СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОДРУУЛГА: “Perseid” аймгийн СОЛИРЫН БОРОО энэ сарын 11-13-ны өдрүүдэд “орно”

Жил бүр тодорхой цаг хугацааны мөчлөгт тохиолддог “Perseids” аймгийн солирын бороо “орох” үйл явц өнөө жил долдугаар эхээс наймдугаар сарын сүүлч хүртэл үзэгдэхээр байна. Харин шөнийн тэнгэрт, энгийн хүний нүдэнд хамгийн тод харагдах мөчлөг нь наймдугаар сарын 11-13-ны өдрүүд аж.

Бид энэ солирын бороо орох үзэгдлийн талаар одон орон судлаач Б.Батбаяртай холбогдож, цөөн асуултаар тодруулга авлаа.

-Энэ сарын 11-13-ны өдрүүдэд шөнийн тэнгэрт солирын бороо орно гэлцэж байна. Солирын бороо гэж юу юм бэ?

-Огторгуйгаас олон олон солирын биетүүдийн урсгал дэлхийг чиглэж, агаар мандлыг нэвтрүүтээ үрэлтийн хүчний улмаас шатаж, энгийн нүдээр сайхан, тод өнгө үүсгэж харагдахыг солирын бороо гэж нэрлэдэг л дээ. Энэ бол албан бус нэрлэгээ юм. Англи хэлээр “Meteor Shower” гэж нэрийдэх нь бий.

Энэ жилийн хувьд “Perseid” хэмээх одны аймгаас маш олон солирын биетүүд дэлхийг чиглэж байгаа. Долдугаар сарын эхээс одоог хүртэл дэлхийн агаар мандлыг тодорхой тооны солирууд нэвтэлж, шатаж, анзаарсан хүнд од харваж буй мэт үзэгдэж байгаа гэсэн үг. Од харвана гэдэг нь нэг ёсны солирын бороо юм.

Харин шөнийн тэнгэрт хамгийн тод харагдах өдрүүд нь наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд таарч буй. Ялангуяа наймдугаар сарын 12-нд илүү тод харагдана.

-Энэ нь судлаачдын хувьд онцгой, содон үзэгдэл үү эсвэл жил бүр л тохиолддог энгийн зүйл үү?

-Энгийн гэж хэлж болно. “Perseid” одны аймгийн солирын бороо жил бүрийн л тодорхой цаг хугацааны мөчлөгт “ордог”. Тухайн үед нь анзаарсан, ажигласан хүмүүстээ үзэгдээд өнгөрдөг. Энэ жилийн тухайд долдугаар сарын 17-нээс наймдугаар сарын 24 хүртэл тохиолдоно гэж гаднын судлаачид тогтоосон байна.

-Солирын биетүүд нь агаар мандалд нэвтрэхдээ бүрэн шатаж дуусалгүй газарт унах, аюул учруулах эрсдэл бий юу?

-Тийм эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ “Perseid” аймгийн солирын биетүүд нь асар томд тооцогддоггүй. Агаар мандлыг нэвтлээд бүрэн шатаж амжилгүй газарт унахад нь бид “Солир уналаа” хэмээн очиж судалдаг. Энэхүү үзэгдлийн хувьд солир газарт унах эсэхийг баттай хэлж, хариулах боломжгүй юм.

-Улаанбаатарын иргэдэд хэр тод харагдах боломжтой вэ?

-Нийслэлчүүдийн хувьд ер нь нэг их тод харагдахгүй. Хөдөө орон нутагт, хотоос зайдуу гарч харвал илүүтэй харагдана, ажиглагдана. Од харвах үзэгдэл хэдэн арваараа зэрэг тохиолдоно л гэсэн үг шүү дээ.

Ташрамд дурдахад манай Одон орон, геофизикийн хүрээлэн наймдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн хүмүүсийн лекц, тайлбартайгаар, тусгайлан зориулж бэлдсэн газар солирын бороо үзэх үзвэр зохион байгуулна. Тэнд маш тод харагдахаас гадна бидний сонирхолтой тайлбарын дор танин мэдэхүйн хүрээгээ тэлж, давхар агаар салхинд амарч, алжаалаа тайлаад ирэх боломжтой.

Хамгийн ихдээ нэг секундэд 79 км-ын хурдтай нисэн орж ирдэг солирын биетүүд ийн дэлхийн агаар мандлыг нэвтлэхдээ үрэлтийн хүчний улмаас шатдаг байна. Цөөн хэд нь шатаж дуусалгүй, том хэлбэрээр газарт унадаг бол ихэнх нь шатсаар маш жижгэрдэг, эсвэл алга болдог ажээ. “Perseid” одны аймгийн солирын бороо барууныхны хувьд эчнээ танил юм байна. Тэд жил бүрийн хамгийн тод үзэгдэх мөчлөгийг нь тааруулж, гэр бүл, найз нөхдийн аялал зугаалгаа зохион байгуулдаг уламжлалтай аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button