ЯРИЛЦЛАГА

Г.Батнэмэх: Оюутнууд бие биеэсээ 1-1.5 метр зай барина, амны хаалтгүй оюутныг хичээлд оруулахгүй

БНХАУ-аас эхлэн дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс хойш манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хичээл сургуулийн үйл ажиллагааг хязгаарласан билээ. Нэг үгээр нэгдүгээр сарын 26-наас хойш ямар ч шатны боловсролын байгууллага танхимаар үйл ажиллагаа явуулаагүй.

Энэ дунд их, дээд сургуулиуд багтана. Сүүлийн нэг семестрийн хичээлээ тэд цахим хэлбэрээр явуулж, дуусгасан. Тэгвэл энэ есдүгээр сарын 1-нээс их, дээд сургуулиуд танхимаар хичээллэж эхлэх үү гэсэн асуулт иргэдийн дунд зүй ёсоор тавигдаад байв.

Ийнхүү уг асуудлаар УОК хуралдаж, саналаа Засгийн газарт оруулснаар есдүгээр сарын 1-нээс бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэр гарсан. Засаг солигдож, шинэ сайд Л.Цэдэвсүрэнгийн удирдлага дор ажиллаж эхэлсэн Боловсрол, шинжлэх ухааны яам энэ чиглэлд ямар бодлого баримтлах нь сонин байв.

Бид энэ удаад их, дээд сургууль тойрсон асуудлаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхтэй ярилцсанаа хүргэе.

-СЕМИНАРЫН ТАНХИМД ДЭЭД ТАЛ НЬ 20 ОЮУТАН БАЙНА-

-Засгийн газар есдүгээр сарын 1-нээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нь зөв гэж үзлээ. Их, дээд сургуулиудын  хувьд хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч, бүх шатны боловсролын байгууллагуудыг үе шаттайгаар нээх эсэх, үүнийг хэрхэн зохион байгуулах боломжтойг судалсан. Ажлын хэсэгт БШУЯ, ХНХЯ, Сангийн яам, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ зэрэг байгууллагууд багтсан. Ингээд судалгааны үр дүнгээ танилцуулснаар Засгийн газрын 32-р тогтоол гарсан. Үүгээр дээр хэлсний дагуу бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагаах эхлүүлэх, гэхдээ үе шаттайгаар эхлүүлэх тогтоол гарсан юм.

Ингээд үүнтэй холбогдуулж БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгийн А201 тоот тушаал гарсан. Үүгээр их, дээд сургуулиудын үйл ажиллагааг болон дотуур байрны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх зэрэг асуудлыг зохицуулах түр журам батлагдсан.

-Энэхүү түр журамд заагдсан онцлох чиглэлүүдийг дурдвал?

-Их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ, гэхдээ лекцээр. Харин аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллэж эхлэхээр болсон. Энэ нь семинар болон лабораторийн хичээл гэсэн үг. Олон нийтийн дунд их, дээд сургуулиудыг аравдугаар сарын 5-наас хичээллэж эхэлнэ гэх ойлголт түгсэн нь ташаа юм. Лекцийн хичээл цахимаар, есдүгээр сарын 1-нээс орж эхэлнэ гэдгийн онцлон сануулмаар байна.

Мөн түүнчлэн танхимын хичээлийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой чиглэлүүд тусгагдсан байгаа. Суралцагчдын тооны хувьд семинарын хичээлд дээд тал нь 40, лабораторийн хичээлд дээд тал нь 20 сурагч байж болно гэж заасан. Үүнд 1-1.5 метр хүн хоорондын зай баримтлах, тэмдэг тэмдэглэгээ байршуулах шаардлага тавьж байгаа. Оюутнууд заавал амны хаалт зүүнэ, тэднийг орж гарахад нь халуун үзнэ. Гар ариутгах бодисыг шаардлагатай бүх цэгүүдэд байршуулсан байна гэхчлэн чиглэлүүд тусгагдсан.

-Дотуур байрны үйл ажиллагааг ямар зохицуулалтаар эхлүүлэх вэ?

-Дотуур байруудад 21.00 цагаас хойш хөдөлгөөн хязгаарлана. Хөдөө, орон нутгаас оюутнууд орж ирэхээс өмнө дотуур байруудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийсэн байна.

Мөн оюутнуудтай эцэг эх, асран хамгаалагчид нь ирж уулзах үед урьдчилж гаргасан хуваарийн дагуу уулзуулна. Ариун цэврийн өрөөнд дараалал, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс хүн хоорондын зайг баримтлуулах шалны тэмдэг, тэмдэглэгээг байршуулна.

Хэрэв халдварын шинж тэмдэг илэрвэл дотуур байрны эмч, багш нарт нэн даруй хандах ба тусгаарлах байр бэлдсэн байх ёстой.

-ӨНГӨРӨГЧ СЕМЕСТРИЙН ЦАХИМ ЛЕКЦҮҮД ЧАНАРЫН СТАНДАРТ ХАНГАСАН-

-Энэ түр журамд хэрэгжих хугацаа заагдсан уу?

-Хугацаа байхгүй. Учир нь өндөржүүлсэн бэлэн байдал хэзээ хүртэл үргэлжлэхийг урьдчилан таашгүй.  

-Лекцийн хичээлийн агуулга, чанарын шаардлагын асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Өнгөрөгч хаврын семестэрт лекцийн хичээлд шүүмжлэлтэй хандах оюутнууд цөөнгүй байсан шүү дээ?

-2002 онд анх “Зайн сургалтын үндэсний хөтөлбөр” гэж гарсан. Үүнээс хойш их, дээд сургуулиудын хичээл тодорхой хэмжээнд цахим хэлбэрт шилжиж эхэлсэн байлаа. Иймд ЕБС-иудтай харьцуулахад тийм ч цоо шинэ хүндрэл тулгараагүй гэж болно.

Бид оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авсан. Лекцийн хичээлийн агуулга, хүртээмжийн тухайд 80 гаруй хувь нь эерэг үнэлгээ өгсөн. Мөн төрийн өмчийн таван их сургуулийн оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авахад мөн 80 гаруй хувьтай эерэг үнэлгээ гарсан. Иймд өнгөрөгч хаврын семестрийн хичээлийн чанарын стандарт хангагджээ гэж дүгнэж болохоор байна.

-Их, дээд сургуулиуд шинэ элсэгчдийн бүртгэлээ цахимаар явуулж байна. Зарим оюутнуудын хувьд сургууль дээр биечлэн ирж бүртгэлээ баталгаажуулах ёстой гэсэн ойлголт байна?

-Биечлэн ирж бүртгүүлнэ гэдэг асуудал байхгүй. Бүх бүртгэл цахимаар явагдах ёстой. Мөн хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй. Өөрөөр хэлбэл танхимын хичээл эхлэхээс өмнө сургууль дээр ямар нэг олон хүний бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй. Би саяхан МУИС болон ХААИС-ийн сайт руу орж харахад шинэ элсэгчдэдээ зориулан тусгайлсан хуудас гаргасан байна. Үүнд нь биечлэн ирэх шаардлагагүйгээр бүртгүүлэх, мэдээ мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн байна билээ.

-БҮХ БҮРТГЭЛ ЦАХИМААР ХИЙГДЭНЭ-

-Дотуур байрны бүртгэлийг ч мөн цахимаар хийх үү?

-Тийм.

-Дотуур байрны нэг өрөөнд хуваарилагдах оюутны тоонд өөрчлөлт  орсон уу?

-Үгүй, авдаг тоогоороо авна.

-Хөдөө орон нутаг, ондоо газруудаас ирсэн оюутнууд дотуур байранд цуглардаг. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавих уу?

-Тавина. Үүн дээр Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан шийдвэр бий. Тодруулбал дотуур байранд хамрагдах оюутнуудыг харьяа эмнэлгүүддээ эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, уг бичгээ авчрах шаардлагыг тавьж байгаа. Үүнээс гадна дотуур байранд орж, гарч буй бүх хүний халууныг үзнэ, оюутнуудад заавал амны хаалт зүүлгэнэ.

-Танхимын хичээл эхэлснээр оюутнууд хэсэг бүлгээрээ нийлж гадуур гарцгаах, улмаар хүний бөөгнөрөл үүсгэх асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Үүн дээр Монголын оюутны холбоотой хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Тэгэхээр амны хаалтгүй ирсэн оюутныг хичээлд оруулахгүй гэж ойлгож болох уу?

-Болно.

 Ярилцлагын төгсгөлд тэрбээр энэ жил төрийн өмчийн их дээд сургуулиудын төлбөр НЭМЭГДЭЭГҮЙ гэдгийн онцлон дурдлаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Дотуур байранд оюутнууд хоолоо хииж идэхдээ 2 м-иин зай барина. Унтахдаа амны ха####таа авч блохгүй. Баачихаад ариутг####ын бодисоор ########өө арчина. Хичээл дээрээ мөн зай барьж, бээлии өмсөнө. Сургуулиин гуанз ажиллахгүй.

  2. зай барих нөхцөл огт хангагдаагүй б.а!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ха####га үүдүүдийн ариутг####, зах,худ####даанй байгууллагын хүний бөөгнөрөл үүсэлт ихсэх нь тодорхоой.оютны гуанз,г#### тогоо,бие засах газар.гол нь бүх сургуулиудын

  3. Зүгээр л хичээл оруулахаа больчих л доо. Д####имдуулж бизнес хийх гээд байх юмаа. Ялангуяа хувийн сургуулиудыг дэмжсэн бодлого яваад байна.

  4. ДОТРОО ####даагүй байгаагаа ашиглаад БҮХ шатны сургуулиудын хичээлийг бүрэн хэмжээгээр 6 хоногийн бүрэн ача########тай, анги хува####гүй явуулаач. ОДОО сүржигнэх хэрэг ####га. ЯАСАН СҮЗРЖИГНҮҮР зан нь ХЭТЭРсэн хүмүүс вэ???

  5. Амьдр####аас тасархай юм хийж байгаагаа мэдэрдэггүй байхгүй юу өөрсдөө бидний амьдр####аас тасарчихсан улсууд ямар явснаа одоо бол сайн санахгүй л дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button