Сурвалжилга, Нийтлэл

Эрсдэл бий ч мөнгөн хонх ЦАХИМААР ЖИНГЭНЭЛЭЭ

Өнөөдөр сургуулиудын гадна талбайд хонх жингэнэдэг. А үсэг анхлан заалгахаар анх удаа сургуулийн босго алхаж буй бяцхан жаал, 12-р анги төгсөж их сургуулийн оюутан болохын өмнөхөн ирсэн ахлах ангийн ахтайгаа хөтлөлцөж, мөнгөн хонхоо жингэнүүлж, хичээлийн нэгэн шинэ жил эхэлснийг мэдэгддэг.

Харин энэ удаа хонх цахимаар жингэнэнэ. Цар тахлын үед халдвар тархах эрсдэлтэй гэгдэж буй ийм нөхцөл байдалд, хичээлийн шинэ жилийн нээлтийг цахимаар явуулах шийдвэр гарсан. Харин хичээл гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хэлбэрээр явагдах юм. Ботгон нүдэлсэн сурагчид урт үргэлжилсэн хөл хорионы дараа ийн сургуулийнхаа босгыг давах нь, тэд догдолж суугаа байх даа.


Сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан нэгдүгээр сарын 26-ны өдөр хүүхдүүд ийм удаан гэртээ сууна гэж төсөөлөөгүй байх. Урд хөршид анхлан дэгдсэн, анагаах ухааны түүхэнд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн вирус, “Covid-19” тархах эрсдэл маш өндөр тул ийн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон. Нэг мэдэхэд ангийнхантайгаа, багш нартайгаа эрдмийн өргөөн дээрээ уулзахаас алслан тусгаарлагдсан сурагчид чилийсэн хагас жил гаруйн хугацааг гэртээ үдлээ.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Тэд сүүлийн улирлын хичээлээ бүтэн теле хэлбэрээр үзэж, онлайнаар шалгалтаа өгч төгссөн. Нэгдүгээр ангийн сурагчид 35 үсгээ ч үзэж дуусалгүй хөл хорионд орсон бол 12-р анги төгсөж, элсэлтийн шалгалт өгөх сурагчид ч амин чухал давтлага, хичээлдээ хамрагдаж чадалгүй гэртээ өнжих шаардлагатай тулгарсан. Гэнэт үүссэн нөхцөл байдал хаана, хаанаа хүндрэл үүсгэж, хамгийн гол нь сурагчдын боловсрол, хичээлийн агуулга өм цөм дутах, хөтөлбөрөөсөө хоцрох асуудал зайлшгүй бий болсон. Тийм ч учраас хүүхдүүдийнхээ тасралтгүй үргэлжлэх учиртай сурч, боловсрох процесст санаа зовниж, “Энэ есдүгээр сарын 1-нээс сургуулиуд танхимаар хичээллэж эхлэх байлгүй дээ” хэмээн өөр зуураа ярилцах болоод байв.

Харин БШУЯ-наас холбогдох судалгааг хийсний үндсэн дээр хичээл, сургуулийн үйл ажиллагааг  нээе, гэхдээ үе шаттайгаар нээе гэдэг шийдэлд хүрсэн. Ийн таван өдрийн гуравт нь танхимаар, хоёрт нь теле хэлбэрээр хичээллэх шийд гарсан. Хэрэв цар тахлын нөхцөл байдал намжмал хэвээр үргэлжилбэл энэ журмыг цааш тэлэх эсэх асуудлыг ярих юм.

ЭМЯ-наас манай улсад халдвар тархах хамгийн эрсдэлт үе нь аравдугаар сар гэж зарласан. Хэдий хүн ам дотроо халдварын алдаагүй ч, алдахгүй гэх баталгаа бага. хэрэв алдвал өвчтнүүдийг тусгаарлан эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрэлцээ дэндүү муу гэдгийг шинэ ЭМЯ-ны сайд ч онцлон дурдаад буй.

Олон зүйл тодорхойгүй, баталгаагүй, таамаг төдий хэвээр байгаа ч есдүгээр сарын 1-нд хонх жингэнэлээ. “Таван өдрийн гуравт нь халдвар аваад, хоёрт нь авахгүй юм уу?” гэж шинэ журмыг шүүмжлэх эцэг, эхчүүд ч цөөнгүй бий. Сурагчдын сурч, боловсрох үйл явцыг удаан хугацаанд чанаргүй байдлаар явуулж, тасалдуулахгүйн тулд ямартай ч ийм шийдвэр хэрэгжиж эхэллээ. Нэг ийм хэлбэрээр сурагчид  нэг хэсэг үзэж тарах нь. Цаашид журам улам тэлэх үү, эсвэл улам чангарах уу, аль эсвэл бүх шатны хичээл, сургуулийн үйл ажиллагаа дахин хаагдах уу гэдгийг цаг хугацаа л харуулах болж байна.

Энэ цаг үед хүүхдүүдийнхээ боловсрол хийгээд эрүүл мэндийн амин чухал асуудалд эцэг эхчүүдийг оролцоо хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй. Хичээлийг нь хийлцэж, чаддаг мэддэгээ хуваалцаж, багш нартай нь нягт холбоотой байж, цаашлаад хүүхдийнхээ дархлааг дэмжин, амны хаалтыг нь тогтмол зүүлгэж, гараа ариутгадаг дадалд сургах нь чухал юм шүү.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button