Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: KFC сүлжээ рестораны хоолонд иргэд хордон, “Интермэд” эмнэлэгт эмчлүүлсэн үү

Сүүлийн хэд хоног сошиал орчин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түргэн хоолны KFC сүлжээ ресторануудаар үйлчлүүлсэн иргэдийн гэдэс өвдөж, гүйлгэсэн байдалтай “Интермэд” эмнэлгээр үйлчлүүлэх нь ихэссэн гэх мэдээллүүд цацагдсан. Зөвхөн сүүлийн өдрүүдэд ч гэлтгүй тус түргэн хоолны сүлжээг тойрсон асуудлууд хэд хэдэн удаа гарч байсныг уншигчид сайн мэднэ.

Жишээ дурдахад, өнгөрсөн жилийн гуравдугаар сард KFC рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон билээ. Үүний улмаас ХӨСҮТ-д 150 гаруй иргэн хандсанаас 42 нь хэвтэн эмчлүүлж, хөнгөвтөр шинж тэмдэгтэй иргэд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн байдаг.

-KFC-ГИЙН СЭТ ХООЛЫГ ИДЭЭД ЗЭЭ ОХИНЫ МААНЬ ГЭДЭС ӨВДӨЖ, ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН-

Харин саяхнаас мөн л хордлого авлаа, үүнээс болж эмнэлэгт хэвтэн эмчлүүллээ гэх иргэдийн гомдол, сэтгэгдэл сошиал сүлжээнд олшров. Түүнчлэн эхэнд дурдсанаар, KFC сүлжээ рестораны хоолыг идээд хордсон иргэд "Интермэд” эмнэлэгт олноор хэвтэн эмчлүүлж буй гэгдэж байна. Бид иргэдийг төөрөгдүүлээд буй тус асуудалд хариулт хайх, үнэнийг мэдээлэх үүднээс дараах сурвалжилгаа бэлтгэлээ. Сошиалд анх мэдээлэл бичсэн хижээл насны нэгэн эрхэмтэй холбогдож, зарим зүйлсийг тодрууллаа. /Тэрбээр өөрийн нэрийг нууцлахыг хүссэн юм/.

-Бид таны сошиалд бичсэн мэдээллийн дагуу зарим зүйлийг тодруулах гэсэн юм. Та өнгөрөгч амралтын өдрүүдэд зээ охинтойгоо KFC сүлжээ рестораны хоолыг гэртээ захиалж идсэний дараа хорлогын шинж тэмдэг илэрсэн гэсэн?

-Тийм ээ. Наймдугаар сарын 22-нд зээгийнхээ хамт гэртээ амарч байхдаа хүргэлтээр KFC-гийн сэт хоолыг захиалж идсэн. Идсэн өдрийнх нь оройноос эхлэн зээ охины /8 настай/ маань гэдэс өвдөж, гүйлгэж эхэлсэн. Мөн бөөлжис нь хүрээд байна гэхээр нь шингэн зүйл уулгаад даваа гарагийн өглөө “Интермэд” эмнэлэгт үзүүлсэн.

-Онош нь гарсан уу?

-Шаардлагатай шинжилгээг авсны дараа онош баталгаажна гэсэн. Одоогоор хоолноос хордсон гэж таамаглахаас өөр зүйл алга. KFC идсэний дараа зээгийн маань гэдэс өвдөж, гүйлгэж эхэлсэн болохоор тэгж бодсон. Биднийг очиход тус рестораны хоолыг идсэн гэх ижил шинж тэмдэгтэй хүүхэд үзүүлж байна билээ.

-Одоо хүүхдийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?

-Хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Анх ирснээ бодоход бие нь дээрдсэн.

-Та өмнө нь KFC-гийн хоолыг идэж байсан уу?

-Олон биш ч хааяа захиалж иддэг байсан. Түргэн хоол учраас олон бол идэхгүй шүү дээ. Гэхдээ одоо бол идэх хоолоо маш болгоомжтой сонгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Ялангуяа бага насны хүүхдэд тохирохгүй бололтой.


Тайлбар: Твиттер орчин дахь жиргээ
Тайлбар: Твиттер орчин дахь жиргээ

-ИНТЕРМЭД: ТИЙМ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ -

Энэ мэт хэд хэдэн хэрэглэгчид дараах асуудлыг хэлцгээж байсан тул “Интермэд” эмнэлгийн Маркетингийн албаны ажилтантай холбогдож энэ талаар тодруулахад:

“Тухайн мэдээллийг хэлэхийн тулд өвчтөний хувийн мэдээлэл, өвчний түүхийг харах хэрэгтэй. Гэвч өвчтөний мэдээлэл, өвчний түүхийг задруулах нь хориотой байдаг. Хэрэв сэжиг бүхий хордлогын шинж тэмдэгтэй хүмүүс олширвол хүлээн авах төвөөс бидэнд мэдэгддэг.

Гэхдээ тийм мэдээлэл ирээгүй. Тиймээс та бүхэн тухайн асуудалд орсон хохирогч байвал түүнээс зөвшөөрөл аваад мэдээлэл авсан нь дээр” гэв.

-ТҮРГЭН ТУСЛАМЖ: KFC-ГИЙН ХООЛОНД ХОРДСОН ГЭХ ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЭГҮЙ-

Мөн KFC сүлжээ рестораны хоолыг идээд хордсон иргэд хандаж байгаа эсэхийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмч Б.Батзулаас тодруулав. Тэрбээр хэлэхдээ:

“Яг KFC идээд хордсон гэсэн иргэд манайд хандаагүй байна. Харин улирлын чанартай дуудлага болон бусад өвчлөлөөр иргэд хандаж байгаа” гэв.

-МХЕГ: KFC-ТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ГАРААГҮЙ-

Иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр Мэргэжлийн хяналтын газраас тухайн сүлжээ ресторантай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийсэн эсэх тухай асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дариймаагаас тодруулахад:

"Тухайн байгууллагатай холбоотой асуудлаар өнгөрсөн зургаадугаар сард иймэрхүү асуудал яригдаж байсан. Гэхдээ тухайн асуудал нь шинжилгээгээр хордлого биш гэсэн хариу гарсан. Сүүлд дахин ийм зүйл болсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр гарсан бол тухайн иргэн шинжилгээ хийлгээд, хордлого болох нь нотлогдож албан ёсоор гомдлоо гаргаад, санал хүсэлтээ гаргавал мэргэжилтнүүд хяналт шалгалтын ажиллагааг хийдэг.

Ихэнх хяналт шалгалт нь иргэдийн санал гомдол дээр суурилдаг. Гэхдээ манайхаас тодорхой хугацааны давтамжтай гэнэтийн хяналт шалтгалтыг хийдэг. Түүнээс биш сошиал сүлжээгээр явсан мэдээлэлд суурилж шалгалт явуулах боломжгүй” гэлээ.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ: ХЭРЭВ ҮНЭХЭЭР АСУУДАЛ ГАРВАЛ, ГЭР БҮЛИЙН ХАМТ ХЭСЭГ ХУГАЦААНД ТУС РЕСТОРАНААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАНА-

Биднийг 16:00 цагийн үед Зайсангийн KFC рестораны салбар руу ороход үйлчилгээ авах иргэдийн хөл хөдөлгөөн их, хоол авах дарааллаа хүлээсэн иргэд олон харагдав. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь оюутан залуус байсан бол, мэр сэр бага насны хүүхдүүд харагдав. Бид хооллож байсан залуусын нэг болох иргэн Ж.Б /28 настай/ эрэгтэйтэй ярилцлаа.

-Та KFC ресторанаар хэр их үйлчлүүлдэг вэ?

-Гэртэй ойрхон бас дуртай болохоор долоо хоногийн 2-3 өдөр эндхийн бургерийг идэх гэж орж ирдэг. Үйлчилгээ, амт чанар сайтай болохоор үйлчлүүлэхэд их амар байдаг л даа.

-Тухайн рестораны хоолыг идсэний дараа таны гэдэс эвгүйрхэх ч юм уу, таагүй шинж тэмдэг илэрч байв уу?

-Гайгүй л байдаг. Хэрвээ гэдэс өвддөг бол тэгж их үйлчлүүлэхгүй шүү дээ.

-KFC-тэй холбоотой сөрөг мэдээ мэдээлэл, иргэд хордсон мэдээллийг сонссон уу?

-Сонсож байсан. Зарим нь байгууллагын эсрэг хар пи-ар хийж байж болох шүү дээ. Хүмүүст сонголт нь байгаа. Хэн ч ид гэж шахаагүй. Тиймээс өөрсдийнх нь мэдэх асуудал байх.

Харин тус ресторанд хүүгийн хамт хооллож байсан иргэн 41 настай эрэгтэй хэлэхдээ:

KFC –гийн сурталчилгаа, маркетинг үнэхээр сайн. Энэ нь хүүхдүүдийг маш ихээр татдаг. Тийм ч учраас хүүхдүүд маань KFC орьё гэж их гуйдаг. Хэрэв үнэхээр тийм нөхцөл тохиолдвол манай гэр бүл хэсэгтээ татгалзана гэж бодож байна. Гаргасан алдаагаа засаад, үйл ажиллагаагаа стандартын дагуу явагдаж байгаагаа олон нийтэд нээлттэй байлгаж чадвал хүүхдүүдээ дагаад л дахиад очно доо.


-ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ-

Мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн байр суурьнаас дүгнэхэд сошиал сүлжээгээр хөвөрч байгаа асуудал эргэлзээтэй хэвээр үлдэв. Хэдий тийм ч “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг үг бий. Мэдээж иргэд сошиал сүлжээнд тулгамдаж буй асуудлаа учирлаж байгаа нь оргүй биш ортой. Бүхий л зүйлс Зөрчлийн хуулиар шийдэгдэж, санаатай болон санамсаргүй торгуулдаг болсон өнөө цагт ор худал гүтгэлгийн чанартай мэдээлэл бичих нь цөөн.

Яалт ч үгүй Улаанбаатар хотод хамгийн их салбартай, олонд танигдсан ресторан тул тухайн байгууллагаар үйлчлүүлэх иргэд их, түүнийгээ дагаад эрсдэл өндөртэйд тооцогдох бизнес. Тэгэхээр байгууллагын зүгээс эрсдэл бүрийг тооцож, энэ мэт иргэдийнхээ санал гомдлыг сонсож бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч ажиллавал, хэн хэндээ халгүй билээ. Ходоод хогийн сав биш тул хоолтой холбоотой асуудал бүрт илүү нухацтай хандацгаая.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button