Нийгмийн

“Эрдэнэс Метан” ХХК эрлийнхээ үр дүнг “Эрдэнэс Тавантолгой”-д хүлээлгэн өгөв

"Эрдэнэс Монгол” нэгдлийн стратегийг солонгоруулж буй нэг өнгө нь уул уурхайн хайгуулын салбар. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үүрэг, оролцоо өндөр бөгөөд уул уурхайн салбараас гадна эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг хөдөлгөж, олон тулгуурт эдийн засгийн бааз суурийг бий болгохоор ажиллаж байна. Тодруулбал, охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр, уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.  

“Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8-н цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Таван толгой” ХХК-д хүлээлгэн өгчээ. Энэ нь Таван толгойн бүлэг ордын нүүрс хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ч хэмнэлттэй, хөрөнгө мөнгө хэмнэх чухал ач холбогдолтой юм байна. “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Бид Тавантолгойн бүлэг ордын метан хийн хайгуул хийж эхлэх гэж байна. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дараагийн шатны ажил болох бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажлаа эхлүүлсэн. Хууль эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэснээр манай компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж буй анхны төрийн өмчийн компани болно” гэв.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Метан” ХХК нь 2019 онд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэж, нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий 8-н цооног өрөмдөж, эрлийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Эрлийн ажлын үр дүнгийн тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газрын Техникийн зөвлөлөөр дүгнүүлсэн бөгөөд энэ онд Монгол Улсын Засгийн газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхээ авч, хайгуулын ажлыг эхлүүлэх юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button