр шиг маань эмэгтэй. Тэр маань маш эгэл даруу, хэзээ ч хэнээс ч ялгарахыг хичээдэггүй. Байгаа байдал нь намайг өөртөө татсан. Өөрөөр хэлбэл, зарим бүсгүйчүүд шиг задгай хувцаслаж, биеэ ил гаргаж гайхуулаад байдаггүй.

Тийм даруу байдалд нь би татагдсан байх. Би өөрийгөө мөрөөдлийнхөө цор ганц бүсгүйтэй учирсан гэж боддог. Тэр маань надад гайхалтай хөөрхөн хүүг төрүүлж өгсөн. Тиймээс тэднийгээ хайрлахгүй байхын аргагүй.

-ЭХНЭРТЭЙ ТААЛАГДАХЫН ТУЛД ТАМХИНААС ГАРСАН-

-Таны хувьд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Гарч орох, шоудах үеүүд байдаг уу?

-Миний хувьд ганц бие байхдаа, 20 гаруй настай байхдаа их шоуддаг, гадуур дотуур их явдаг байсан. Түүнийгээ дагаад мэдээж тамхи татна, хааяа хатуухан ундаа уучихдаг л байлаа. Гэвч эхнэртэйгээ танилцсан цагаас хойш түүндээ таалагдахын тулд, мөн тамхинаас болж таагүй үнэр гарах вий гэхээс эмээж тамхиа орхисон.

Эхнэр маань муу зуршилгүй, даруу төлөв бүсгүй. Тиймээс түүндээ таалагдахын тулд муу зуршлаа орхиж, түүнийгээ дагаад шоу зугаа цэнгээн ч мөн мартагдсан. Шоу цэнгээнд явахаа болихоор аяаандаа найзууд шигшигдээд тунаад үлдчихдэг юм билээ.

-Гэрлэхээс өмнөх болон дараах амьдрал тань хэр их өөрчлөгдсөн бэ?

-Аль аль нь л харамсахааргүй өнгөрсөн. Учир нь би ганц бие байхдаа бүхий л зүйлсийг туршиж, хийж үзсэн. Нэг үгээр хэлбэл сонирхлоо дарчихсан. Миний хувьд залуусдаа хандаж хэлэхэд, ганц бие байхдаа л хийх бүхнээ хийгээд үзчихвэл дараа нь гарах эрсдэл бага юм шиг санагддаг. Мөн гэрлэх гэж хэт яаралгүй, өөрийгөө хангалттай төлөвшсөн гэж үзсэн үедээ л гэр бүл зохиож, хүүхэдтэй болоорой гэж зөвлөе. Эс бөгөөс нийгэмд маш их гэр бүл салалт, хүүхэд өнчрөлт их байгаа нь сэтгэлийг маань их зовоодог.

-Та хосуудад зориулж өөрсдийнхөө "Хосын жор”-оосоо хуваалцаач?

-Нэгнийгээ сайн ойлгодог, ярилцдаг, аль болох их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Та ойрын таван жилийн амьдралаа хэрхэн төсөөлж, харж байна вэ?

-Миний хувьд хувьдаа өөрийн гэсэн фитнес нээхийг хүсдэг. Мөн эхнэртээ ресторан нээж өгөхийг боддог. Учир нь эхнэр маань “Хаана юу идэх үү? Yum life” хэмээх 63 мянган гишүүн бүхий грүүпийн админ юм. Тиймээс хотод байгаа амт, чанартай хоолны газар бүрийг мэддэг, өөрөө ч хоол сайн хийдэг. Тийм болохоор эхнэртээ зориулж тухтай ресторан нээж өгөхийг хүсдэг.

-Залуучуудад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Зорилготой, тэмүүлэлтэй, эрч хүчээр дүүрэн амьдраарай. Танд, таны олж хараагүй олон давуу тал, боломж байгаа. Өөрийгөө хэзээ ч битгий дутуу үнэл л гэж хэлье даа.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ухаан
ухаан
2020-08-07 14:53

бяр байхад ухаанаар яахавдэээ

Зочин
Зочин
2020-08-07 22:34

Mongold usuugui bol medeej nutsgeleh bol yu ch bish bhdaa hun tanih yum bish mani met ni tegsen bol balrahgui yu

Зочин
Зочин
2020-08-07 22:35

Mongold usuugui bol medeej nutsgeleh bol yu ch bish bhdaa hun tanih yum bish mani met ni tegsen bol balrahgui yu

Болдсайхан
Болдсайхан
2020-08-08 10:29

сүүлийн үеийн хүүхдүүд даруулгагүй дураараа болж. эцэг эх нь ч үг хэлэхгүй. нээх их сах�##� үс. үзсэн хүүхэлдэйн киногоороо хүүхдээ нэрлэхгүй ээ

sara
sara
2020-08-15 04:21

moroodliin zaluu bn.iim huntei suuhiig bodoh heregtei ohiduud.zuv bodoltoi sain zaluu bn.ehnertee goe restaurant neeheer n ochij uilchluulne.good luck

ккк
ккк
2020-10-14 15:17

ТЭНЭГ Ш**С ХАЗГАЙ ХЭЛЭЛЧЭЭД ТЭР ХҮҮХДЭД ӨГСӨН НЭР МЭР ХАРААД БАЙГААРАЙ, НУЛЬ СТРОЙД ШААЧААД.

Холбоотой мэдээ

Back to top button