Ч.Хүрэлбаатар: Дэлхийн банкнаас 20 сая ам.долларын зээл авахаар боллоо

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нар цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
-А.АРИУНЗАЯА: ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЯДУУ БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН-
Энэ үеэр сэтгүүлчид ХНХ-ийн сайд А.Ариунзаяагаас дараах асуултад хариулт авлаа.
-20 сая ам.доллар юунд зарцуулагдаж, хэн хяналт тавих вэ?
-20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь манайд хэрэгжиж байгаа төслийн үргэлжлэл юм. Тухайлбал, “Ковид-19”-тэй холбоотойгоор ААН-үүдэд ажилгүйдлийн тэтгэмж, НДШ-ээс чөлөөлөх гэх мэт тэтгэмжүүдэд хамгийн түрүүнд зарцуулагдана. Дэлхийн банк манай улсын хамгийн том хамтрагч байгууллага. Ядуурлын түвшний судалгаанд дээр хамтарч ажилладаг. Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа судалгаа гарсан. Тэр дундаа хүүхэд залуучуудын эзлэх хувь маш өндөр байдаг. Манай яам ирэх дөрвөн жил халамжаас-хөдөлмөр лүү шилжих том зорилтыг тавьсан. Үйлчлүүлэгч төвтэй байх зорилтын хүрээнд өнөөдрийн энэ хөрөнгийг зарцуулна. Үр шимийг хүртэгч нь Монголчууд. Тэр дундаа нэн ядуу иргэд, залуучууд орно. Ажил олгогч, ажилтан хоёрыг холбосон платформыг нэвтрүүлнэ.
-Ч.ХҮРЭЛБААТАР: ХОЁР ИХ НАЯДААР ЗЭЭЛ ТӨЛНӨ-
-Өнөөдөр Дэлхийн банктай хоёр бичиг баримтад гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, буцалтгүй тусламж. Энэ нь коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан тэмцэлдэж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зориулж, 1 сая долларын буцалтгүй тусламж авахад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, 20 сая ам.долларын зээл. Жилийн 1.25 хувийн хүүтэй. 30 жилийн хугацаанд төлөгдөнө. Эхний таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөх ийм зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Өндөр хүүтэй бондын зээл авахгүйгээр ийм арга хэлбэрүүдийг эрэлхийлж явсан” гэлээ.
-Зээл, тусламж аваад л байна. Өмнөх зээлүүдийн эргэн төлөлт юу болж байгаа вэ?
-Сая батлагдсан төсвийн тодотгол дээр нийтдээ ХОЁР их наяд төгрөгөөр зээлийн төлбөрүүд төлөгдөж байгаа. Нэгдүгээрт, 2021 онд Мазаалай тэргүүтэй өмнө нь гаргасан бондууд бий. Хоёрдугаарт, 1991 оноос хойш авч хэрэгжүүлсэн зээлүүдийн хүүнд нь гарч байгаа.
-Цар тахлын үед манай улс нийт хэчнээн байгууллагаас зээл, тусламж авч байгаа вэ?
-“КОВИД-19”-н үед хамгийн хурдтайгаар тусалж байгаа нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС. Мөн БНХАУ, АНУ, Япон улс зэрэг бусад улс орнуудтай харилцаад ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.