БОЛОВСРОЛНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

ФОТО: Дарьганга мөнгөн урлалын “Нандин өв” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулагдсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон  чамин нарийн ур  хийц бүхий  мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейтэй хамтран олон нийтэд толилуулж байна.  

XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван алдартай уран дархчууд төрөн гарчээ. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар зэрэг дарханы шилдэг бүтээлүүд хадгалагдаж, олны хүртээл болж байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт”  өвөөр бүртгэгдэн үзэгч олны мэлмийг мялааж байна.  

Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.

Сүхбаатар аймгийн Угсаатан зүйн музейн боловсролын ажилтан Г.Одонцэцэг:

-Сүхбаатар аймгийн Дарьганга урчуудын бүтээлээр <<Нандин өв>> нэртэй үзэсгэлэн гарч байна. Долоодугаар сарын 19 буюу өнөөдрөөс хойш 14 хоногийн турш Монголын Үндэсний Түүхийн музейд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Ихэвчлэн 19, 20-р зууны үеийн бүтээлүүд тавигдсан. Эдгээр бүтээлүүд нь маш их шүр ордог, мөнгөний хийц нь дахин давтагдашгүй байдгаараа онцлогтой. Хийц нь их нарийн байдаг. Ухаж, цохиж хийдэг, ерөөс цутгуур ордоггүй. Манай музейд хоёр хосгүй өв бий. Юугаар ч үнэлшгүй гэсэн үг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button